Кувейтын Үндэсний Ассамблейн даргатай уулзав
Үндэсний Ассамблейн дарга, эрхэмсэг ноён Марзук Али Аль Ганимтай уулзалт хийлээ
2014.05.08

Кувейтын Үндэсний Ассамблейн даргатай уулзав

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ дахь Монгол-Кувейтын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Кувейтын бүлгийн гишүүн Су.Батболд нар Кувейтын Үндэсний Ассамблейн дарга, эрхэмсэг ноён Марзук Али Аль Ганимтай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Кувейтын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Марзук Али Аль Ганим хүндэт зочдыг Кувейтын Үндэсний Ассамблейн урилгаар айлчлан ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр Монгол-Кувейт хоёр улсын харилцаа жил ирэх бүр өргөжин хөгжиж байгааг онцлоод энэхүү харилцаанд хууль тогтоох дээд байгууллага, тэдгээрийн парламентын бүлэг хоорондын харилцаа үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг цохон тэмдэглэв. Энэ удаагийн айлчлал ч бас хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Кувейт Улсын хувьд 3.1 сая хүн амтай.

 УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Кувейтын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Марзук Али Аль Ганим Монголын парламентын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсанд талархлаа илэрхийлсний зэрэгцээ Монгол, Кувейтын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа дан ганц улс төр, эдийн засгийн салбарт бус бусад олон салбарт хөгжих боломжтойг онцлов. Түүнчлэн хоёр орны харилцааны цаашдын хөгжилд бүлгийн даргын хувиар дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдэж, эрхэмсэг ноён Марзук Али Аль Ганимд Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын мэндчилгээг уламжиллаа.

Үндсэн хуульт хаант засаглалтай бөгөөд газрын тосны нөөцөөрөө дэлхийд тавд, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ дэлхийд гуравт ордог байна. Газрын тосны бүтээгдэхүүн нь тус улсын экспортын орлогын 95 орчим хувь, Засгийн газрын орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг байна.

Монгол, Кувейт Улсын хооронд 1975 оны долдугаар сард дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2009 онд Кувейт Улсад Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдсан байна