С.Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарт реформ хийгдэнэ
- Хүн амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэтэй Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрбээр энэ хуулийн төслийг санаачлагчдын нэг юм.
-Эрүүл мэндийн даатгалд засаглалын асуудал онцгой байр суурь эзэлдэг. Энэ асуудлыг шийдэх ямар гарцууд хуулийн төсөлд тусгагдсан бэ?
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон миний санаачилсан хоёр хуулийн төслийг нэгтгэх замаар боловсруулсан Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж байгаа.
Хуулийн гол үзэл санаа бол эрүүл мэндийн даатгалын засаглалын асуудалд чиглэж байгаа. Энэ талаархи ойлголт олон янз. Эрүүл мэндийн даатгал ямар засаглалтай байх вэ, энэ мөнгө төрийнх үү, эсвэл даатгуулагчдын мөнгө үү гэсэн асуудал байнга гардаг. Одоогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн Нийгмийн даатгалын сан гэсэн бие даасан хэлбэрээр явж байгаа. Нийгмийн даатгалын таван төрлийн сан байдгийн нэг нь Эрүүл мэндийн даатгалын сан юм.
Эрүүл мэндийн даатгалын сан цаашдаа бие даасан хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага байгаа. Засаглалын хувьд УИХ-аас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулдаг.
Энэ зөвлөл эрүүл мэндийн даатгалын бүтэц, зохион байгуулалт, даатгалын сангийн менежмент, хуваарилалтыг хариуцдаг, тэндээс шийдвэр гаргадаг, гарсан шийдвэр нь эрүүл мэндийн даатгалын системд хэрэгждэг ийм тогтолцоотой ажиллаж байна. Ер нь эрүүл мэндийн даатгал яваандаа цэвэр бие даасан байгууллага болох ёстой.
-Үндэсний зөвлөлд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах төлөөллийн оролцоо ямар төвшинд байгаа вэ?
-Эрүүл мэндийн даатгалд ажил олгогч, даатгуулагч, Засгийн газар гэсэн гурван талын оролцоо бий.
Энэ гурван оролцогчийн төлөөлөл эн тэнцүү байх ёстой.
-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдвэл иргэдийн хүсэн хүлээсэн үр дүн гарах уу?
Би 100 хувь өөрчлөлт хийгдэнэ гэж харж байгаа. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын хууль болон үйлчилгээ нь даатгуулагчаас хол, даатгуулагчийн оролцоогүй, даатгуулагчаас үл хамаарсан байдалтай явж байгаа. Ийм байгаа болохоор иргэд маш их гомдол гаргадаг. Эрүүл мэндийн даатгал төлөөд байгаа хэрнээ эрэлт хэрэгцээ, хүсэлт шаардлагыг хангахгүй байна гэж хэлдэг.
Энэ бол зүй ёсны шаардлага. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын хувьд даатгуулагчаа хаанд өргөмжилсөн хууль батлагдана.
Бүх санхүүжилт, мониторинг, үйл ажиллагаа зөвхөн даатгуулагчаар дамжиж явагддаг ийм тогтолцоонд шилжинэ. Ингэж байж эрүүл мэндийн салбар цэвэр өрсөлдөөний хэлбэрт шилжинэ. Энэ салбарт шинэчлэл өөрчлөлт явагдана.
-Одоогийн байдлаар даатгуулагчийн төлсөн мөнгөний дийлэнх нь эмнэлгүүдийг санхүүжүүлдэг. Энэ тогтолцоо яаж өөрчлөгдөх бол?
УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ
-Өнөөдөр даатгалын санхүүжилтийн 70 хувийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр урьдчилгаа хэлбэрээр төрийн монополь эмнэлгүүдэд шууд олгодог. Дээр нь эрүүл мэндийн салбарт хуваарилж буй төсвийн мөнгийг шууд олгож байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын эмнэлгийн удирдлагад “Хэн нэгэн Дорж, Дулмаагийн мөнгийг авч хэрэглэж байгаа шүү, тэдний мөнгөөр цалинжиж байгаа, урсгал зардлаа төлж байгаа шүү” гэсэн ойлголт төрүүлдэггүй.
Социализмын үеийн төсвийн зардлаар амьдарч байна гэсэн ойлголт нь хэвээр. Гэтэл Бат, Дорж маань эрүүл мэндийн даатгалаа төлөөд байгаа хэрнээ эмнэлгийн үүдээр оронгуутаа наад захын шээсний шинжилгээнд мөнгө төлж эхэлдэг. Өнөөх даатгуулсны ач холбогдол хаана байна гэж иргэд асуудаг нь үнэн хэрэгтээ зөв л дөө. Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, зөвхөн гүйцэтгэлээр төлбөр хийгдэнэ.
Хоёрдугаарт, даатгуулагч өөрөө эмчилгээ үйлчилгээгээ сонгох эрхтэй болно. Өнөөгийн жишгээр бол тодорхой хамрах хүрээ тогтоосон, тэр хүрээнд л эмнэлгүүд үйлчилдэг. Өөр эмнэлэгт үзүүлж болдоггүй, янз бүрийн бичиг баримт шаарддаг. Даатгуулагч эрүүл мэндийн цахим карттай болно.
