2010.03.22

Д.Ганхуяг: 1996 оноос хойш сонгогдох болгондоо сайд болсон хүмүүс бий албан тушаалын төлөө явсаар байгаад юмыг их жижигхэн хардаг болчихож

-Та хоёр парламентад улиран сонгогдсон тулхтай гишүүний нэг. Гэвч сүүлийн үед З.Энхболд, С.Эрдэнэ гишүүн хоёрыг дагаж Ардчилсан хүчний холбоо байгуулж яваа болохоор улс төрийн ямар нэг алхам хийх гэж байгаа юм болов уу гэсэн  бодол төрүүлж байна?

-Улс  төр үзэл баримтлалтай байх ёстой. Бидний харьяалагддаг АН ардчилсан буюу либериал, консерватив үзэлтэй. Энэ нь дэлхийн улс орнууд, иргэд ард түмний дунд нийтлэг байдаг үзэл. Бид ямар ч тохиолдолд олонх болж байсан ч, цөөнх болж байсан ч үзэл баримтлалаа барьж явах ёстой. Ер нь улстөрчид, улс төрийн нам үзэл баримтлалгүй болчих юм бол зөвхөн засгийн эрх суудал сандал болоод явчихдаг тал бий. Хоёрдугаарт улстөрчид, улс төрийн намд нийт ард иргэд дүн тавихдаа гаргаж тавьж байгаа бодлого, бодлогоо шийдвэр гаргаж байгаагаар дүгнэдэг. Энэ бодлого доороосоо гарах ёстой. Зөвхөн намаар, УИХ дахь бүлгээр ярьж шийдвэр гаргадаг, гарч байгаа шийдвэр заримдаа хангалтгүй гардаг. Ер нь гадныхан судалгаа хийсэн байдаг юм билээ. Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын бизнесийн орчинг сайжруулахад юу нь болохгүй байна гэж. Нэгдүгээрт хүнд суртал, хоёрдугаарт хууль хэрэгждэггүй, янз бүрийн зөвшөөрөл бичиг, лиценз авахад тухайн мэргэжилтнүүд нь ажлаа мэддэггүй, зөвшөөрөл өгдөггүй явсаар байгаад хэлтсийн дарга, салбарын сайд, сүүлдээ бүр ерөнхий сайд хүртэл явдаг гэдэг. Ер нь манайд бүх салбарт асуудал байна. Энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Манай Ардчилсан хүчний холбоо ТББ л даа. Өнөөдөр даяаршлын зуунд өөрчлөлт шинэчлэлийн хурдаар хөгжиж байна. Манай хөгжил удаан хурдасгах ''түүчээ байя гэж" зорьж байгаа. ТББ учраас намын харьяалал ямар ч хамаа байхгүй. Хоёрдугаарт улс төрийн нам улстөрчид, нам хоорондоо оновчтой бодлого, оновчтой шийдвэрээр өрсөлдөх ёстой. Үзэл баримтлалгүй улс төр, хөдөлмөрлөөгүй хөрөнгө нийгэмд газар авбал их асуудал үүснэ. Монголоо шинэчилье, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллая, гаргасан хуулийн хэрэгжилтэд анхаарал тавья.аль болохоор бага хугацаанд үр дүнтэй ажиллая гэсэн зорилт тавьж байгаа.

-АН-ын дотоод сонгууль болж дүүргийн намын гишүүд нь хоёр тал хуваагдчихсан байгаа. Баянзүрх дүүргийн хувьд ч мөн адил. Та БЗД-ээс ГЗ-д багтсан хүний хувьд аль талд нь байна вэ?

