Хаана ардчиллаас ухарч байна, тэнд хэвлэлийн эрх чөлөөг боомилох “хэрэгцээ шаардлага” бий болдог
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.05.05

Хаана ардчиллаас ухарч байна, тэнд хэвлэлийн эрх чөлөөг боомилох “хэрэгцээ шаардлага” бий болдог

Энэ өдрийн хүрээнд Глоб Интернейшнл  төв, Нээлттэй нийгэм форум, МСНЭ хамтран дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулсан юм. 

Ярилцлагад "Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн Сайд нарын V бага хуралд оролцохоор ирсэн зарим төлөөлөгч, УИХ-ын гишүүд, хуульч өмгөөлөгчид, хүний эрхийн ТББ-ууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, манай улсад ажиллаж буй олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон.

Энэхүү дугуй ширээний уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн үг, санаа олон хүний анхаарлыг татсан юм.

Тиймээс түүний хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ - ийг хүргэж байна.

    • Миний бие Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа «Онлайн эрх чөлөө эвсэл»-ийн Сайд нарын 5 дугаар Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачилга гаргаж ийнхүү биеллээ олж байгаад баяртай байна.

    • Монголын ардчиллын өнгөрсөн 25 жилд бид хэвлэлийн эрх чөлөөний салбарт том ололт амжилт олсон. Гэхдээ бүх юм сайхан болоогүй байна.

    • Дуня-гийн саяхан хэлснээр, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүчилтөрөгчтэй адилхан юм”. Бид агаар мандал дахь хүчилтөрөгчөө байнга тэтгэж тэжээж байхгүй бол агаарын бохирдол байнга аюул занал учруулсаар байх болно.

    • Хаана дарангуйлал байна, хаана ардчиллаас ухарч байна, тэнд хэвлэлийн эрх чөлөөг боомилох “хэрэгцээ шаардлага” бий болдог.

    • Дэлхий дахинаа төдийгүй, Европт ч тэр, Монголд ч тэр, энэ эрх чөлөөнөөс хумслах, эсвэл энэ эрх чөлөөгөөр тоглох (манипуляци хийх) оролдлого тасралтгүй гарсаар байна.

    • Монголын сэтгүүлчид амаргүй нөхцөлд ажиллаж байгааг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

    • Монголын зах зээл бага учир сэтгүүлчдийн ажлын үнэ цэнэ зохих ёсоор үнэлэгддэггүй, санхүүгийн бэрхшээл байнга учирдаг.

    • Сэтгүүлчдийг санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байлгах, сэтгүүлчид өөрсдөө ёс зүйн хэм хэмжээгээ ягштал баримтлах тийм нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой.

    • Монголын нөхцөлд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг дэмжих олон талт (multistakeholder) механизм хэрэгтэй гэж бодож байна.

    • Төр, хувийн хэвшил, иргэдийн ямар ч нөхцөлгүй (without strings), сайн дурын хандив дээр тулгуурласан сан хэлбэртэй байж болох юм.

    • Сэтгүүлчид гадаадын мэргэжил нэгт нөхөд, тэдний байгууллагууд, олон улсын байгууллагуудтай улам идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй.

    • Манай иргэдийн нийгмийн идэвх харьцангуй өндөр болсон боловч хэвлэл мэдээллээр өөрийгээ зөв илэрхийлэх соёл сайн сууж өгөөгүй байна.

    • Иргэдийнхээ сэтгэлгээнд суурь өөрчлөлт хийхэд дутуу анхаарч ирсэн явдал бидний нэг чухал сургамж юм.

    • «Онлайн эрх чөлөө эвсэл»-ийг үүсгэн байгуулагчийн нэг, Ази тивдээ ардчиллын нэг үлгэр жишээ болж яваа Монгол улс өнгөрсөн 25 жилд амжилт ололт, алдаа гажуудлын аль алиныг туулж ирлээ.

    • Сэтгүүлчид үнэний төлөө, шударга ёсыг нийгмийн хэм хэмжээ болгохын төлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө цаашид ч тууштай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

    • УИХ-ын гишүүний хувьд би ч сэтгүүлчдийг дэмжиж ажиллана.

    • Би хэсэг гишүүний хамт УИХ дотор «Интернэтийн эрх чөлөөг дэмжигч бүлэг» байгуулсан. Энэ бол онлайн эрх чөлөөний үзэл санааг парламент дотор дэлгэрүүлэх, УИХ-аас гарч байгаа хууль тогтоомжид хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахуйц заалт орохоос сэргийлэх, онлайн эрх чөлөөг хуульчлан бататгах зэрэг зорилготой санаачилга юм.