Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.06.24

Гэр хорооллын иргэд хоёр дахиа чууллаа

Нийслэлийн ЗДТГ “Газрыг шударгаар хувьчлахын төлөө хөдөлгөөн” төрийн бус байгууллагатай хамтран Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн хоёрдугаар чуулганыг өчигдөр зохион байгууллаа.

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн ИТХ-ын удирдлагууд оролцов. Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Чуулганд 3000 гаруй иргэн оролцохоор мандат авсан ч түүнээс хавьгүй олон хүн цугларчээ.

Гэр хорооллынхон чуулав

Энэ удаагийн чуулганаар гэр хорооллын иргэн бүр дахин төлөвлөлтөд идэвхтэй оролцож, ухаалаг шийдвэр гаргахыг хүссэн уриалга гаргалаа. Үүнийг энд ирээгүй иргэдэд дамжуулахыг хүсье.

Улаанбаатар хотын хамгийн том асуудал бол гэр хороолол. Нийслэлээ утаагүй, хөрсний бохирдолгүй, тоосжилтгүй болгохын тулд дахин төлөвлөлт хийж байна. Нийслэлийн газар нутгийн 78 хувийг орон сууцны хороолол болгоно. Энэ бол манай улсын түүхэнд байгаагүй маш том цар хүрээтэй ажил” гэв.

Жил гаруйн өмнө гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтэцжүүлэх талаар тухайн үеийн төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлэхээр гэр хорооллын оршин суугчид анх удаа чуулж байжээ.

Түүнээс хойш нэг жилийн хугацаанд төрийн бодлогоор гэр хорооллыг барилгажуулах ажлыг эхлүүлсэнд талархаж буйгаа чуулганд оролцогсод илэрхийлэв. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б.Эрдэнэбулган “Би анхдугаар чуулганд төлөөлөгчөөр оролцож байсан. Тухайн үед гаргаж байсан уриалга маань өдгөө хэрэгжээд эхэлжээ. Дараагийн алхмаа хийхээр хоёр дахиа чууллаа” гэв.