Багахангай дүүргийн нийгмийн хамгааллын салбарынхан шинэ байртай боллоо
ХАХНХЯ-наас салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх, салбарын орон нутгийн байгууллагуудын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр нэлээд анхаарч, томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа.
Уг ажлын хүрээнд өнгөрсөн баасан гарагт нийслэлийн алслагдсан дүүрэг Багахангай дүүргийн нийгмийн халамжийн хэлтсийн байрыг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, НДЕГ-ын дарга Ц.Уртнасан зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
С.Эрдэнэ: Багахангай дүүргийн иргэдэд үйлчлэх үйлчилгээний орчинг сайжрууллаа
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Нийгмийн халамж, нийгмийн хамгааллийн чиглэлээр даатгуулагч, үйлчлүүлэгч нарт үзүүлэх үйлчилгээг цар хүрээг нь өргөтгөх, үйл ажиллагааг нь сайжруулахыг гол зорилгоо болгон ажиллаж байгаа.
Ер нь зарим аймаг дүүргийн үйлчилгээний орчин жаахан тааруухан байсан.
Тиймээс ч энэ асуудалд хөрөнгө оруулалт хийж, орон байрны асуудлыг сайжруулж, тухайн орон нутагт байгаа үйлчлүүлэгчийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилт тавьж ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /өнгөрсөн баасан гараг/нийслэлийн хамгийн алслагдсан дүүргүүдийн нэг Багахангай дүүргийн иргэдэд үйлчлэх үйлчилгээний орчинг, ажилчдын ажиллах нөхцөлийн сайжруулахаар нийгмийн даатгалын хэлтсийн байрны өрөгтөлийг барьж, ашиглалтад оруулж байна. Ингэснээр даатгуулагчийн хамрах хүрээ өргөн болно. Улмаар үйлчилгээний чанар дээшлэнэ гэж харж байгаа” гэв.
Цаашдаа нийгмийн хамгааллын салбарт хийж байгаа энэ мэт өөрчлөлтүүдийг эрчимжүүлэж, иргэд, даатгуулагчдад очиж байгаа нийгмийн хамгааллын бодлого, түүний хүртээмжийг дээшлүүлэх, сайжруулахад анхаарлаа чиглүүлж ажиллах талаар энэ үеэр салбарын сайд нь онцолж байлаа.