О.Баасанхүү: Н.Энхбаяр даргыг сулласан нь эдийн засгийн нөхцөл байдлыг дээрдүүлэх нэг алхам болсон
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын завсарлагааны үеэр та ямар ажил амжуулж байна вэ. Яаж амарч байна?
-Өнгөрсөн долдугаар сард Франц явсан. Европын холбооны аюулгүй байдал, гадаад бодлого хариуцсан байгууллагын урилгаар семинарт суугаад ирлээ. Тэгээд ирээд Японы зочдыг хүлээж авч, явтал нь үйлчиллээ. Үүний хажуугаар гэр бүлийн хамт Архангайн 90 жилд оролцсон.
Одоо зун дуусахаас өмнө агаарт гарах санаатай байна. Яагаад гэвэл би найман сартай нялх хүүхэдтэй шүү дээ. Мэдээж наана нь зарим нэгэн төлөвлөсөн ажлууд байгаа. Би уснаас айдаг хүн. Манайхан ч бүх нуураар сэлсэн юм шиг байна билээ. Би бол сэлэхгүй. Агаар гарах л санаатай байна. Найдугаар сарын сүүлээр Турк, Казакстан явах байх. УИХ-д нэг жил болсоны хувьд тайлангаа бэлдэж байгаа.
Ард түмэн намайг өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр дарга, эмнэлэг хоёроор нэлээд сайн таньдаг болсон юм шиг байна билээ. Н.Энхбаяр даргын хувьд хэлмэгдсэн гэж би бат итгэлтэй байсан. Хуульч хүн нотлох баримтад суурилаагүй бол аливаа ял эдэлж байгаа хүнийг хэлмэгдсэн л гэж үздэг.
Энэ бол ямар ч нотолгоогүй хийгдсэн асуудал байхгүй юу. Дараа нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн асуудал. Энэ бол аймшигтай харгислал байсан. Япончууд ирээд эмнэлгийн тоног төхөөрөмжийн талаар ярихад нь Монголчууд арай л төрийн терроризм хийж байна даа гэж бодож байлаа.
Маш үнэтэй, орчин үеийн эмнэлэг бол Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг байлаа. Энэ эмнэлэг өнөөдөр АНУ-ын нэг номерын аппарат авчираад тавьчихсан. Гэтэл одоо хог боллоо. Яахав цаг хугацаа бүхнийг харуулна. Хэн зөв ярьсан бэ гэдэг нь хэсэг хугацааны дараа мэдэгдэнэ дээ.
-Н.Энхбаяр дарга өнгөрсөн долоо хоногт суллагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүлсэн гэж байгаа ч Н.Энхбаяр дарга “Би уучлуулах зүйл хийгээгүй” гэсэн. Одоо биеийнх нь байдал ямар байгаа вэ. Гадаадад эмчилгээ хийлгэх үү?
-Энэ хүнийг Монгол Улсад эмчилгээ хийлгэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан шүү дээ. Хуулиараа аливаа хүн цус харвалаа гэхэд 401 дүгээр ангид дүгнэлт гаргаад эмнэлэгт хэвтүүлдэг. Гэтэл шалгаж байна гэж хамаг цаг хугацааг барсан шүү дээ. Н.Энхбаяр дарга сайн ч, муу ч гэсэн төрийн түшээ.
20 гаруй жил хамтдаа нөхөрлөөд, нэг нь дарга, нөгөө нь цэрэг нь болоод явж байсан хүмүүсийн хувьд төрийн уучлалыг өөрт байгаа онцгой эрхийн хүрээнд үзүүлсэн гэж бодож байгаа. Түүнээс биш гэмт хэрэг хийснийг нь уучилж байгаа үйлдэл биш. Аливаа уучлалыг хүлээхийн тулд хүн хүсэх ёстой.
Тэр нь юу вэ гэхээр “Би гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Та намайг нэг удаа уучлаач” гэж хэлэх ёстой. Н.Энхбаяр даргын зүгээс ийм зүйл хэлээгүй. Хүнлэг ёсоо бодож хүний амь аварч байгаа хэлбэр гэж бодож байгаа. Одоо хурдан эмчилгээ хийлгэж хөл дээрээ босоосой гэж бодож байна даа.
МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
-Н.Энхбаяр дарга 300 хуудас материал дэлгэнэ гэж хэлж байсан шүү дээ. Энэ талаар та хэр мэдэх вэ. Чухам ямар баримтууд байдаг юм бэ?
