МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.06.14

Манай нам шударга бус байдалд хамгийн их өртсөн

NBS телевизийн Блиц ярилцлагын цагт МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцлоо.

-Танай намын сонгуулийн сурталчилгааны тактикийг харахад энэ хоёр бяртай болохоор замбараагүй мөнгө гаргаад бид нар хоосон болохоор юм хийж чадахгүй байна гээд гомдоод байх юм. Үнэхээр тийм юм болоод байгаа юм уу?

-Сонгууль өөрөө шударга болох хэрэгтэй. Сонгууль шударга болохын тулд сурталчилгааны үйл ажиллагаа тэнцвэртэй байдлаар явагдах ёстой. Мөнгөтэй мөнгөгүйн хувьд мэдээж бодитой асуудал. Гэхдээ бид мөнгөгүй байна ч гэдэг юм уу эсвэл нөгөө хоёр нэр дэвшигч маань онгоцоор нисээд сурталчилгааныхаа үйл ажиллагааг явуулаад, бид дандаа машинаар яваад байна гэдэг талаасаа гомдоод байгаа асуудал алга.

Харин шударга бусаар сурталчилгааны материалуудыг нэг дор хураах олон талаас нь харвал өрсөлдөөний утгагүй ийм л байдал гараад байгаад нь гомдохоосоо илүү гайхширч байна. Сонгуульд өрсөлдөж байгаа учраас хэн нэгэн нь ялж л таарна. Энэ бол намуудын хүсэл сонирхлоор тодорхойлогдох зүйл биш, харин сонгогчдын сонголтоор эцэслэн шийдэгдэх ёстой. Харамсалтай нь үүнд нөлөөлөх увайгүй үйл ажиллагаанууд өрсөлдөгч намуудаас гарч байна.

-Танай нэр дэвшигч шударга байхдаа хүчтэй, шударга бусыг өөрчилье гээд хоёулаа л шударга ёс ярьдаг. Бие биендээ нааж авах гээд байгаа нь хэн нь шударга вэ гэдэгт  эргэлзэхэд хүргээд байна. Шударга л байцгаая гэж хашгирсан хэрнээ өрсөлдөгчөө шоронд суулгаад байгаа нь хэр шударга ёс вэ?

-Тэр бол шударга ёс биш л дээ. Шударга ёсыг өөрсөддөө наахыг улстөрчид эрмэлздэг. Шударга ёсыг тогтооно, би өөрөө шударга байна гэж хэлэхэд тийм хүнд биш. Аливаа зовлон бэрхшээлийг даван туулж буй хүмүүс шударга ёсны зарчим, үнэлэмж үнэ цэнийг нь илүү мэддэг учраас шударга ёсны төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаад байгаа.

Шударга ёсыг улс төрийн бусад намууд хэр сайн сахиж шударга байж чадсан бэ гэхээр зөвхөн нэг хүнтэй хамаатуулж ойлгох зүйл байхгүй. Өнөөгийн нэр дэвшигчдийн ард ямар баг байна гээд хүн болгоноор нь гаргаад ирвэл тэр хүн шударга эсэхийг сонгогчид дүгнэнэ. Манай нэр дэвшигчийг бас тэгж харах ёстой.

-Шударга ёсыг нийгмийн бүхий л хүрээнд төлөвшүүлнэ бараг хэвшүүлнэ гэж 2009 онд амалсан. Танай намын даргыг сонгуульд ялахдаа энэ хүн ингэж ярисаар л гарч ирсэн. Энэ дөрвөн жилд хийж чадсан уу?

-Энэ дөрвөн жилийн хугацаанд шударга ёс тогтоогүй. Харин илүү алдагдсан. Гэхдээ энд ганц хүн буруутай биш, улстөрчид, улс төрийн намууд өөрсдөө буруутай.

-Танай нам ч буруутай?

-Бидэнд ч буруу бий. Гэхдээ бид нөгөө хоёр намын хийсэн алдаанаас олон зүйлийг ойлгож авсан. Өөрөөр хэлбэл МАНАН байх үед энэ хоёр нам жинхэнэ шударга бус зүйлийг хийлээ. Ардчилсан улс орон тогтсон энэ байдлыг стандарт бусаар явуулснаараа жинхэнэ шударга ёсыг яаж гажуудуулж болдгийг харуулсан. Энэ шударга бус байдлын хор хөнөөлд нь хамгийн их нэрвэгдсэн нам нь манай нам.

