Өнгөрсөн оны улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн эхний хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын гишүүн, Сангийн Яамны Сайд Ч.Улаан
2013.07.04

Өнгөрсөн оны улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан түр завсарлаад байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс өмнө эхэлж, “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ тухай илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм. Тэрээр Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг Төсвийн тухай хуульд заасан хуулийн хугацаанд нь нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газарт хүргүүлэн, холбогдох дүгнэлтийг гаргуулсан. Мөн өнгөрсөн 2012 оны хувьд Засгийн газрын үнэт цаасыг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай худалдан борлуулсан, төсвийн уян хатан, бодитой байдлыг хангаж ажиллах үүднээс төсөвт хоёр удаа тодотгол хийсэн зэргийг дурдлаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2012 оны гүйцэтгэлээр 4,881.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 755.7 тэрбум төгрөгөөр буюу 13.4 хувиар тасарсан байна.

Сайдын танилцуулснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2012 оны гүйцэтгэлээр 4,881.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 755.7 тэрбум төгрөгөөр буюу 13.4 хувиар тасарч, 2011 оны мөн үеийнхээс 15.5 хувиар буюу 653.9 тэрбум төгрөгөөр өссөн биелэлттэй, нийт зарлага 6,499.2 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 6.017.8 тэрбум төгрөг буюу 92.6 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Харин улсын төсвийн хувьд нийт зарлага 4,675.9 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 4,379.4 тэрбум төгрөг буюу 93.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн орлогын биелэлтийг орлогын төрлөөр авч үзвэл 84 хувь нь татварын, 13.4 хувь нь татварын бус орлого, 2.6 хувь нь тусламжийн болон хөрөнгийн орлогоос бүрдэж байгаа аж. Өнгөрсөн онд улсын төсөвт төвлөрүүлэх Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 658.6 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 523.2 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 20.6 хувиар буюу 135.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 113.3 тэрбум тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. Энэ нь манай улсын уул уурхайн голлох нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн дэлхийн зах зээлийн үнэ 7900 ам.доллар, нүүрсний зах зээлийн үнэ дунджаар 66-135 ам.доллар болж буурсан нь голлож нөлөөлжээ.

2012 оны санхүүгийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,208.4 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт төлөвлөгдсөнөөс 1,119.5 тэрбум төгрөгийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж 92.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Төсвийн тухай хуулийн заалтын дагуу төсвийн жил дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа жилийн 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл санхүүжүүлэхээр хуульчилсны дагуу энэ оны 1 дүгээр улиралд 182.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь 2012 оны гүйцэтгэлд тусгагджээ.

Засгийн газар хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн байгууллагаас өнгөрсөн онд 271.7 тэрбум төгрөгийн гадаад зээл авч ашигласан агаад гадаад зээлийн үндсэн төлбөрт 117.1 тэрбум төгрөг төлж, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2012 оны жилийн эцсийн байдлаар 2,935.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 21.1 хувьтай тэнцэж байна.

Улсын төсвийн алдагдал, улирлын шинж чанартай орлогын дутагдлыг нөхөх зорилгоор 2012 онд УИХ-ын 21, 28 дугаар тогтоолоор Засгийн газрын үнэт цаас гаргах эрхийн хүрээнд 13 удаагийн арилжаагаар 554.9 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжсаны зэрэгцээ Засгийн газрын үнэт цаасны арилжааг зохион байгуулж явуулах шинэ системийг нэвтрүүлсэн нь манай улсын үнэт цаас, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой, Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудыг холбосон нэгдсэн сүлжээ, програм хангамжид суурилсан санхүүгийн зах бий болж байгааг сайд онцоллоо.

Хүний хөгжил санд 449.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөгдөж, гүйцэтгэлээр 440.9 тэрбум төгрөг төвлөрсөн

Мөн Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар Хүний хөгжил санд 449.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөгдөж, гүйцэтгэлээр 440.9 тэрбум төгрөг төвлөрч 98 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Тус сангийн зардлын гүйцэтгэл 840.7 тэрбум төгрөг болж орлого, зарлагын зөрүүг Засгийн газрын үнэт цаас худалдан борлуулсан эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна.