-Улс төрийн намын төлөвшил чухал. Хэдийгээр улс төрийн намд  харьяалалтай ч гэсэн Монгол улсын иргэд. Бужигнаан байвал Монгол улс ерөнхийдөө л тийм дүр зурагтай байна гэсэн үг. Улс төрийн намын тухай хууль, намын дүрэм журмын хүрээнд явагдаж байгаа асуудлыг шийдэх байгууллага АН-д бий. Ер нь ротацийг шинэчлэл гэж ойлгох ёстой. Бодлого тодорхойлох өрсөлдөөн явагдаж байна. Тэрийг тухайн орон нутгийн намын хороо нь шийдээд явах ёстой. Баянзүрх дүүрэг жаахан асуудалтай л байгаа юм шиг байна лээ. Би нэгэнт намын тухай хуулиа мэдэж байгаа, дүрмийн авторын хувьд дүрэм журмын дагуу асуудал нь батлагдсан болохоор дүрэм журамдаа нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа хууль ёсны АН-ын Дотоод сонгуулийн хороо баталгаажуулсан Пүрэвдаваа дарга оролцсон намын хуралд нь очсон. Хурал болсон процесс, Пүрэвдавааг намын дарга болгоход хуульд нийцэж үү, үгүй юу гэдгийг хуулийн байгууллага хянаад, Пүрэвдаваад тамгыг нь өгөөд нөгөө тамгыг нь хүчингүй болгосон юм билээ. Тэгэхээр би хууль дүрэмд итгэж байна ш дээ.

-Энэ дотоод сонгуулиар ГЗ, ҮЗХ-нд МоАХ тэр тусмаа С.Эрдэнийн хүмүүс олонх болж байгаа гэж яригдаад байсан. "Алтан гадас"-ыг шахах, хариуд нь "Алтан гадас"-ынхан өөрийнхөө хүмүүсийг авч үлдэх ширүүн тэмцэл болж байгаа бололтой?

-Хэдийгээр ардчилсан үзэлтэй ч гэсэн, нам дотроо хэрэгжүүлэх байр суурь, үзэл бодол өөр өөр байдаг. АН-д нэг үзэгдэл байна. Ерөөсөө л эрх барих дээд байгууллага ҮЗХ-ндоо олонх байх юм бол юуг ч хийж болно гэсэн ойлголт давамгайлаад, тэр нь сайн биш л дээ. Миний хувьд алц нь оновчтой бодлого явуулж байна, аль нь нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байна, хэн нь ажил хийж чадаж байна тэрийг л дэмжинэ. Яахав далд тэмцэл биш ил тэмцэл юм, байх л ёстой. Идээ бээр янз янзын юм байвал шахаж л байя. Социализмын үеэс ялгаатай нь шударга өрсөлдөөн хуульд нийцсэн өрсөлдөөн хүнээ хөгжүүлдэг. Улстөрчдийн хувьд ч мөн адил.

-Намын хяналтын хорооны дарга нь С.Эрдэнийн хүн боллоо. Одоо маргаантай асуудлаа С.Эрдэнэ гишүүний эрх ашигт нийцүүлж шийдээд явчихна гэсэн яриа байна. Тийм болохоор Ардчилсан хүчний холбоо улам хүчирхэгжинэ гэсэн үг байх? Тэгэхээр намын даргаа өөрчлөх асуудал яригдах болов уу?

-Эрдэнээ ч гэх юм уу, "Алтан гадас" ба бусад фракц нь олонх болсон юм уу гэж харагдаад байна. Намын даргын асуудал манай дүрэмд тодорхой заачихсан байгаа. 4 жилийн хугацаатай. Хоёрдугаарт бид 2008 онд тодорхой олонх болсон МАХН-аас санал тавьж байгаа юм чинь хамтраад явъя гэсэн шийдвэр ҮЗХ гаргаад, хамтарсан засгийн газарт орсон. Өнөөдөр түүнээс буцах шалтгаан тодорхой бус байгаа. Сайн ажиллахгүй байна, тодорхой үр дүн гарахгүй байна аа, ард иргэдийг төрдөө итгэх итгэлийг бий болгож чадахгүй байна гэж илүү сайн ажилла гэж шахаж шаардана гэж бодож байгаа. Ардчилсан хүчний холбооны зорилго бол намын дарга биш. Зүгээр шаардлагатай  үед шаардлагатай шийдвэрээ гаргана.

