Г.Шийлэгдамба: Монголын нийгэм эмэгтэй ерөнхийлөгчийг хүлээж байна
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.05.13

Г.Шийлэгдамба: Монголын нийгэм эмэгтэй ерөнхийлөгчийг хүлээж байна

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Танай намын Бага чуулганы хуралдаан хэр ардчилалтай болов. Орон нутаг, нийслэлийн төлөө­лөл оролцож чадав уу. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай  таван хүний олонхи нь яагаад нэрээ татав?

МАХН-ын Бага чуул­ганы хуралдаан  өөрийн онцлогтой. Намын дотоод ардчилал энэ хурлаас илүү тод харагддаг. Хэнд ч гэсэн аливаа асуудалд өөр өнцгөөс хандаж санал бодлоо илэрхийлэх, няцаах, нотлох эрх бий. Эцэст нь зөвхөн олонхийн саналаар  асуудлыг шийд­дэг.

Ийм л зарчмаар Бага чуулганы  хуралдаан болж өнгөрлөө. Зарим хэв­лэ­лийнхний тодорхойл­до­гоор халуухан уур амьсгал хуралдааны зарим үед гарч байсныг нуух юун. Гишүүд өөрийн байр суу­риа гарган тавьж, шаард­лагатай гэвэл асуудлаа нотлох зэрэг ихээхэн ард­чилсан уур амьсгалтай оролцлоо.

Бага чуул­ганы­хаа хэлэлцэх асуудлын хүрээнд юу байв гэхээр нэр дэвшигчтэй холбоотой зүйл байсан. Өмнө болсон Бага чуулганы хурал­даанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүхий таван хүнийг тодруулсан байдаг.

Энэ хүмүүс маань орон нутаг, төв суурин газруу­даар бүсчилсэн зохион байгуулалтайгаар “Шу­дар­га ёс” аянг өрнүүлэхэд оролцож,  тодорхой  сэд­вээр илтгэл тавин хэлэл­цүүлж ард иргэдийнхээ санаа бодлыг сонсч ажил­ласан.

Бага чуулганы хуралдааны үеэр намын зарим гишүүн “МАН-ыг дэмжиж оролцъё” гэсэн байр суу­рийг хүчтэй илэрхийлсэн.

“Шударга ёсны аян” бол манай намын хувьд чухал арга хэмжээ болж өнгөрсөн гэхэд бол­но. Аяны хүрээнд  таван хүнийхээ рейтингийн судалгааг хийхэд Эрүүл мэндийн сайд Н.Удвал манлайлсан. Судалгааны дүн адил Бага чуулганы гишүүд ч гэсэн түүнийг нэр дэвших ёстой гэж хүндтэй болоод хариуц­лагатай үүрэг даалгаврыг өгсөн.

Ер нь МАХН өөрөө улс төрийн гуравдагч хүчин. Бидний явуулж байгаа үйл ажиллагаа,  гаргаж байгаа шийдэл, эзэлж байгаа орон зайны хувьд Монголын ард түмэн улс төрийн шинэ орон зай бий болгохоор ажилладаг нам гэж ойл­годог.

Тухайлбал, бидний шударга ёсны төлөөх аян энэ орон зайг илтгэж байгаа байх. Өмнө нь улс төрийн хоёр хүчин бүх асуудлыг шийддэг байсан бол одоо МАХН хэмээх улс төрийн шинэ орон зай аль хэдийнэ бий болжээ.

Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн өнгөрсөн үед зөвхөн МАН, АН гэсэн хоёр намын өрсөлдөөн  байсан бол өнөөдөр гуравдагч буюу МАХН бодитой, хүчтэй нам болж чадсан. Энэ орон зайгаа ашиглах цаашлаад хүчтэй улс төрийн хүчин гэдгээ батлах үүднээс Ерөн­хий­лөгчийн сонгуульд орол­цох нь зөв гэж шийдлээ. Тэр дундаа эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэхээр тогтсон нь МАХН-ын онцлог юм.