Засгийн газрын 2012 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн тухайд 2012 оны Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын 59 төсөвт байгууллага, 93 төсөл сан, 127 төрийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит 164 аж ахуйн нэгж, нийт 450 орчим байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэсэн гэдгийг тэрээр хэлээд 2012 оны Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн онцлог зарим нэгэн үзүүлэлтийг дурдав. Тухайлахад, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн өмнөх оны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1,6 их наяд төгрөг байсан бол 2012 оны тайлангаар 3,5 их наяд төгрөг болж нэгтгэлд хамрагдсан байгууллагуудын мөнгөн хөрөнгө 1,9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Засгийн газрын хөрөнгийн цэвэр дүн 5,8 их наяд төгрөг байсан бол 2012 оны жилийн эцэст 6,7 их наяд төгрөг болж өнгөрсөн оныхоос 735,3 тэрбум төгрөгөөр өссөний зэрэгцээ бараа материал 1,1 их наяд төгрөг болж өмнөх оноос 343,1 тэрбум төгрөгөөр өссөнийг сайд танилцуулав.

Дараа нь хуульд заасны дагуу Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайлан, дүгнэлтийг Ерөнхий аудитор Б.Зангад танилцуулсан юм.

Тэрээр хэлэхдээ, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөв нь Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төсвийг боловсруулах, батлах, тайлагнах, баталгаажуулах цаглабарыг мөрдөж эхэлсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хуримтлал үүсгэх зорилгоор гол нэр төрлийн эрдэс баялгийг тэнцвэржүүлсэн үнээр тооцож Тогтворжуулалтын санд 94.7 тэрбум төгрөг хуримтлуулсан; Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалин, өндөр настны болон бусад тэтгэврийг 2012 онд хоёр үе шаттай нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлсэн. Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, хүн амын дийлэнх оршин суугаа нийслэл хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан тодорхой хөрөнгийг төсөвт тусгаж хэрэгжүүлсэн.

Бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн улсын төсвөөс үзүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн; Хүний хөгжил сангаас иргэн бүрт 128 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэж хэрэгжүүлсэн зэргээрээ онцлог болсныг дурдлаа. Түүнчлэн Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ тооцоолсноос 13.4 хувиар буюу 755.7 тэрбум төгрөгөөр тасарсан, нийт зарлага 6,017.8 тэрбум төгрөгт хүрч, төсвийн тэнцэл 1,136.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Мөн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулан зардлыг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлээгүйгээс нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 8.2 хувьд хүрсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болж байгааг дурдсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Сангийн сайдын илтгэл, Ерөнхий аудиторын танилцуулсан аудитын тайлантай холбогдуулан гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авав. Тухайлахад гишүүн Ж.Батзандан төсвийн зарлагын шинэчлэлийг хэзээ хийх вэ, төсвийг дур мэдэн зориулалтын бусаар зарцуулдаг, хувьдаа завшдаг байдлыг хэзээ цэгцлэх юм бэ гэдгийг Ерөнхий сайдаас асуухад тэрээр “Энэ талаар анхаарч ирэх 2014 оны төсвийн төслийг оруулахдаа бага ч болов засахыг хичээж байгаа. Тухайлахад 2014-2018 оны хөрөнгө оруулалтыг бөөнд нь оруулан хэлэлцүүлж, ойрын хэдэн жилдээ хийх зүйлээ тодорхой болгож авах, нэгдсэн төсөв, зурагтай болох зорилт тавьж байгаа. Энэ талаар боловсруулсан бодлогоо ойрын үед УИХ-д өргөн барина” гэсэн хариулт өгөв.

Дараа нь гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв. Гишүүн С.Дэмбэрэл аудитын тайлан, дүгнэлтээс харахад хуулиар тус газрын бие даасан, хараат бус байдал бүрэн хангагдсан эсэх нь эргэлзээтэй байгааг анхаарах, чадавхиа бэхжүүлэх шаардлагатай байгааг хэлэв. Мөн тэрээр бүтээн байгуулалтын том төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих гэж буй энэ үед тендерийн замын зургийг өөрчлөх ёстой. Засгийн газрын худалдан авах ажиллагаа цаг хугацаа их алдаж, хоцрогдож байна. Түүнчлэн Засгийн газраас гаргах шийдвэр цаг хугацаа их алдаж байна, нэг шийдвэр гаргах гэж бараг хоёр сар болж байгаад анхаарч бичиг баримтын эргэлтийг хурдасгах хэрэгтэй байна гэлээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Өнөөдөр үдээс хойш болон маргааш үдээс өмнө бүх байнгын хороод тогтоолын төсөл, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэх юм.