Тийм карттай болсон иргэн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын газраас магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий ямар ч эмнэлэг, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй болно гэсэн үг. Жишээ нь, нийслэлийн нэг иргэн Дарханд явж байгаад гэнэт бие нь муудвал тус аймгийн аль ч эмнэлэгт цахим картаараа үйлчлүүлэх эрхтэй болж байгаа юм.
Ингэснээр даатгуулагч эмчилгээ, үйлчилгээгээ сонгодог, хэн нэгний тулган шаардалтад автахгүй болно. Өөрөөр хэлбэл, Тайланд, Сөүлд очоод аль эмнэлгээр үйлчлүүлэхээ өөрөө сонгодогтой адил эрхээ эдэлж байна гэсэн үг. Энэ нь даатгуулагчийн хувьд эх орондоо хүссэн эмчилгээ, үйлчилгээгээ авах боломжийг нээж өгч байгаа. “Тэр эмнэлэг сайн юм гэнэ” гээд танил тал, бусдын гар харах шаардлагагүй болно.
Даатгуулагч эмчилгээ, үйлчилгээ аваад түүнд сэтгэл ханамжтайгаа илэрхийлээд гарын үсэг зурмагц хөндлөнгийн мониторингийн байгууллага хянаад төлбөр хийхэд саадгүй гэсэн командыг эрүүл мэндийн даатгалын санд өгөхөд л даатгуулагчийн гүйцэтгэлээр нь тухайн эмнэлгийн дансанд шилжүүлнэ.
Энэ нь даатгуулагч сангийнхаа мөнгийг захиран зарцуулах эрхээ эдэлж байна гэсэн үг. Гуравдугаарт, даатгуулагч тухайн жилдээ эмнэлэгт огт үзүүлээгүй, хуулиар олгогдсон эрхээ эдлээгүй байлаа гэж бодъё. Гэтэл тэр хүний ар гэрт байнгын эмчилгээ, үйлчилгээ авах шаардлагатай өвчтэй хүн байж болно. Энэ хүний авах ёстой эмчилгээ, үйлчилгээний зардал авах дууссан тохиолдолд эмчилгээ, үйлчилгээ огт аваагүй гэр бүлийн хүнийхээ зардлыг шилжүүлж зарцуулдаг байхаар хуулийн төсөлд тусгаж өгч байгаа. Ингэснээр өрхийн даатгал руу нэг алхам урагшилж байгаа юм. Энэ бол даатгуулагчдын эрхийг хамгаалсан том алхам.
Дөрөвдүгээрт, зөвхөн өвдсөн хойно нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх биш, өвчлөхөөс урьдчилан сэргийлсэн, өвчлөхгүй байхад чиглэсэн урамшууллын арга хэмжээг тусгаж өгсөн.
Жишээ нь явган аялал, спорт клуб, фитнесст хичээллэсэн бол тухайн даатгуулагчид тухайн жилийн нийт санхүүжилтийн 10 хувийг урамшуулал болгож олгож болно. Жишээ нь, 1.3 сая төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авах эрхтэй даатгуулагч тухайн жилд өвчлөөгүй, дээр нь фитнесс клубт хичээллэсэн бол 10 хувь буюу 130 мянган төгрөгийг урамшуулал болгох өгөх заалтыг төсөлд тусгалаа. Нэг талаар спортын байгууллагуудад дэмжлэг болно. Нөгөө талаас даатгуулагчид эрүүл мэнддээ анхаарах хөшүүрэг болно.
-Даатгуулагч иргэнд үнэхээр ашигтай, эрх ашгийг нь эн тэргүүнд тавьсан хууль батлагдах юм байна. Харин энэ үйлчилгээг өгч байгаа эмнэлгийн эмч, ажилтнуудад яаж нөлөөлөх вэ?
-Эмнэлгийн эмч, ажилтнуудад маш том эерэг боломжийг бүрдүүлж байгаа. Эмнэлгүүд даатгалаас орж байгаа мөнгийг тогтмол хувьсах зардал хэлбэрээр авчихаар эмч нарт ямар ч өрсөлдөх сонирхол төрдөггүй. Төсвийн мөнгөөр тухайн жилээ аргацаагаад л өнгөрөөдөг.
Даатгуулагчаар дамжуулаад санхүүжилт олгогдож эхэлбэл эмнэлгүүдийн хооронд өрсөлдөөн бий болж эхэлнэ. Хэн илүү олон даатгуулагчийг өөртөө татаж эмчилгээ, үйлчилгээ үзүүлж чадна төдий хэмжээний санхүүжилт авна. Даатгуулагч татаж чадаагүй эмнэлэг дампуурна биз дээ.