-”Шударга ёсэвс­лийн хувиар яагаад орол­цож болоогүй юм бэ. МҮАН-ынхантай энэ талаар яриагүй юм уу?

”Шударга ёс” эвсэл нь УИХ-ын сонгуулиар байгуулагдсан эвсэл. УИХ-ын сонгуульд эвсэж оролцсон ч гэлээ орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд  заавал эвсэх ёстой гэсэн ойлголт байхгүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар УИХ-д суудалтай нам бүр хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. МҮАН-д ч гэсэн энэ эрх нь бий. Даанч тэд энэ бололцоогоо ашиг­ласан­гүй. Харин гуравдагч хүчний орон зай болсон манай намын хувьд энэ эрхээ эдэлж байна. Ер нь МҮАН-тай эвсэх боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ заавал эвсэж оролцох албагүй  учраас үйл явдал нээлттэй байдлаар өрнөж байна.

-Улс төрийн намууд болоод иргэдийн дунд МАХН-аас нэр дэвших хамгийн боломжит хүн нь Шадар сайд Д.Тэрбиш­дагва гэх яриа хүчтэй байсан. УИХ-ын дэд дарга Л.Цогийг ч гэсэн  хүчтэй өрсөлдөгч болно гэх та­амаг байлаа. Тэд өөрсдөө нэрээ татсан уу?

Бид удирдлагынхаа төвшинд ярилцсан. Тал бүрээсээ ярилцаад Н.Уд­вал сайдыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Д.Тэрбишдагва даргын хувьд намаас нэр дэвших хамгийн өндөр болол­цоо­той хүн байсан. Гэвч тэр өөрөө нэрээ дэвшүүлэхээс татгалзсан.

МАХН-ын бага хурал боллоо

Шалтгаан нь Н.Энхбаяр даргын хүнд­рэл­тэй нөхцөл байдалд байгаа үед намын даргыг орлох хүний хувьд өөртөө хариуцлага хүлээхээр гаргасан шийдвэр болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, намын гишүүдэд удирдагч хүнийхээ үлгэр­лэх байдлыг харуулсан шийдвэр гаргасан байх.

Д.Тэрбишдагва сайд гэлтгүй Л.Цог, Ц.Цолмон, Ч.Улаан сайд улс төрийн соёл гаргаж эмэгтэй нэр дэвшигчээ дэмжсэн байх. Н.Удвал сайд бол намыг үүсгэн байгуулж, хүнд хэцүү цаг үед намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсны хувьд нэр дэвших үүрэг хариуцлага, хүндэтгэлийг хүлээх зүй ёсны эрхтэй.

-Хагас жилийн өмнөөс МАН-ын зүгээс Ерөнхий­лөгчийн сонгуульд МАХН-тай хамтарч орол­цох нь зөв гэсэн байр суурьтай байсан. Үүнийгээ танай Бага чуулганы ху­ралдаан болтол илэр­хийл­сэн. МАН-тай яагаад хамтарч оролцож болоогүй гэж?

Хамтран оролцох бо­ломж байсан. Бүр хамтрах нь зөв санал эсэхийг хүр­тэл шалгах ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Эцсийн шатанд тодорхой байр суурьт хүрч чадаагүй. Ийм учраас дангаараа оролцох нь зөв гэж үзлээ.

Бага чуулганы хуралдааны үеэр намын зарим гишүүн “МАН-ыг дэмжиж оролцъё” гэсэн байр суу­рийг хүчтэй илэрхийлсэн. Гэвч олонхи  нь дангаараа орохыг хүссэн юм. Ер нь тэгээд МАХН бол өөрийн орон зайгаа эзэлсэн улс төрийн хүчтэй өрсөлдөгч. Хэрэв бид парламентад суудалгүй байсан бол аль нэг намыг дэмжихээс аргагүй.

