Гурвансайхан суманд хөгжлийн түнш нарын уулзалт боллоо
Хөдөө орон нутагт иж бүрэн инженерийн ийм жишиг дэд бүтэж бий болгоход 3 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа.
2014.06.20

Гурвансайхан суманд хөгжлийн түнш нарын уулзалт боллоо

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт 250 мянган ам доллар болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Дундговь аймгийн Гурвансайхан сумыг шинэчлэж байна.

Энэ жилийн хувьд 2014 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан “Сумын төвийн шинэчлэл” төслөөр 16 сум, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 8 сум, концессын гэрээгээр 50 суманд инженерийн дэд бүтцийн ажил хийгдэж эхлэх юм.

Төслийг богино хугацаанд үр дүнд хүргэж болдгийн тод жишээ Гурвансайхан сум болж байна.

Хөгжлийн түнш нарын уулзалтанд НҮБХХ, Азийн хөгжлийн банк, Жайка, Мерси Кор зэрэг олон улсын байгууллагууд АНУ, Канад, Франц, Япон, Австрали зэрэг орны төлөөлөл оролцлоо.

Ердөө 2 сарын хугацаанд тус сумын хөгжлийн ерөнхий төлөвлөлт хийгдэж, сумын шинэчлэлийн ажлын хүрээнд гадна усан хангамж, дулаан хангамжийн шугам сүлжээ, гадна ариутгах татуургын систем, сумын төв дотор 2 км авто зам, 5000 м2 явган хүний зам, 84 ширхэг гэрэлтүүлэг зэрэг ажлууд хийгдэж дуусч байна.

Инженерийн шугам сүлжээ, дэд бүтийн ажлыг гүйцэтгэж байгаа Атмор компани шинэ дэвшилтэт технологийг энэ суманд нэвтрүүлж байна.

Тухайлбал зам тавьж буй газрын хөрсийг ашиглан тухайн замын чанар сайтай суурь болгох боломжтой. Швейцарь улсын concolid solidry бодис нь ус нэвтрүүлдэггүй хөрс бий болгох анхны шийдэл болж өгчээ.

Энэ мэт давуу шийдлүүдийг тусгаж өгсөн гээд нэрлэвэл олон ажил бий. Одоо хөрөнгө санхүүжилтийн хувьд хандивлагч буюу донор орнуудад хандах шаардлага тулгарчээ.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө нийлээд 600 орчим сая төгрөг.

Хөдөө орон нутагт иж бүрэн инженерийн ийм жишиг дэд бүтэж бий болгоход 3 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа.

Тиймээс орон нутгийг чадавхижуулах, хөдөөгийн хүн амын амьдран суух орчин  ахуйг сайжруулахад төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг хандивлагч байгууллагуудад Барилга, хот байгуулалтын яам жишиг сумын жишээн дээр түшиглэн хүсэлт тавьлаа.

Хөгжлийн түнш нарын уулзалтанд НҮБХХ, Азийн хөгжлийн банк, Жайка, Мерси Кор зэрэг олон улсын байгууллагууд АНУ, Канад, Франц, Япон, Австрали зэрэг орны төлөөлөл оролцлоо.

Мөн энэ өдрүүдэд манай улсад ажиллаж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах бөгөөд НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Хаолянь Шу Дундговь аймгийн Гурвансайхан суманд хийгдэж буй сумын төвийн шинэчлэлийн ажлыг очиж үзлээ.