Тэгэхээр тухайн эмнэлгүүд жинхэнэ өрсөлдөх чадвараа бий болгохын төлөө ажиллаж эхэлнэ. Орчноо сайжруулна, тоног төхөөрөмжөө шинэчилнэ, эмч, сувилагч нараа чадавхжуулна, сайн эмч, сувилагчаа барьж тогтоох шаардлага гарна, үүний тулд цалинг нь нэмнэ, нийгмийн асуудлыг нь шийднэ.
Жишээ нь, хөгжилтэй улс орнуудад эмч гэдэг мэргэжил маш өндөр үнэлэгддэг. Энэ хууль хэрэгжиж эхэлбэл мөн үүнтэй адил үнэлэгдэж эхэлнэ. Өнөөдөр сайн, муу эмч ялгаагүй сүлжээгээр нэгэн адил цалинждаг. Өрсөлдөөн байхгүй учраас сайн ч, муу ч ажилласан ижил цалин авдаг. Харин шинэ хууль мөрдөгдөж эхэлснээр эмч, ажилтнууд хөдөлмөрийн үнэлэмжээ бодитоор үнэлүүлэх боломж бүрдэнэ.
-Хувийн хэвшлийн оролцоог ямар төвшинд авч үзэж байгаа вэ?
Энэ жил нийгмийн даатгалын сангийн төвлөрүүлэх орлого 22 хувиар нэмэгдсэн.
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог бодитой бий болгох асуудал хөндөөгүй байна. Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалын салбар хуучин тогтолцоогоор байна. Бүх л бүтэн тогтолцооны шинэчлэл хийх гэж байгаа учраас бүх зүйлийг хамж оруулах бололцоо одоогоор алга байна.
Шилжилтийн явцад өмчийн олон хэлбэрийг бий болгох зорилт тавьж байгаа. Харин нэг зүйл тодорхой болж байгаа нь өрсөлдөөнд хувийн, төрийн эмнэлгийн ялгаа байхгүй болно. Даатгуулагчдаа хэн нь илүү үйлчилсэн нь санхүүжилтээ илүү авна. Тэр хэмжээгээр бэхжиж үйл ажиллагаа нь дэвжинэ.
Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт реформ хийгдэнэ, эрүүл мэндийн даатгалд шинэчлэл авчирна гэж онцолж хэлмээр байна.
-Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр гурван сайд ярилцаж байгаа гэсэн. Энэ ажлын явц ямар байгаа вэ?
-Яригдаж байгаа. Эцсийн шийд гараагүй байна. Төсвөө харж байж ярилцана. Эрүүл мэндийн даатгалын салбар хэн дуртай нь халбагаддаг хоол биш. Энэ бол таны, миний мөнгө.
Та бид хоёр эрүүл мэндийн ямар нэг эрсдэлд орсон тохиолдолд та бид хоёрт зарцуулах ёстой мөнгө. Гэтэл санд нь үлдэгдэл байна, авч ашиглая гэдэг байдлаар хандаж болохгүй. Өнөөдөр гэнэт байгалийн гамшиг тохиолдож, газар хөдөлбөл яах вэ.
Олон хүний амь нас эрсдэлд орлоо гэхэд хэн тэр үйлчилгээг хариуцах, хэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, хоол хүнсээр хангах вэ. Тэгэхээр эрсдэлийн сан заавал байх ёстой.
-Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл хүнд өвчтэй олон хүнд амьдрал хайрлана гэдэг утгаараа их буянтай үйлс болох нь ээ?
-Сүүлийн үед хорт хавдраар өвчлөхөөс эхлээд шинэ төрлийн өвчин их гарч байгаа. Ялангуяа саажилттай, зүрхний төрөлхийн цоорхойтой, уушиг, дотор эрхтний эмгэгтэй хүүхэд төрөх хандлага нэмэгдэж байна. Өвчтэй нэгнээ нэг ч гэсэн хоног амьд яваасай гэж хэн ч хүснэ шүү дээ.
Тэр хүслийг хангах гол хүчин зүйл нь мөнгө санхүү. Гэтэл тэр үйлчилгээг авах гэхээр мөнгөний бололцоо байдаггүй. Үүнээс болж маш олон иргэн амь насаа алдах эрсдэлтэй нүүр тулж байна. Эрүүл мэндийн даатгалаас өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээ санхүүжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй.
Үүнийг яаж шийдэх талаар гурван яамны хамтарсан яриа хэлэлцээ явагдаж байна. Манай яамнаас есөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах асуудал яригдаж байгаа. Энэ жил нийгмийн даатгалын сангийн төвлөрүүлэх орлого 22 хувиар нэмэгдсэн.
Өнгөрсөн оны төлөвлөгөө 980 тэрбум төгрөг байсан бол нэг их наяд 240 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Бид 14 хувиар нэмэх тооцоо оруулсан. Есөн тэрбум төгрөг их мөнгөтэй харьцуулбал бага мөнгө л дөө. Гэхдээ мөнгөн дүн утгаараа авч үзвэл нэг аймгийн бүтэн жилийн урсгал зардалтай тэнцэхүйц мөнгө.
Бид аль болох боломжтой талаас нь шийднэ. Өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээний санхүүжилтийн асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэдгийг маш сайн ойлгож байгаа.