Н.Алтанхуяг: Орон сууцны зээл, хүүхдийн мөнгийг олгосон хэвээр байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.11.21

Н.Алтанхуяг: Орон сууцны зээл, хүүхдийн мөнгийг олгосон хэвээр байна

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Сайншандын бизнес эрхлэгчидтэй өдрийн хоол идэнгээ ярилцлаа. Тэднийг Монголыг хөдөлгөж байгаа гол хөдөлгөгч хүч, баялаг бүтээж байгаа хүмүүс гэдгийг Ерөнхий сайд онцолсон.

Бизнес эрхлэгчид жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг аймаг, сумын удирдлагууд дэмждэг ч банкинд “гацдаг”. Банкныхан бага хүүтэй учраас ийм зээл олгохдоо хойрго ханддаг. Мөн банкны хүү өндөр байдгийг хэлж байсан.

Түүнчлэн тус аймагт барилгын материалын үйлдвэрлэл байхгүй, МСҮТ төгссөн оюутнууд мэргэжлээрээ ажилладаггүй, 4-5 хүн ажилладаг жижиг үйлдвэрт том байгууллагын шаардлага тавьдгийг ч учирлаж, орон нутагт татварын хэмжээг бага тогтоох хэрэгтэйг хэлэв. Ерөнхий сайд “Шинэчлэлийн Засгийн газар зээлийн хүүтэй хамгийн их “ноцолдож” байгаа.

Цаашид зөв бодлого явуулж чадвал банкны зээлийн хүүг бууруулах боломж бий” гэлээ. Мөн орон нутгийн телевизийн шууд дамжуулсан нэвтрүүлэгт холбогдох яам, хэлтсийн албан тушаалтан аймгийн удирдлагуудын хамт оролцож, иргэдийн асуултад хариулсан юм. Тэрбээр “Орон сууцны найман хувийн зээл, хүүхдийн мөнгийг олгосон хэвээр байна. Монголд цөмийн хаягдал булшлах асуудал байхгүй. Татварын нэр төрөл, хэмжээг нэмээгүй” гэж хэлсэн. Энэ үеэр иргэдийн асуусан зарим асуултад хэн, хэрхэн хариулсныг хүргэе.

-Өндөр настнуудыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ гэсэн, үнэн үү?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Үнэн. Гэхдээ өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боломжийн үнээр түрээслүүлнэ.

-Орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгөөр Сайншанд сумын Засаг дарга Нутгийн удирдлагын ордон барьж байгаа гэсэн.

Б.Батбаяр (Сайншанд сумын Засаг дарга): -Иргэдээс санал авсны дагуу барьж байгаа. 800 сая төгрөг шаардлагатай ч орон нутаг хөгжүүлэх сангаас 240 сая төгрөгийг энэ ажилд зарцуулсан.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Энэ бол буруу. Орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгөөр Нутгийн удирдлагын ордон барьж болохгүй.

-Төрийн мөнгөөр хар зах барьж байгаа гэх юм?

П.Ганхуяг (Дорноговь аймгийн Засаг дарга): -Хөдөлмөрийн сайдын багцаас манай аймагт 100 сая төгрөг өгсөн. 50 саяар нь “Дорноговьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний төв” барьж байгаа. Энэ бол хар зах биш. Харин үлдсэн мөнгөөр нь вокзал дээр олон жил хоол зарж байгаа хүмүүсийг ажлын байртай болгосон гэв.

Сайншандын төмөр замын буудал дээр 66 хүн хоол зардаг байжээ. Эдгээр иргэнийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, төсөл бичүүлэн сонгон шалгаруулж 11 бүлэгт хоол зардаг мухлаг өгсөн байна. “Баяжих” бүлгийн ахлагч Э.Эрдэнэчимэг “Би 1994 оноос вокзал дээр хоол зарсан. Харин “Ажлын байр” төслийн хүрээнд хоёр хүнтэй хамтарч бүлэг байгуулан, хүнс борлуулах мухлагтай боллоо. Өмнө нь өдөртөө 15 мянган төгрөгийн ашиг олдог байсан бол одоо 35 мянган төгрөгийн ашигтай ажиллаж байна” гэлээ.