Тэгээд ч аль нэг бололцоотой гэсэн талд нь очоод наалдах нь улс тө­рийн байр суурийн хувьд тийм зохимжтой биш. Өөрөөр хэлбэл,  гуравдагч хүчнийхээ орон зайг аль нэг намд нааж болохгүй. Яагаад гэвэл ард түмний өөрсдийнх нь хүсэл, сонирхлоор бий болсон гуравдагч хүчин бол МАХН юм. Тэр ч утгаараа ард түмнийхээ итгэлээр УИХ болон орон нутгийн сонгуульд тодорхой ам­жилт үзүүлсэн нь ойлгомжтой.

-Бага чуулганы үеэр МАН-тай хамтран орол­цох тухай уриалга ирсэн гэх юм?

-Намын зарим гишүүн тэр уриалгыг уншиж та­нил­цуулж байсан ч олонхи хүлээж аваагүй. Дан­гаа­раа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж  тэр. Албан бус байдлаар улс төрийн хүрээнд МАН-тай хамтрах тухай яриа  байсан ч Бага чуулганы гишүүдийн олонхийн шийд­­вэр ийм нөхцөл байдалд хүргэж байна.

Бид санал хураалтаар нам бие дааж оролцох уу гэж санал хураахад олонхи нь дэмжсэн. Болж өнгөрсөн үйл явц хуулийн хүрээнд ардчиллынхаа зарчмын дагуу болсныг хэлэх хэрэгтэй. Бага чуулган эгзэгтэй цаг үед зүй ёсны шийдвэр гаргасан гэж хэлмээр байна.

-Монголын улс төрийн түүхэнд МАХН анх удаа эмэгтэй хүнийг нэр дэв­шүүллээ. Гэхдээ өрсөлдөг­чид хүчтэй байна. Санал хуваах цаашлаад ман­лайлах боломжтой гэж үзэж байна уу?

Төрийн тэргүүнийг Үндсэн хуульд хүйсээр ялгаж заагаагүй. Өмнөх түүхэнд ч гэсэн эмэгтэй нэр дэвшигч байсангүй. Гадаад ертөнцөд бол болж өнгөрдөг энгийн зүйл.

Манай намын гишүүдийн хувьд ийм шийдвэрийг гаргахдаа энэ талаас нь бодолцсон зүйл байгаа. Ер нь ард түмэн төрийн тэр­гүүнээ ямар хүн байгаасай гэж боддог юм бэ. Миний хувьд шударга хүн бай­гаасай гэж хүсдэг. Харин олон жил УИХ-д суу­чихсан, олон жил аль нэг намыг толгойлсон тийм улстөрч байх албагүй.

Олон жил эрх дархтай байсан хүмүүс чинь эргээд хэн нэгнийг хэлмэг­дүү­лэх, улс төрийн өшөө хон­зон авч байна уу гэж хар­даг. Энэ үзэгдэл сүүлийн жилүүдэд бий боллоо. Тиймээс Монголын ард түмэн айдастай амьдрал, эсвэл том намуудын хоорондын хүчтэй тэмцэл түүний үр ашгаас нийгэм, улс төрд нөлөөлдөг тогт­воргүй байдлаас залхаж байна шүү дээ.

Өнөөдөр Монголын нийгэм, эдийн засаг хүнд байна. Хоо­рондоо хагаралтай. Дээ­рээс нь гаднын нөлөөнд байгалийн баялгийнхаа улмаас автчихлаа. Ийм үед эмэгтэй нэр дэвшигчийг хүлээж авах сэтгэлзүйн болоод бусад талын бо­ломж бий гэж ойлгож байна.

-Нэр дэвшигч маань Эрүүл мэндийн сайдын албаа өгөх үү?

-Засгийн газрын ги­шүүн нь улс төрийн албан тушаал. Улс төрийн албан тушаалтан бүх шатны сон­гуульд оролцох бо­лолцоотой. Харин  төрийн албан хаагч байсан бол тодорхой хугацааны өмнө ажлаа өгсөн байх шаардлагатай байдаг юм.