Ж.Энхбаяр: Барилгын үнийг 1 сая төгрөгт барь гээд компаниудад 420 тэрбум төгрөг өгсөн ч 2 сая болчихлоо
УИХ-ын Байнгын хороодын хурал ширүүн мэтгэлцээн дунд үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэлсэн үгнээс хүргэж байна
Мэргэжлийн хяналтын газар хуулийн хүрээнд Монгол Улсын Ойн сан, усны эх газрыг хамарч байгаа нийт ашиглалтын талбай, хайгуулын талбай орсон газарт шалгалт хийгээд, 1 тэрбум 160 тэрбум төгрөгний байгаль экологийн хохирлыг тооцсон. Нөгөө талаас 242 талбай сууринд ажиллаж байсан компаниуд 222.5 тэрбум төгрөгний нөхөн төлбөр Засгаас хүссэн. Учруулсан хохирол нь 5 дахин их, нөгөөх нь 5 дахин бага мөнгө нэхэж байгаа үйл явц. Гол мөрний урсацын дийлэнх хэрэг буюу 70 гаруй хувийг бүрэлдэн бий болгож байгаа, энэ хууль үйлчилж байгаа талбайд учирсан экологийн хохирол буюу нөхөн сэргээлт хийхэд 54.7 тэрбум төгрөг шаардлагатай байна гэсэн байгаа юм. Энэ дийлэхгүй их мөнгө үү? Гэтэл энэ хугацаанд та бүхэн 2 их наяд 935 тэрбум төгрөгийг эдийн засгийн салбарт нийлүүлчихсэн байгаа шүү дээ. Мах бэлтгэнэ гээд 87 тэрбумыг өгсөн. Нийлүүлнэ гээд өгсөн “Жаст” компани өнөөдөр байхгүй болчихсон байгаа. Тэр мөнгө хаачихсан бэ? Түүгээр дамжуулаад эрх мэдэлтэнгүүд гар дүрсэн сураг сонссон. Мэдээж шалгах ёстой болох байх.
Мах бэлтгэнэ гээд 87 тэрбумыг өгсөн. Нийлүүлнэ гээд өгсөн “Жаст” компани өнөөдөр байхгүй болчихсон байгаа. Тэр мөнгө хаачихсан бэ?
Гурил нийлүүлнэ гээд 49 тэрбум төгрөг өгсөн. Гурилын 50 хувийг үйлдвэрлэдэг “Алтан тариа” ХХК нэг төгрөг ч аваагүй байх юм. Тэр мөнгө хаачсан бэ?. Барилгын үнийг 1 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй гээд барилгын компанид нь 420 тэрбум төгрөг, ипотекийн зээл гээд 995 тэрбум төгрөг, тоосго, цемент оруул гээд 129 тэрбум төгрөг, тоосго, цемент үйлдвэрлэ гээд 143 тэрбум төгрөгийг та нар өгсөн. Өнөөдөр хамгийн хямдхан байр 2 саяаас дээш болсон. Эрх баригчдын хийсэн улстөрийн бодлого, шийдвэрийн алдааны үр дүнд нөхцөл байдал хүндэрсэн. Тэгээд эцсийн эцэст оруулж ирж байгаа арга нь алтаа ухъя л гэж байна шүү дээ. Үүнийгээ ядахдаа үнэн хэлэх хэрэгтэй. Нөхцөл байдал хүндэрчихсэн болохоор бид гадагшаа юм аа зарж чадахаа больсон, валютын нөөц шавхагдаад дууслаа.
Монгол Улс зээлээс зээлийн хооронд өрийн ангал руу нисч байна. Сая Япон явсан ахиад л зээл гуйж байгаа юм. Өөрөөр амьдарч чадахгүй болчихлоо. Бид алдчихлаа. Бидэнд байгаа, Монгол Улсад байгаа хамгийн сүүлийн боломж алт байгаа юм. Энэ алтыг ухъя гэдгээ хэлэлдээ. Тэгвэл бид ойлгоно. Гэтэл эдийн засаг хүндрээгүй, бүх зүйл сайхан байгаа гэх.
Тэгээд ээлжит бус чуулган хуралдуулангуутаа алт ухъя гэж. Хандлага их буруу. Оронд нь 50-60 мянган хүнээр нэмэгдсэн төрийн албан хаагчдаа цомхотгооч. Энэ алдаатай бодлогын зүйлээ эргэн хянаач.
Төрийн өмчтэй эзэнгүй төрийн өмчит үйлдвэрүүдээ хувьчлаач. Зардлаа багасгаач. Тансаглалаа зогсоогооч. Тэгээд мөнгө олол доо. Хийх ёстой ажлаа хийхгүй байж эцэг өвгөдийн үлдээсэн жоохон газар нутаг, байгаа хэдэн алтаа ахиж ухна гээд байгаа юм. Айлын эрх хүүхэд шиг хэдэн малаа зараад дууссан.
Одоо эцэг өвгөдийн үлдээсэн гаанс, хөөрөг гэх мэт хэдэн хатуу эдлэлийг зарж идэхээс өөр юм алга. Бүтээх зүйл байхгүй. Заръя, ухъя л гэнэ. Энэ чинь хөгжил биш шүү дээ. Эдийн засаг итгэл дээр явдаг. Гадаад итгэл байхгүй. Монголын бүх үнэлгээ байхгүй. Монголд хөрөнгө оруулсан хувьцаанууд бүгд 500-1000 хувь унасан. 5, 10 жилийн бондуудын үнэлгээ 10-20 хувь уначихсан. Монгол Улсын хөрөнгө оруулалтын үнэлгээ нэмэх байсан бол өнөөдөр саар, харанхуй, эрсдэлтэй орны тоонд орчихсон. Монгол орны өрсөлдөх чадвар ахиад 13 байраар ухарчихсан. Хамгийн ноцтой нь 1 жилийн дотор төрийн хүнд суртал, авилгал, хээль хахууль нэмэгдсэн гэдэг үзүүлэлтээр монголын өрсөлдөх чадвар унаж байна. Дээрээс нь төрийн албаны мэргэжлийн бус байдал хавтгайрсан. Төрийн албаны ажил гүйцэтгэх чадвар алдагдсан. Уул уурхайн яам байгуулагдсан, уул уурхайн салбар унасан. Хөгжлийн яам байгуулсан, эдийн засгийн хөгжил унасан. Аялал жуулчлалын яам байгуулсан, аялал жуулчлал унасан. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ ажлыг аваад 1 жил боллоо. Энэ хооронд Д.Ганхуяг урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд юу хийв, ямар санаачлага гаргав.