“Эмнэлзүйн цус сэлбэлт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Цус, цус сэлбэлт
2015.03.13

“Эмнэлзүйн цус сэлбэлт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Манай улсын эмнэлгийн практикт цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээг сайжруулах, аюулгүй цус сэлбэлтийн талаарх эмнэлгийн удирдах ажилтан, эмч, мэргэжилтний мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах, нотолгоонд суурилсан цус сэлбэлтийн эмнэлзүйн удирдамжийг эмнэлгийн практикт зөв, зохистой ашиглахад сургах асуудал чухлаар тавигдаж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын яам, Азийн Хөгжлийн Банк хамтран хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ) - 5 төслийн цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Олон улсын зөвлөх Проф. Кеес Смит Сибинга болон үндэсний зөвлөхүүдийг урьж “Эмнэлзүйн цус сэлбэлт” сэдэвт сургалтыг 2015 оны 3 дугаар сарын 12–13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг сургалт төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нийт 50 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Тус сургалтаар цус сэлбэлтийн анагаах ухааны өнөөгийн байдал, ирээдүйн чиг, хандлага, цусны эмнэлзүйн хэрэглээ, хэрэгцээ, эмнэлэгт цус сэлбэх үйл ажиллагааны чанар, цусны аюулгүй байдлыг хангахад эмнэлэг, цус сэлбэлтэнд оролцдог эмч, мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлага, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч цусны алба, түүнийг эмчилгээнд хэрэглэдэг эмнэлгийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах, цус сэлбэх ажиллагааны үе шат, хоорондын уялдаа хамаарал сэдэвт хичээлүүд зааж, бүлгийн ажлын хэлбэрээр дадлага хийж практикт хэвшүүлэх чадвар эзэмшүүллээ.

Сургалтанд хамрагдагсад цус, цусан бүтээгдэхүүнийг хэрхэн зохистой хэрэглэх, түүнд хяналт тавих, цус сэлбэлтийн үед гарч болзошгүй эрсдэл, хүндрэлээс сэргийлэх, цус сэлбэх ажиллагааны үе шат бүрт өвчтөний орны дэргэд хийгдэх хяналтыг хэрхэн зөв хийх талаар мэдлэг авлаа.