-Би тэр талаар сонсоогүй. Одоо л дуулж байна. Харин манай нам ноцтой баримт дэлгэхгүй гэж хэлэхгүй. МАХН-ын хувьд хоёр зүйлийг Их хуралдайгаараа шийдэж байсан. Нэг нь бол 15 олигархийг зарлаад албан ёсоор хар номонд бичнэ гэдгээ зарласан. Үүний дээж болгож Ц.Нямдоржийг хэлсэн шүү дээ.
Гэвч Ц.Нямдоржийг одоо хүртэл гэм буруутай эсэхийг нь тогтоохгүй байгаа учраас ард түмэн энэ хүнийг нэлээд хэцүү хүн гээд ойлгочихсон байгаа. Би бол энэ хүнийг гэмт хэрэг хийсэн гэж хэлээгүй. Гэхдээ шалгуулах ёстой хүн. Жирийн иргэн би юм уу, эсвэл та тэр баримтыг харвал үнэхээр цочирдмоор. Яагаад гэвэл барилга дээрээс хүн үхлээ. Хоригдлуудыг боолын хөдөлмөр хийлгэлээ.
Тендер будилаантууллаа зэрэг олон зүйл яригддаг. Тэгээд энэ бүгд нь нотолгоогүй учраас нотолдог байгууллагыг нь нотлоод өгөөч ээ гэсэн. Харамсалтай нь нотлохгүй л байгаа. Тэгээд үүнийг нотлохгүй байж бусад зүйлийг илрүүлнэ гэдэгт би итгэхгүй байгаа. Н.Энхбаяр даргыг хоригдож байхад би нэг зүйл л хэлж байсан.
“Дарга аа, гэмт хэргийг илрүүлэх нь чухал биш. Харин гэмт хэргийг үндсээр нь олж тогтоогоод дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх нь чухал юм” гэж хэлж байсан. Гэтэл та нар одоо хар л даа. Янз бүрийн авлигын хэрэг яригдаж байна шүү дээ. Гэвч үндэс суурь нь сугарахгүй байгаа биз дээ. Тиймээс МАХН хэзээ нэгэн цагт төрийн эрх барина. Төрийн эрх барихдаа эдгээр зүйлийг үндсээр нь илрүүлнэ.
Одоо засаг хамтран барьж байхдаа мэдээж тодорхой өөрчлөлт хийж байгаа. Харамсалтай нь АН олонхиороо төр барьж, бүх авторыг өөрсдийн нэр дээрээ авч байна. Саяхан сайдтай уулзаж байхад нэг зүйлийг хэлж байна билээ. ”Манайх ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо. Ардчилсан засагтай боллоо. Одоо ардчилсан шинэчлэл хийнэ” гээд өвчигнөөд байна билээ. Харин би “Хажууд чинь би сууж байна шүү дээ” л гэж хэлсэн. Ард түмнийг тэнэг гэж бодоод хэрэггүй л дээ.
-МАН-ын дэргэдэх залуучуудын “Шинэчилье” хөдөлгөөн гарч ирээд багагүй зүйлийг ярьж хэлж байна. Өнөөдөр МАН-ын Бага хурал болж намынхаа алдаа оноог шүүн хэлэлцэх учиртай. Таны бодлоор МАН үнэхээр шинэчлэгдэх үү?
-Шинэчлэл гэдэг чинь АН-ын автор шүү дээ. Тиймээс “Шинэчилье” хөдөлгөөнийхнийг АН-ын хүмүүс юм байна гэж ойлгож байгаа. Бусдын авторыг булааж авах хэрэггүй л дээ. Ямар өөрчлөн байгуулалт хийж байгаа биш. Шинэчлэл гэдэг бол АН-ын гаргаж ирсэн хэлбэрийн төдий нэр томъёо. МАН-ын яриад байгаа энэ залуучууд үнэхээр хөөрхий зайлуул.
Ялангуяа тэр Ж.Мөнхбатыг мэдэж байна. Л.Оюун-Эрдэнийг мэдэж байна. Ядарсан хүүхдүүдийн тухай яриад ч хэрэггүй. Дээр нь ядарсан улстөрчид гараад ирсэн. Э.Мөнх-Очир гэж МАН-д байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг нөхөр байна. Аварга юу юм бэ гэж орилоод ч байх шиг. Ичиж амьдрах хэрэгтэй. Монголд нэг ийм үг байдаг. “Идэж байсан тогоо руугаа бүү нулим.