-3 .Энхболд гишүүн АН-ын даргад өрсөлдөөд унасан, даагаа нэхэх зорилгоор АХХ байгуулагдсан гэж ойлгоод байдаг ш дээ?

-Ерөөсөө тийм юм байхгүй. Нам дотроо ч бид нээлттэй улсууд, бодлогоор өрсөлдье гэж байгаа. АХХ сайн ажиллаад нийгэмд байгаа олон асуудлыг шийдэж чадвал АН-д ч хэрэгтэй, улс оронд ч хэрэгтэй. УИХ-д ороод чанга хашгирахад түүний талд шийдэгдэж байна. Манай улс төр эрх зүйн шинэтгэл тодорхой түвшинд явагдаад ирсэн. Одоо мэргэжлийн түвшинд хийх шаардлагатай байна. Үүнийг зөвхөн 76 хүн мэдэх биш, олон залуучууд олон эрдэмтэд орох шаардлагатай байна. Аль болох өндөр боловсрол эзэмшсэн юмыг зөв өнцгөөс нь хардаг хүнтэй мэтгэлцэж чаддаг хүмүүсийг, багаар ажиллаж чаддаг монголчуудыг бий болгоно.

-Та уг нь Архангайн хүн. БЗД-ээс хоёр удаа сонгогдчихлоо. Тойргоо сольё гэсэн бодол байдаг уу?

-Баянзүрх, Налайх дүүргийнхэн надад хоёр удаа итгэл хүлээлгэсэн. Итгэлийг нь дааж ажиллахыг боддог. Архангайн уугуул иргэн мөн л дөө. Анх 1989 онд ардчилал эхэлж байхад "Говь" дээр салбарыг нь байгуулаад 2 жилийн дараа шахагдсаар байгаад ажлаасаа гарч байсан. Тэр үед дөнгөж 27-28 настай залуу байсан. Тэгээд бизнес хийсэн. Америк хөгжилтэй орнуудын жишгийг харж байхад сенат Конгрессийн гишүүд нэг зраас үзсээр байгаад дуусдаг юм билээ. Тийм ч байх учиртай.

-Ардчилсан хүчний холбооныхныг хамтарсан Засгийн газрыг унагачихаад дараа нь сайд болох гэсэн сонирхолтой бүлэг хүмүүс байдаг гэж ойлгодог, тэгж ч хэлдэг шүү дээ?

-Эсрэгээрээ дандаа сайд болдог хүмүүс тэгж хэлээд байгаа юм. 1996 оноос хойш ногдох болгондоо сайд болсон хүмүүс бий. Хийж үзээгүй сайд гэж байхгүй хүн байна. Зарим хүмүүс албан тушаалын төлөө явсаар байгаад юмыг их жижигхэн хардаг болчихож.  Өөртэйгээ адилхан гэж бодоод, нөгөө "юун гуя" гэдэг шиг л юм болох юм.

-Та өөрийгөө  нэг салбар  яам аваад явчих чадалтай гэж үнэлнэ биз дээ?

-Манайх 76 гишүүнтэй. 2001 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг дордуулсан 7 өөрчлөлт гэдэг. Ерөнхий сайд гарцаагүй УИХ-ын гишүүн байх ёстой, бусад салбарын сайдууд нь УИХ-ын гишүүн болоогүй хүмүүс байх хэрэгтэй. Ер нь сайд болох гэж УИХ-д ордоггүй ш дээ. УИХ-ын гишүүний хийх ёстой ажил асар их байгаа. Сайн хууль боловсруулж, хэрэгжилтэд   нь  хяналт тавина. Орон нутагт нь эрх мэдлийг нь өгье. Хүн болгон сайд      болохын төлөө төрчихсөн юм шиг л байх юм. Би тэгж хөөцөлддөг ч үгүй. Өөрийгөө дайчлаад нөхөдтэйгээ хамтраад явахад ямар ч ажлыг хийж чадна гэж боддог.

