Архивын газрын барилгын газрыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ.
2013.07.19

Нийслэлийн Архивын газар шинэ байртай болно

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Архивын газрын барилгын газрыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн архивын хадгалалт хамгаалалтын нөхцөл болон архивын байртай болох тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

Нийслэлийн архивын газар нь нийслэлийн Засаг захиргааны гуравдугаар байр буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 330 метр квадрат талбай бүхий 3 өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Тус архивын газрын санд нийт 71 569 ховор баримт хадгалагдаж байгаа бөгөөд зориулалтын лабораторигүй учраас сэлбэн засах, сэргээн шинэтгэх, кино, гэрэл зураг, дуу авиа, цахим баримттай ажиллах боломжгүй юм байна.

Архивын газар шинэ байртай болно.

Мөн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа танхим нь 15 метр квадрат талбайтай, лавлагаа хариуцсан гурван ажилтан өдөрт 100-120 иргэнийг хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг.

Нийт гурван хадгаламжийн сантай ч бүгд дүүрсэн, цаасан баримт, хувийн гаралтай баримт, хосгүй үнэт ховор нандин баримт, нууц баримт зэргийг хадгалах зориулалтын сан байхгүй юм байна. Тиймээс архивын байрыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн шинээр барих шаардлагатай болжээ.

Урьд нь хоёр ч удаа нийслэлийн архивын байр барих газрыг шийдэж байсан ч газрын маргаантай гэсэн үндэслэлээр хойшлогдсоор 2012 оны 1 дүгээр сард нийслэлийн Засаг даргын Захирамжаар Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу хотын төв цэгээс 25 км зайтай Налайх явах зам дагуу 0,5 га газар олгосон байна.

Нийслэлийн архивын газар нь 330 метр квадрат талбай бүхий 3 өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Энэхүү газарт барих архивын барилгын эскиз зургийг хийж баталсан бөгөөд оффис, нийтийн танхим, лаборатори, хадгаламжийн сан, техникийн өрөөтэй байхаар төлөвлөжээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд иргэдэд үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагыг иргэддээ ойртуулж, үйлчилгээг сайжруулах нь чухал.

Баянзүрх дүүргийн 11-р хороонд буюу хотын төв цэгээс 25 км зайд Нийслэлийн Архив байх нь тохиромжгүй. Харин хотын хаанаас ч очих боломжтой байршилд байх ёстой гэж үзлээ.

Тиймээс нийслэлийн архивын барилгыг төрийн бусад үйлчилгээтэй зэрэгцүүлэн хотын төвд байхаар тооцон судалгаа хийж, боломжтой газрыг яаралтай олж тогтоохыг холбогдох албаныханд үүрэг болголоо.