Ууж байсан ус руугаа бүү шээ” гэдэг үг байдаг. Заавал нэг сонгуулийн үеэр Женко Х.Баттулга шиг аваргынхаа эсрэг үг яриад байхаар нь энэ үнэхээр болохоо байчихсан нам байна даа гэж бодож байлаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт манай намтай нэгдэх байх. Гэхдээ энэ балай хүмүүс нь зайлж байж ирэх байх гэж бодож байгаа. Хамгийн гол нь шинэчлэл хийж байгаа хүмүүс өөрсдөө шинэчлэгдэх хэрэгтэй шүү дээ.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч эхэллээ. Ам.долларын ханш өссөнөөс эхлээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурч байна. Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Төсвийн алдагдал бий боллоо. Энэ мэт эдийн засгийн олон хүнд нөхцөл байдал үүсч эхэлсэн. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Н.Энхбаяр даргыг сулласан нь эдийн засгийн нөхцөл байдал нааштай болох нэг алхам боллоо гэж үзэж байгаа. Яагаад гэхээр нам засаг нь тогтвортой болж байж гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ биз дээ. Н.Энхбаяр дарга хоригдож байгаа үед хамтарсан засгийн хувьд тогтворгүй байна гэж олон улсад харагдана гэсэн үг.
Олон улсын байдал өнөөдөр сонирхол татаад байгаа. Бүх улсад сонгууль дуусчихлаа. Одоо бүх улс эдийн засагтаа анхаарах ёстой. Тэр утгаараа энэ хүнийг сулласнаараа улс төрд тогтвортой байдал бий болох, гадаад орчинд таатай нөлөө үзүүлэх хандлага ажиглагдаж байна.
Хамтарсан засаг тогтвортой байна гэдэг итгэл төрүүлэх юм л даа. Тиймээс гадны хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх ёстой байхгүй юу. Гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах хууль гэж гаргах хэрэгтэй. Хууль нь өөрөө тогтвортой байх ёстой. Үүн дээр Засгийн газар анхаарах ёстой.
-Та Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэлээд үзэлцдэг. Тухайлбал, хуулийн шинэчлэлийн асуудлыг та ихээхэн шүүмжилж байсан шүү дээ?
-Би АНУ-ын нэгэн хуульчид “Монголын ард түмэн АНУ-ынх шиг хуультай болсон гээд байх юм. Гэтэл би танайхаас манай энэ хууль шиг хуулийг лав олж хараагүй” гэж хэлсэн. Яагаад гэвэл МАН-ын Ц.Нямдоржоор ахлуулаад АН-ын Х.Тэмүүжин гол рольд нь тоглоод баталчихлаа. Нэгэнт батлагдсан болохоор юу хэлэх вэ дээ. Үнэхээр овлигогүй байгаа юм. Би одоо юу ч хэлэхээ байсан.
Үнэхээр шинэчлэлийн хууль гарч чадаагүй шүү дээ. Яллагдагчийг өмгөөлөгчөөр хангана ч гэх шиг. Дэлхийн хэмжээнд энэ үгнээс татгалзаж байгаа. Одоо энэ хууль яллах тал нь давамгай эрхтэй. Цагаатгах тал нь байхгүй болчихоод байгаа байхгүй юу. Монголын эрх зүйн системийг өөрчлөх нь зөв. Эрүүгийн хууль гэж Монголын ард түмнийг уйлуулсан хууль 2008 онд гарсан шүү дээ.
Би бол Х.Тэмүүжин гэж хүүхдийг тоож харьцахгүй. Харин өнөөдөр болоод нөхцөл байдлыг хараад, ард түмнээ өрөвдөөд, нэг нь ч гэсэн олоод харчихсан юм бол хэлье л гэж бодож байгаа. Түүнээс биш өрсөлдөж, тэмцэлдэж байна гэдэг өнцгөөс хараад хэрэггүй. Тэртэй, тэргүй амьдрал баялаг. Цаг хугацаа бүх зүйлийн гэрч шүү дээ.
-Таныг АН-д элсэнэ гэдэг яриа байдаг. Үнэхээр дотроо тийм санаа өвөрлөчихсөн явж байгаа юм биш биз?
- Би бол ардчилалд дургүй хүн биш. Би энэ намын гишүүн байсан. 2011 оны нэгдүгээрг сард АН-аас гарсан. Тэгээд МАХН-д орж байсан. Би нэг зүйл дээр сонголтоо хийсэн бол тууштай л байдаг. Хүн яаж хувирч болно би өөрчлөгдөхгүй.
МАХН-аас хэзээ ч гарахгүй. Би бол социал демократ үзэлтэй хүн. Харамсалтай нь АН энэ үзэл баримтлалаа алга болгосон. МАХН-ын эцсийн зорилго энэ үзлийг би болгох юм. Хүн юу хийж байгаадаа биш. Харин хийж байгаа зүйлдээ үр жимс ургуулах хэрэгтэй шүү дээ.