-Та японд боловсрол эзэмшсэн, Япончуудтай их ойр ажилладаг хүн. Сая аварга Дагвадорж зодог тайлснаас болж Монгол Япон дамнасан их шуугиан боллоо. Дагвадорж ирчихээд япон сэтгүүлчийн асуултад хариулахгүй гэж байх жишээтэй. Та үүнийг яаж хүлээж авсан бэ?

-Сумо бөх японы үндэсний спорт, эзэн хааны шагнал өгдөг. Японы онцлогийг харуулдаг. Тийм учраас японы ард иргэд дунд сайн барилдаж байгаа бөх нь үндэсний баатар шиг хүндлэгдэж олны анхааралд байдаг. Сумо бөхөөр монгол бөхчүүд үнэхээр гайхамшигтай барилдаж байгаа учраас Монгол Японы харьцаанд үнэхээр их үүрэг гүйцэтгэж байгаа. Гэхдээ усыг нь уувал ёсыг нь дагана, хүн болгон хууль тогтоомжийн өмнө тэгш эрхтэй байдаг болохоор баримтлах л ёстой. Би сая Японд айлчилсан. Ерөнхий сайд, Их хурлын дарга нь хүлээж авч уулзсан,   нөхөд   хамгийн эхлээд бид ч гэсэн харамсаж байна, харамсалтай байна. Дараагийн барилдаж байгаа бөхчүүдээ ийм асуудалд оруулахгүйн тулд сумо бөхийн холбоо, менежерүүд нь сайн анхаарч ажиллах ёстой юм аа гэсэн. Асуудал нь хуулийн хүрээний асуудал байсан болохоор хэцүү л байсан байх.

-Та "Алтан гадас"-ын угшилтай хүн.

-Би МСДН-ын 400 дахь гишүүн. АН-тай нэгдэхэд орж ирсэн. Зөв юман дээр би фракцлахгүй. Өөрийн гэсэн үзэл бодолтой хүн. Хуучин "Алтан гадас" гэж бүртгэгдэж байсан хүмүүс АХХ-н дээр бараг 50-60 хүн байгаа юм биш үү. З.Энхболд гишүүн, Д.Одхүү гишүүн гээд л...

-Сэдванчиг гишүүн байгаа юу?

-Бид 18 настайгаасаа хойш өдий хүртэл 20 гаруй жил цуг явна.

-Та хоёр Японд хамт төгсч ирсэн. "Говь"-д хамт ажиллаж байсан. Харин та хоёр"Говь"-ийнхоо хувьцааг зарсан гэж сонссон.

-Би 1992 онд "Бридж" компанийг байгуулаад Говь"-иос гарсан. Сэдээ үлдээд 2 удаа захирлаар нь ажиллаж байсан. Манайх Говь"-ийн хувьцааны 12 хувийг барьж байсан. Өмч хувьчлалд оролцсон, ялагдсан. Тэгээд "Бридж" группын хувь нийлүүлэгчид шийдвэр гаргаад хувиа зарсан.

-Таныг хөрөнгө оруулгын мэдүүлгээ хамгийн үнэн зөв бөглөдөг гишүүн. Таны хөрөнгө орлогын мэдүүлгийг хараад зарим хүмүүс ухаан алдах шахаж байсан гэдэг. Хэд орчим төгрөг байсан юм бэ?

-Надад нуух юм байхгүй. Бүх юм ил тод байсан. "Бридж"  групп байгуулагдсанаасаа хойш 20 жил болоход татварын маргаан ганц удаа гарч байгаагүй, их шударга явж ирсэн. Таарсан дугуйнууд нийлж компани байгуулсан, надтайгаа таарсан хууль яс биелүүлдэг хэдэн хүн хамтарсан. Бизнес нь ч бас тийм юм шиг байгаа юм. Хэвийн л явж байгаа. Ил тод байгаа юм чинь харин ч амар юм. Хадгаламжинд маань 360 сая төгрөг байл уу даа. Одоо ч тойргийнхонтойгоо хувааж идсээр байгаад нэлээн дундарч байгаа. (инээв) Хүний төлөө зориулсан юм, бодоход сэтгэлд сайхан шүү дээ.

- Ярилцсанд баярлалаа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.