“хар” өдрийн зургаан жилийн ой өнөөдөр тохиож байна.
2014.07.01

Амь үрэгдсэн хүмүүст гэрэлт хөшөө босгохыг шаардлаа

Сонгуулийн маргаа­наас үүдсэн асуудал хурц­даж, таван залуугийн амь насанд хүрч, олон хүнийг шоронгийн хаалга татахад хүргэсэн “хар” өдрийн зургаан жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг улс төр, эрх мэдэлтнүүдэд сануулах үүднээс хо­хир­сон иргэдийн ар гэр, “Долдугаар сарын 1-ний хохирогчдын холбоо”, “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн” ТББ, “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас өчигдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн юм. Хохирогчдын зүгээс 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлыг улс төрчид мартаж байна.

Мөн өдий болтол  хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулахгүй  байгаа төдийгүй буруутай этгээдийг эцэслэн тог­тоож ард түмэнд нээлттэй мэдээлэхгүй байгаад гомдолтой байна гэлээ.Тиймээс “Хохирогчдын холбоо”-ны зүгээс улсаас хүсэж байгаа зарим зүйлээ хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дайсан юм.

Тэд амь үрэгдсэн таван залуугийн гэр бүлд  албан ёсоор эмгэнэл илэрхийлж, залуусын гэрэлт хөшөөг босгож өгөхийг хүслээ.

Түүнчлэн долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор хоригдсон 245 иргэнийг цагаатгах ёстой, ард түмний хөрөнгөөр босгосон

“Тусгаар тогтнолын ордон”-г хураан авах хэрэгтэйг хэлж байна.

Мөн гэмтэж бэрт­сэн залуусыг бүрэн эм­чил­гээнд хамруулж, 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр бууны су­манд шархадсан хоёр залуу одоог хүртэл бүрэн гүйцэд эмчилгээ хийлгэж чадаагүй хэвээр байгаа учраас эмчлүүлж өгөх шаардлагыг тавьж байгаа юм.

Энэ үеэр 17-хон насандаа үймээний хохирогч болж хөлийн шагайндаа буудуулж хөгжлийн бэрх­­шээлтэй болсон Ж.Батзаяа “Тухайн үед нөхөн олговор гэж 12 сая төгрөг өгсөн, 2013 онд нэмж 20 сая төгрөг өгсөн. Гэтэл би 30 удаа хагалгаа хийлгэж, эмчилгээний зардал 120 гаруй сая төгрөг болчихоод байгаа.

Үүний хажуугаар сурах, ажиллах ямар ч боломжгүйн дээр хөлөө тайруулахад хүрээд байна. Хүний өвдөг урагшаа нугалардаг бол минийх хойшоо нугалардаг. Солонгос эмч нарт үзүүлэхэд эмчилгээ хийх боломжгүй гэсэн.

Ийм байдалд хүрчихээд байхад эмчилнэ, эдгээнэ гээд амлаад гарсан УИХ-ын гишүүд чимээгүй алга болчихлоо. Миний хувьд улсаас мөнгө нэхэхгүй. Зүгээр л эмчлээд өгөөсэй гэж хүсч байна” хэмээн нулимс дуслуулан ярилаа.

Хэвлэлийн хурлын үеэр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Төр ард иргэддээ хоёр нүүрээр ханддаг байдлаа болих хэрэгтэй, хохирсон хү­мүүсийн сэтгэл са­нааны хохирол хэзээ ч барагдахгүй.

Төрийн өндөрлөгүүд ард түмнээ айлгаад, мөнгөтэй, эрх мэдэлтэй нь өөрийнхөө талд хэргийг шийддэг гэсэн буруу ойлголттой байвал эндүүрэл шүү гэдгийг хатуу хэлмээр байна. Иргэний хөдөлгөөнүүд, үндсэрхэг үзэлтэй залуус нийлээд газар нутаг, эх орныхоо төлөө зохион байгуулалттай тэмцэх болно” гэдгээ хэлсэн юм.