Баянгол дүүрэг ахмадуудаа хүлээн авлаа
Ахмадуудаа хүлээн авлаа
2015.02.17

Баянгол дүүрэг ахмадуудаа хүлээн авлаа

Баянгол дүүргийн удирдлагууд өнгөрсөн амралтын өдрөөр дүүргийнхээ ахмадуудыг хүлээн авч, сар шинийн мэнд дэвшүүллээ. Энэ өдөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, орлогч дарга Г.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс ирж, ахмад буурлууддаа мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Ахмадуудаа хүлээн авах үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар тайлагнан  “Өнөөдөр Монголд ахмадууд хүүхэд харах, гэр сахих гэх мэт үнэлгээгүй хөдөлмөр л эрхэлж байна. Тэгвэл энэ байдлыг эвдэх болно” хэмээлээ.

Харин Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат “Удахгүй бид дүүргийнхээ ахмадууддаа “ Ахмад хөгжлийн төв”-ийг нээн ашиглалтад оруулна. Ингэснээр ахмад настны аж байдлыг сайжруулах, нийгмийн амьдралд оролцох идэвхитэй гишүүн байх тааламжтай орчин, хөдөлмөр эрхлэх нөхцлийг бүрдүүлж, хөдөлмөрийнхөө үр шимээс хүртэж орлогын баталгаагаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд Ахмад хөгжлийн төвийн барилгын ажлыг эхлүүлж  1,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хийгдэх Ахмад хөгжлийн төв энэ онд ашиглалтанд орно“  гэлээ. Ингээд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дүүргийнхээ нийт ахмадуудад сар шинийн мэнд дэвшүүлж, дурсгалын зүйл гардуулсан юм. Энэ өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд 3100 ахмад настан оролцлоо.

Дашрамд дуулгахад Баянгол дуургээс 50 жилийн ойн босгон дээр Улсын сайн малчин төрлөө. Баянгол дуургийн 12-р хорооны оршин суугч, иргэн 2014 онд 1158 тоо толгой мал тоолуулсан, Тов аймгийн Баянцогт суманд мал аж ахуйтай. Д.Гандибазар Улсын сайн малчин цол хуртэв. Энэхүү цолыг хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ гардууллаа.