Төрийн 167 үйлчилгээг ТҮЦ машин e.zasag.mn хаягаар авдаг болно
ТҮЦ машин
2015.04.30

Төрийн 167 үйлчилгээг ТҮЦ машин e.zasag.mn хаягаар авдаг болно

Ерөнхий сайдын өрөөнд лхагва гараг бүрт болдог "Шийдлийн цаг" уулзалтад Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранбат, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа нар оролцлоо.

Ар, өврийн хаалга байхгүй, авлига, хүнд суртлыг танихгүй, дотоод ажилтай, хуралтай гэдэг элдэв шалтаг тоочилгүй төрийн үйлчилгээг түгжрэлгүй, 24 цагийн турш авах боломж олгодог 108 ТҮЦ машин улсын хэмжээнд ажиллаж байна. ТҮЦ машинаас төрийн 20 гаруй үйлчилгээг авах боломжтой. Мөн өнгөрсөн долоо хоногоос e.zasag.mn сайт ажиллуулж эхэлснээр иргэд гар утас, таблет, зөөврийн компьютерээс төрийн 25 үйлчилгээг авах боломжийг  бүрдүүлжээ.

Цахим үйлчилгээний төрөл нэгээр нэмэгдэхэд л том төрөөс ухаалаг төрд шилжих нэг алхам болдог гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодотголоо. Төрийн 167 үйлчилгээг цахимаар хүргэх боломжтой. Эдгээр үйлчилгээг амжилттай нэвтрүүлвэл төсвийн том хэмнэлт гарах юм. Ингэж үйлчлүүлэхэд иргэдээс 1000 төгрөгийн хураамж авдаг. Хураамжтай холбоотойгоор нэг хувийн шимтгэлийн асуудал үүсээд байгааг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа хэлэв.

Монгол банкны тухай хуулийн дагуу : тухайн үйлчилгээг үзүүлэхэд банк нэг хувийн шимтгэл авдаг, харин Төрийн сангийн тухай хуулиар 1000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн бол энэ төлбөр тэр чигээрээ Төрийн санд төвлөрөх ёстой. Уг асуудлыг зохицуулах шаардлагатай байгаагаас ТҮЦ машин болон цахим хаягаар авч болох зарим үйлчилгээг иргэдэд хүргэхэд гацаа үүсчээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Энэ бол төрийн байгууллагуудын хоорондын уялдаанаас хамаарах асуудал. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Засгийн газар, агентлагийн хэмжээнд энэ асуудлыг хэрхэн шийдэх боломж байгааг судалж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуул" хэмээн үүрэг болголоо.

Мөн ТҮЦ машин, төрийн үйлчилгээний цахим системийг  ашиглан e.zasag.mn энэ оны аравдугаар сараас төрийн 167 төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг чанартай зохион байгуулахыг даалгав. Төрийн шуурхай үйлчилгээний төрөл 10 дахин нэмэгдэх нь хүнд суртлыг 10 дахин багасгаснаар баялаг бүтээгчдээ, иргэдээ бичиг цаас, хүнд суртлаас чөлөөлөх том боломж гэдгийг мөн онцолсон юм.