-Ордонд орж хууль тогтоолцоод явахаараа бүх зүйл болоод, шударга ёс байгаа юм шиг ярьчихаад гарахаараа төрлүүгээ нулимаад байгаа нь хэр зэрэг зөв юм бэ?

-Төр засаг гэдэг институт хоорондын хамтын ажиллагаагаар үйл ажиллагаа нь явагддаг. Ганцхан хүний өөрийнх нь нөхцөл байдлаас шалтгаалаад бүгдийг зөв буруу гэж ярих нь утгагүй. Шударга бус зүйл байна эсвэл ямар нэгэн алдаа хийлээ гэвэл энэ нь бүгдийнх нь хийсэн алдаа.

Тэгэхээр манай намын дарга алдаа байгаа бол алдаагаа засъя гэж ажиллаж байгаа. Үүнийхээ ч золиос болж улс төрийн золиос, хэлмэгдүүлэлтэнд өртөж байна. Нөгөө хэсэг нь буюу хамгийн удаан хугацаанд төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан улстөрчид нэг хүнд бүх бурууг тохоод өөрсдөө ард нь цэвэрхэн болж үлдэх гээд байгаа нь шударга бус байдал.

Тэгэхээр өнөөдөр гадна байгаа хүн илүү улс төрийн зориг гаргаж төрийн энэ айхтар явагдаж байгаа зүйлийн эсрэг зогсож, өөрийгөө болоод ар гэрээ золиослон, олонхийн, ард иргэдийн эрх ашгийн төлөө л хийгээд буй ажил.

-Одоо улс төрд том алба хашиж буй бүх хүмүүсийн ихэнх нь танай намын даргатай бүхий л хүрээнд хамтарч ажиллаж байсан. Ингээд хараад байхад эд нарын хэн нь шударга ёсыг тогтооно гэж өмчилж авах юм бэ гээд бас наг эргэлзээ байна?

-Тэгэхээр энэ эргэлзээ одоо тайлагдах ёстой. Хүнд нэг өдөр аливаа зүйлээс аргацаагаад ард нь үлдчих явдал байж болдог юм шиг байгаа ч маргааш нөгөөдөр нь бол чадахгүй. Дээр нь албан тушаал гэдэг насаараа өмчилж авдаг зүйл биш.

Албан тушаалын ард нуугдах нь тийм бололцоотой зүйл ч биш. Өнөөдөр өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн асуудлыг сэргээгээд ярьж эхэлж байна. Буруутай бол буруугаа хүлээх ёстой. Тэртээ тэргүй болох байсан зүйл өнөөдөр явагдаж байгаа. Шалгах ёстой хүмүүсээ шалгах ёстой.

-Бизнесмэнүүд улс төрд орж ирээд улс төрийн дэмжлэгтэй компаниуд өнгөжиж жавхаажаад, улс төрийн олигархууд нь хэтэрхий баяжаад байгаа учраас үнэнийг нь тогтоох л хэрэгтэй байгаа юм.

-Үнэнийг тогтоочихвол нөгөө нэг гайхалтай үнэ цэнэтэй хэлэхэд энгийн хэрнээ хийхэд хэцүү шударга ёс гэдэг зүйл тогтоно. Тэгвэл ард түмэн бол өнөөдөр төр засаг, төрийн өндөр албан тушаал хашиж буй нөхдүүд маань буруутай, буруугүй нь нэг талдаа болоод авчихвал ард түмэнд бас эргэлзээ байгаа. Тэгэхгүй бол төр иргэн хоёрын хоорон дахь итгэлцэл, төрөө дээдлэх зарчим алдагдана.

-Таны цаад санаа бол бүгд нэгдэж сууж байгаад улс төрийн өршөөл үзүүлчихье. Гадаа гаргаж тавьсан мөнгөнүүдийнхээ талыг нь оруулаад ир гэсэн шийдэлд хүрье гэсэн санаа хэлэх гээд байна уу?

