С.Одонтуяа:ҮХАА-н сайдыг яаралтай томилох ёстой
Бүлгийн дэд дарга С.Одонтуяа
2014.05.27

С.Одонтуяа:ҮХАА-н сайдыг яаралтай томилох ёстой

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл, УИХ-ын даргын мэдээлэл, Чингис бондоос санхүүжүүлэх зарим төсөл болон энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонсч, байр сууриа нэгтгэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар айлчлал хийгээд ирсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон "Роснефть" компанийн Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүстэй уулзсан. Энэ удаагийн айлчлал үр дүнтэй болсон гэдгийг Ерөнхий сайд АН-ын бүлэгт танилцуулсан бөгөөд хамтарсан төмөр замын асуудал болон хийн хоолойг Монголоор дамжуулах, "Роснефть" компаниас импортын шатахуун авах талаар гэрээ хийсэн гээд олон чухал ач холбогдолтой айлчлал болсон гэж дүгнэжээ. Мөн тус бүлгийн хуралдаанаар "Чингис" бондын мөнгөнөөс Жижиг, дунд үйлдвэрийн санд 100 сая ам.доллар олгохыг дэмжсэн байна. Энэхүү төслөөр 579 жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр санхүүжилтийг "Чингис" бондоос гаргаж байгаа юм. Үүнийг АН-ын бүлэг дэмжсэн байна. Үүнээс гадна цементийн дотоодын хэрэгцээг хангах зорилгоор "МАК", "Монполимент" хамтран Баян-Өлгийн аймагт байгуулж буй компанид "Чингис" бондын мөнгөнөөс хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг АН-ын бүлэг дэмжсэн гэлээ.

Үүнээс гадна тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хууль, НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга, Бараа, ажил үйлчилгээний хууль буюу тендерийн тухай хуулийн төслүүдийг дэмжсэн байна. Үүний дараа бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хийн хоолойг Монгол Улсаар дамжуулахыг ОХУ-ын талаас ямар байр суурьтай хүлээж авсан бэ?

-Энэ талаар Ерөнхий сайд мэдээлэхдээ, Монголын талаас бүх талын дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ хэлсэн гэсэн. ОХУ-ын талаас ч нааштай хариу хэлсэн гэдэг мэдээлэл өгсөн.

-Үйлдвэр,  хөдөө аж ахуйн яам болон Уул уурхайн яам хоёулаа ачаалал ихтэй салбар. Энэ хоёр салбарыг нэг сайд хариуцаад явж байгаа. Энэ байдал хэр удаан үргэлжлэх юм бэ. АН-ын бүлэг энэ асуудал ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын асуудлыг бүлгийн  хуралдаанаар хэлэлцээгүй. гэхдээ энэ салбарын сайдын асуудлыг яаралтай оруулж ирж, томилох нь зүйтэй гэдэгт АН-ын бүлгийн гишүүд санал нэгтэй байгаа.

-Дараагийн сайд "давхар дээл"-тэй байх уу эсвэл дан дээлтэй байх уу. АН-ын бүлэг ямар суурьтай байна вэ?

-Энэ талаар мэдээлэл алга байна. Бүлгийн зүгээс энэ талаар ярилцсан зүйл алга. Хувь хүний хувьд нэгэнт "давхар дээл"-ийн асуудлаас болж ийм байдал үүссэн учраас гаднаас сайдаа томилох нь зүйтэй гэж бодож байна.