Д.Ганхуяг: Хууль батлагдвал зүй бус монопольчлол хумигдана
Намрын чуулган завсарласан ч гишүүд үүрэгт ажилдаа анхаарал хандуулсаар байна. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үед Монголчууд хэрхэх ёстой вэ гэсэн асуудлаар улстөрчид, эдийн засагчид төдийгүй иргэн бүр санаа зовнин хэлэлцэж байгаа нь нууц биш. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ буурч байгаатай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнийн асуудал, үүнийг даган шударга бус өрсөлдөөний асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа билээ. Дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Р.Амаржаргал, Д.Арвин, Ц.Баярсайхан, Д.Балдан-Очир, С.Бямбацогт, Г.Занданшатар, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын гишүүд өнгөрсөн долоо хоногт Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Өрсөлдөөний тухай хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ. Энэ талаар төсөл санаачлагчдын нэг болох УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-Та бүхний өргөн барьсан Өрсөлдөөний тухай хуулийн төслийн талаар тодруулахгүй юу?
-Үнэндээ уг хуулийн төслийг 2008 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж, Р.Амаржаргал болон бидний хэдэн гишүүн Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан боловч сонгуулийн үйл ажиллагаа давхцаад хэлэлцэж амжаагүй юм. Ингээд шинэ УИХ, Засгийн газар бүрдсэн тул хэлэлцүүлгийн шатанд байсан хуулийн төсөл буцаагдсан. Харин удахгүй УИХ-ын удирдлагад энэхүү хуулийн төслийг өргөн барина. Өмнө нь Засгийн газар төслийг хэлэлцээд хууль санаачлагчдад ирүүлж байсан саналыг ерөнхийд нь тусгасан. Тиймээс Засгийн газар төслийг аль болох хурдан хугацаанд хэлэлцэж саналаа ирүүлнэ тэр тусмаа бидний хамтын зорилго биелэгдэнэ гэж үзэж байна. Хуулийн төслийн хувьд өргөн харилцаа зохицуулах учраас олон нийтийн саналыг авах шаардлагатай гэж үзсэн. Түүнчлэн энэ оны хаврын чуулганаар баталчихмаар байгаа юм.
-Хуульд оруулж байгаа үндсэн өөрчлөлт нь юу вэ. Өөрөөр хэлбэл, өмнөхөөсөө ямар ялгаатай вэ?
-Агуулга, зарчмын өөрчлөлт их орсон учраас шинэчилсэн найруулгын төсөл болох юм. Гол нь шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, зогсоох, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад анхаарсан байгаа. Түүнчлэн хууль зөрчсөн этгээдтэй тооцох захиргааны хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага тооцох байгууллагыг хорооны зохион байгуулалттай болгож хараат бусаар бие дааж ажиллах, хариуцлагаа үүрч чаддаг байх зэрэг зарчмын олон өөрчлөлтүүдийг тусгасан. Өнөөгийн олон улсын хандлага ч ийм байгаа.
-Хуулийн нэрний тухайд?
-Одоо мөрдөж байгаа Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль анх 1993 онд батлагдсан. Тэр
үед хуулийн нэрийн талаар гурван хувилбар яригдаж байгаад "Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай" гэдгийг сонгосон юм билээ. Харин өнөөгийн нөхцөл, байдал уг хуулийн хүрээнд илүү өргөн хүрээтэй нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулахыг шаардаж байна. Тухайлбал, шударга бус өрсөлдөөнийг зохицуулах чадамжтай, шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, хэрэглэгч болон зах зээлийг хамгаалах зэрэг олон зүйлийг нэрлэж болохоор байна. Тиймээс дээр дурьдсан харилцааг зохицуулах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан болохоор хуулийн нэр нь агуулгаа бүрэн илэрхийлж байх ёстой гэсэн шаардлага тавьсан юм. Энэ үүднээс төсөл санаачлагчид "Өрсөлдөөний тухай" гэж өөрчлөх нь оновчтой гэж үзсэн.
-Тэгэхээр зарчмын чанартай зарим зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Бидний санаачилсан төсөл маань зургаан бүлэг 34 зүйлтэй. Зарим зохицуулалтын тухайд товч дурьдмаар байна. Тухайлбал, ноёрхох үйл ажиллагаа буюу "давамгай байдлаа буруугаар ашиглаж өрсөлдөгчөө зах зээлд нэвтрэх, гарахад саад учруулах, өрсөлдөөн болон хэрэглэгчийг хясан боогдуулах" гэсэн шинэ нэр томьёог оруулсан. Өөрөөр хэлбэл, аж ахуй эрхлэгчдийг давамгай байдалтай, зүй ёсны монополь байдалтай гэж ангилсан. Зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгж гэдэг нь бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд нийгмийн дундаж зардал хамгийн бага байх нөхцөлийг хангахыг хэлдэг л дээ. Тэгэхээр энэхүү зүй ёсны монополь аж ахуйн нэгжийнхээ зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээний өөрчлөлт хүчин чадал, бодит зардал зэргийг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянах зөвшөөрөл олгох гэх мэт зохицуулалтыг төрийн байгууллагын зүгээс хийнэ гэсэн үг.
-Ерөнхийдөө монопольчлол хумигдана гэж ойлгож болох уу?