-Ер нь хүн алдаатай зүйл хийж, түүнийг нь уучилж болно. Гэхдээ алдаагаа засах нь чухал. Үнэхээр төрөөс тэрбумтан болсон бол тэр мөнгөө буцаагаад өгөх хэрэгтэй. Буцаагаад өгвөл тэрэнд нь бас өршөөл үзүүлж болно. Түүнээс заавал нэг хүнийг шоронд хорьсноороо улс орон сайхан болохгүй.

Энэ улстөрчдийг бүгдийг нь шоронд хорьчихвол оронд нь улс төрийн орчинд хэн ажиллаж, монгол хүн бүгд шоронд орчихвол энэ улс оронд орыг нь хэн залгаж орж ирэх гээд байгаа юм гэдэг асуудал нь бидэн шиг онцлогтой улсын хувьд яах аргагүй бодох зүйл. Гол нь цаашдаа ийм зүйл гаргахгүйн тулд хийсэн алдаатай хүмүүс нь алдаагаа засаж байвал хамгийн сайн зүйл нь тэр.

-Чадахгүй л дээ.

-Түүнийг нь чаддаг болгох ерөнхийлөгчтэй болох хэрэгтэй байна.

-Тэр нь эмэгтэй хүн байх уу?

-Тийм. Эмэгтэй хүн. Яагаад эмэгтэй хүн байж болохгүй гэж. Ер нь эмэгтэй улстөрчдөд давуу тал байна. Тэр тусмаа улс төрийн өндөр дээд албан тушаалууд эрчүүдийн хооронд л болчоод байна.

-Сонгуулийн нэр дэвшилтүүдийг харахад тойрог дээр эмэгтэй хүнтэй чанга хүн аваачиж өрсөлдүүлдэг. Цаагуураа намууд тохиролцож бүх зүйлийг шийддэг байхад шударга ёс тогтох уу?

-Тогтохгүй байна. Энэ нь өнгөрсөн хугацааны олон сонгуулиар харагдлаа. Нэг сайхан ярьдаг хүн гарч ирээд, нэг сайн боловсролтой мэдлэгтэй хүн ерөнхий сайд хийгээд ч юм уу ингээд байдаг. Гэтэл тэрнийх нь сайн сайхан зүйл нь өөрсдөд нь, намынханд нь, тойрон хүрээлэгчдэд нь хэрэгтэй болж үр дүнгээ өгдөг.

Сонгогчдод нь тэр нь огт хүрэхгүй байгаа. Эмэгтэй нэр дэвшигч тухайлбал энэ олон улстөрчдийн нэгэнт тогтчихсон, хайрцагнаасаа гарч чадахгүй, нөгөөтэйгүүр бие биентэйгээ хэтэрхий сүлбэлдчихсэн учраас хэн нэгнийгээ гортигны цаана гаргаж чадахгүй байгаа улс төрийн нөхцөл байдлыг өөрчилнө.

-Өмнөхөө бодвол 11 эмэгтэй их хуралд сууж байгаа. Гэхдээ л төрийн тэргүүн эмэгтэй хүн байх цаг нь арай биш ээ гэдэг тайлбар байна?

-Дэлхийн ардчилсан олон улс оронд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо хүссэн хүсээгүй нэмэгдэж байгаа. Эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо яагаад өндөр байна гэхээр манай зарим улстөрчид тэнгэрээсээ буухгүй юм яриад байна.

Зарим нэг нь хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийг ч мэдэхгүй. Эмэгтэйчүүд өрх гэрээсээ авхуулаад нийгмийн маш олон салбарт голлох ачааг үүрэх хэмжээнд хүрсэн. Үүнийг аль ч улс төрийн хүчин үгүйсгэх аргагүй.

-Гэхдээ нийгмийн захиалга гэхээсээ илүү тохиролцоо байсан гэх хардлага, нөгөө талаас зүгээр санал хуваах гэж хийсэн гэдэг зүйл.

-Тэгвэл бүх юмыг тохиролцоо гэж ойлгох гээд байна. МАХН энэ сонгуульд оролцохгүй гэдэг захиалга өгөөд байсан. Хэрэв бид оролцоогүй байсан бол биднийг бас л тохиролцоод оролцоогүй гэж хэлнэ.

