Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум боллоо
Эрчим хүчний сайд Д.Зоригт
2015.01.23

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сэргээгдэх эрчим хүчний зургаа дахь удаагийн Үндэсний форум Корпориат зочид буудалд болж байна.

Үндэсний форумыг нээж УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ ”Манай орон нар, салхи, усны эрчим хүчний үлэмж нөөц баялагтай билээ. Энэ нөөц баялагийг орчин үеийн өндөр технологи ашиглан эргэлтэд оруулснаар эрчим хүчний салбарын хөгжилд түлхэц болох их баялаг бүтээх боломж байна.

Бид энэ чиглэлээр дэлхийн бусад орнуудын туршлагыг судлан хэрэгжүүлэх талаар олон улсын байгууллага, бусад орнуудтай идэвхитэй хамтран ажиллах болно.  Манай улс  сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар эхний алхамууд хийж тодорхой үр дүн, амжилтад хүрсэн. Засгийн газраас малчин өрхийг эрчим хүчээр хангах зорилтыг үндэсний хэмжээнд тавьж хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр хөдөөгийн бараг бүх малчин айлд сэргээгдэх эрчим хүчийг амжилттай хэрэглэж байна.

Одоо сэргээгдэх эрчим хүчийг хот суурин газар, ялангуяа эрчим хүчний дутагдлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, Улаанбаатар хотын болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах талаар их ажлыг хийх шаардлагатай. Дэлхийн улс орнууд,  ялангуяа манай урд хөрш БНХАУ сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар тодорхой амжилтад хүрсэн байна.

Бид үүнээс хоцрохгүйг хичээх ёстой. Өнөөдөр энэ форумын үеэр та бүхэн сэргээгдэх эрчим хүчний  нөөц боломжоо хэрхэн ашиглах, эрчим хүчний дутагдлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах , Улаанбаатар хот болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний технологийг өргөнөөр ашиглах зэрэг асуудлыг хэлэлцэн яамнаас шинээр боловсруулж байгаа “Эрчим  хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-т сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудлыг хэрхэн тусгах, бодлогын түвшинд ямар арга хэмжээ яаралтай авах шаардлагатай байгаа талаар нухацтай хэлэлцэж үнэтэй санал зөвлөмж гаргана гэдэгт найдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны зургадугаар сарын 26-ны өдөр “Зүүн хойд Азийн сэргээдэх эрчим хүчний хөгжил” сэдэвт олон улсын хурлын нээлтэд хэлсэн үгэндээ “Монголд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлээд цааш нь экспортлох, худалдах зорилго тавьж буй “Гобитек”, “Азийн супер сүлжээ” санаачлагыг дэмжиж ажиллах нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сайхан боломж юм” гэж цохон тэмдэглэсэн байдаг.

Бид энэ санаачлагыг эхлүүлэх Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн амжилттай урагшлуулж байна. Цаашид усан цахилгааг станц, нар, салхины эрчим хүчийг ашиглан Зүүн хойд Азийн орнуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх болно” гэв.

Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний форумд УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун оролцож “Сэргээгдэх эрчим хүчний тогтвортой хөгжил ба ирээдүй” гэсэн онцлох илтгэлийг тавьлаа.

Дараа нь Үндэсний форумд оролцогчид “Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний хөтөлбөр ба хуулийн хэрэгжилт”, “Сэргээгдэх эрчим хүчний зохицуулалтын бодлого”, “Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифын асуудлыг шийдвэрлэх арга замууд” гэх мэт 10 гаруй илтгэл, танилцуулгыг сонсч, хэлэлцлээ.