Г.Баярсайхан: Миний хувьд 2012 он ялалтын жил байлаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2012.12.31

Г.Баярсайхан: Миний хувьд 2012 он ялалтын жил байлаа

-Танд уншигчдийнхаа өмнөөс шинэ оны мэнд хүргэе.

Нийт хүмүүст шинэ оны баярын мэнд хүргэе. 2013 он маань Монголчууд бидэнд өгөөжөө харамгүй өгөх байх аа. Улс орны маань хөгжил дэвшил хурдацтай хөгжиж, дэлхийд Монгол улс тоогдож эхэлж байна. Өвөг дээдсээс үлдээсэн энэ их баялгийн ачаар манай улсын эдийн засгийн өсөлт өндөр байна.

Цаашид бидний ирээдүй улам гэрэлтэх болно. 2012 оныхоо энэ эрчээр 2013 онд амжил гаргаарай. Мөн хамгийн чухал эрүүл мэнд байгаарай. Эрүүл байвал мянган хэргийг ч бүтээнэ. Эрүүл хүнээс өгөөмөр сайхан сэтгэл гарна. Эрүүл хүнээс сайхан ааштай байдаг, эрүүл хүн хүнд тусалдаг. Эрүүл энхийг хүсэн ерөөе.

-Энэ жил таны хувьд ямар жил байв аа?

Миний хувьд ялалтын жил байсан. Улсын Их хурлын сонгуульд хоёр дах удаагаа сонгогдсон. Энэ их итгэлийг хүлээсэн учир би эргүүлээд ард түмэндээ ихийг хийж бүтээнэ. Манай байнгын хорооны хийсэн чухал ажлуудаас хэлэхэд бид хүнсний тухай хуулийг батлан гаргасан. Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг батлан гаргалаа.

Энэ хууль асар их ач холбогдолтой. Монголчууд эрүүл, баталгаатай бүтээгдэхүүн, хүнс хэрэглэх эрхтэй. Хүнсний хуулиас гадна гурван жил яригдсан ХДХВ/ДОХ-ын хуулийг хүний эрх дээр суурилан баталлаа.