Оролцохоор бас тохироо хийгээд оролцлоо гэж хэлнэ. УИХ-дахь гишүүдийнхээ суудлаар гуравт орж буй улс төрийн хүчний хувьд аливаа сонгуульд оролцохгүй байна гэдэг хариуцлагагүй асуудал.

-70:30 харьцаатай гэрээ байгуулсан нөгөө тал чинь одоогийн ерөнхийлөгчийг дэмжээд явж байна. Энэ нь “Шударга ёс” эвсэл удахгүй задрах юм байна гэдгийг хэлээд өгчихлөө.  

-Задраагүй байна. “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан гэрээ бол их хуралтай холбоотой. Засгийн газарт байгуулсан гэрээ бол үнэхээр тийм заалт бий. Гэхдээ орон нутгийн сонгуулиар тусдаа орсон. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуулиар тусдаа орно. Нэгдэх эвсэх бололцоо байсан.

Манай нам ч гэсэн МАН, АН-тай гэрээнийхээ хүрээнд асуудлыг авч үзэн, ажлын хэсэг ч байгуулсан. Тэгэхэд аль алинтай нь хамтарч эвсэж оролцох тухай эцсийн шийдвэр гаргах түвшинд хүрээгүй. Тэр тусмаа “Шударга ёс” эвслийнхээ нэг талыг бүрдүүлж буй МҮАН-тай хүртэл бид ороогүй. Тэд АН-ыг дэмжээд ажиллаж байгаа.

Тэгэхээр энэ бол тохиролцоо гэхээсээ илүү  улс төрийн бодитой чиг хандлагаараа аль нам нь ажиллаж чадаж байна, харин тохиролцохгүйгээр олон мянган гишүүд дэмжигчдийнхээ санал, шийдвэр гаргах түвшнийхээ олонхийн шийдвэрээр МАХН ажиллаж чадаж байгааг харуулж байна.

-Таван аюулыг бүгдээрээ ярьдаг. Засахын төлөө хийж ч үзлээ, хэлмэгдүүлж ч үзлээ. Болж байгаа үед нь хамтраад явах нь илүү үр дүнтэй юу. Болохгүй юмыг нь шүүмжлээд байх нь илүү үр өгөөжтэй юу?

-Нэгэнтээ өөрчлөлт нь бодитоор хийгдэхгүй, цаг дэмий үрсэн ийм улс төр өөрөө байх нь утгагүй. Тийм учраас хариуцлага хүлээвэл өөрсдөө хүлээ. Хийе өөрчилье гэж байгаа бол өөрсдөө хийж өөрчил. Ганцхан Н.Удвал гэдэг нэр дэвшигч ерөнхийлөгч болсноороо энэ асуудлыг шийдэнэ гэвэл бас өрөөсгөл.

Ардчилсан улс орон тогтсон энэ байдлыг стандарт бусаар явуулснаараа жинхэнэ шударга ёсыг яаж гажуудуулж болдгийг харуулсан.

Бусад улс төрийн намуудтай хамтарч ажиллах ёстой. Ард нь манай намын улстөрчид бодлого боловсруулж хамтарч ажиллана. Болохгүй байгаа бол харьцуулалт байх ёстой. Өмнө нь Н.Удвал нэр дэвшигч үүнтэй тэмцэж ирсэн. Нөгөөтэйгүүр эмэгтэй нэр дэвшигч огт үүнийг өөрчилж чадахгүй гэсэн туйлширсан ойлголт байж болохгүй.

Сонголт нь өөрсдийн шударга сонголт байснаар энэ өөрчлөлтийг хийж чадна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг зөвхөн УИХ-д суудалтай намуудаас гэдгийг би хувьдаа өрөөсгөл гэж боддог.

Яагаад гэвэл энэ ард түмнээсээ сонгогддог цорын ганц албан тушаал. Нөгөө талаасаа УИХ-д суудал аваагүй намууд зөвхөн сонгуулийн үеэр гарч ирдэг. Бусад үед нь нам гэж хэлэхэд хэцүү. Тэгээд яг наймаа тохиролцоогоо хийхийн төлөө сонгуульд оролцдог.