Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдлаа
2013.08.27

Галын шалтгааныг тогтоох ажлын хэсэг гарлаа

"Нарантуул" худалдааны төвд гал гарч нэг хүн амиа алдсантай холбогдуулан өнөөдөр нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, галын шалтгааныг яаралтай тогтоолгохоор Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.

Мөн онцгой комиссын дарга Э.Бат-Үүл “Хүний амь нас эрсдэж, худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст их хэмжээний хохирол учирсан учир онцгой комиссын хуралдаанаас байгуулагдсан ажлын хэсэг авч болох арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллах"-ыг үүрэг болголоо.

Түүнчлэн хотын замын хөдөлгөөнийг хэвийн хэмжээнд явуулах, галын шинжээчид болон гал гарсан шалтгааныг тогтоох нөхцөл боломжийг шуурхай хангаж ажиллахыг нийслэлийн замын цагдаагийн газар болоод онцгой байдлын газарт даалгалаа. Галын голомтод ажиллах хүн хүч, шаардагдах хөрөнгийг нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа юм.

Галын шинжээчдийн дүгнэлт гарах хүртэл иргэд олон нийт элдэв цуурхал хэл аманд өртөхгүй тайван байхыг уриалсан байна. мөн шаардлага хүргүүлээд байхад арга хэмжээ аваагүй “Нарантуул” захын удирдлагуудад хуулийн дагуу хариуцлага тооцох болно гэдгийг хэллээ.