-Яг тийм. Энэ хууль батлагдвал зүй бус монопольчлол хумигдаж хэрэглэгчдийн эрх бодитой хамгаалагдана гэж үзэж байгаа. Мөн хэрэглэгчид стратегийн барааны үнийн үндэслэлгүй хөөрөгдөлтөөс хамгаалагдах боломжтой. Жишээлбэл, одоогийн мөрдөгдөж байгаа хуульд "Тодорхой бараа, бүтээгдэхүүний зах зээлд дагнан буюу бусад этгээдтэй хамтран, эсвэл харилцан хамаарал бүхий этгээдүүд үйлдвэрлэл, борлуулалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч" гэж үзнэ гэсэн байдаг. Гэтэл зах зээлийн гуравны нэг хувьд хүрээгүй ч давамгайлах байр суурьтай эсвэл зах зээлийн гуравны нэг хувиас их хэмжээг эзэлсэн ч нөлөө үзүүлэх чадваргүй байх тохиолдол зэргийг хамарч чадахгүй. Тийм учраас зах зээлийн гуравны нэг хувьд хүрээгүй ч өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулах боломжтой аж ахуй эрхлэгчийг зах зээлээс шахах, нэвтрэх нөхцөлийг хаан боогдуулах, бараа үйлчилгээний үйлдвэрлэл, борлуулалт, үнийн байдалд нөлөөлөх чадвартай нэг буюу хэд хэдэн аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтай гэж үзнэ гэсэн агуулгатай заалтыг нэмж оруулсан.
Үүнээс гадна, аж ахуйн нэгжүүд зохиомлоор барааны хомсдол бий болгож, үнийг өсгөх зорилгоор өөрийн барааны үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэх, бараа бүтээгдэхүүний үнийг хуйвалдан хэлцэн тохирох, зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, хэрэглэгчээр хуваарилах, уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа болон тендерт бараа бүтээгдэхүүний үнэ болон бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцох зэрэг өрсөлдөөнд харш олон үйл ажиллагааг хориглохоор хуулийн төсөлд тусгасан. Харин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол захиргааны хариуцлага хатуу хүлээлгэж, их хэмжээний торгууль оногдуулахаар болсон юм.
-Таны хэлж байгаагаар бол одоогийн Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах Засгийн газрын харьяа агентлагийг өөрчилж хороо болгож УИХ-ын харьяа болгоно гэсэн үг үү?
-Тийм ээ. Өөрөөр хэлбэл, статус нь дээшилнэ гэж ойлгож болно. Ер нь олон нийт болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар УИХ-ын гишүүд анхааралтай ажилладаг. Ажиллах ч ёстой. Хэдийгээр бидний гаргасан хууль, шийдвэрийг Засгийн газар биелүүлэх журамтай боловч УИХ-д хяналт тавих, байнга боловсронгуй болгох үүрэг бас бий. Зах зээлийн өрсөлдөөний зохицуулалт нь аж ахуй эрхлэгчдийн хувийн өмч, бизнесийн нэр хүнд, ашиг орлогын асуудалтай шууд холбогддог гэдэг утгаараа маш үнэн бодит, хуульд нийцсэн, шийдвэр шаарддаг. Иймд хамтын удирдлагын шийдвэр нь олон нийтэд нээлттэй, ил тод байдгаараа давуу талтай. Ингэснээр хороо хараат бусаар бие даан ажиллах боломжтой болно. Мэдээж олон улсын жишиг ч ийм байгаа. Тэгээд ч сая өргөн барьсан хуулийн төсөлдөө Засгийн газраас ирүүлсэн саналыг харгалзан Өрсөлдөөний зохицуулах хорооны есөн гишүүний тавыг Засгийн газар, хорооны даргын хамт дөрвөн гишүүнийг УИХ-аас нэр дэвшүүлэхээр болсон. Энэ утгаараа хороо чанга, хяналттай, эрх мэдэл болоод хариуцлага өндөртэй байгууллага болно гэж бодож байна. Мөн хорооны дарга, гишүүд байцаагчдын аюулгүй байдал, эрх зүйн баталгааг нарийвчилж тусгасан.
-Хууль зөрчигчидтэй тооцох хариуцлагын тухайд ямар заалт оров. Одоогийн хуулиар бол хууль зөрчсөн аж ахуйн нэгжийг 250 мянган төгрөгөөр торгохоор байгаа шүү дээ?
-Хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрсөн тул хуулийн хэрэглээ хоцрогдох нь мэдээж. Одоогийн хуулиар уг хуулийг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол аж ахуй нэгжийг дээд тал нь 250 мянган төгрөг, ажилтан, албан тушаалтныг 60 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар байгаа. Асар өргөн хэрэглээний бүтээгдэхүүн борлуулдаг давамгай байдалтай аж ахуй нэгжид өмнөх хариуцлага ямар ч нөлөө үзүүлэхгүй л дээ. Иймд дээрх асуудлыг шийдэх зорилтын үүднээс өргөн барьсан хуулийн төсөлд олон улсын жишигт нийцэхүйц байдлаар захиргааны хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, хууль зөрчсөн аж ахуй нэгжийг хийсэн үйлдэл, хэрэглэгчийг хохироосон хэмжээ зэргээс нь хамааруулан өмнөх жилийнх нь орлогын 2-10 хувиар торгож, хууль бусаар олсон орлогыг нь хураах, хариуцлага алдсан аж ахуйн нэгжийн ажилтан, холбогдох төрийн байгууллагын албан тушаалтныг үйлдлээс нь хамааруулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгохоор заасан.