Сайдууд хууль зөрчөөд байвал солих саналыг Ерөнхий сайдад тавина
Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.05.13

Сайдууд хууль зөрчөөд байвал солих саналыг Ерөнхий сайдад тавина

Төрийн албаны цомхотгол, иргэдийн гомдол санал хийгээд сонгуулийн тогтолцоо, хууль бус үйлдлүүдийн талаар  Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Төрийн албаныхны цомхотголын асуудлаар Өргөдлийн байнгын хороонд цөөнгүй гомдол ирсэн талаар та мэдээлж байсан. Улмаар шүүхийн шийдвэр халагдсан ажилтны талд гарчихаад байхад шийдвэрийг биелүүлэхгүй байгаа гэх мэдээлэл байгаа. Энэ талаар?

Өргөдлийн байнгын хороо анх удаагаа УИХ дээр төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Ерөнхийдөө 500 орчим иргэд манай ӨБХ-нд өргөдөл гомдол ирүүлсэн. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Мөн намын ялгаварлаар үндэслэлгүй ажлаас халлаа гэх асуудлуудыг онцолж байгаа. Ялангуяа ийм гомдол Эрдэнэт, Дарханаас цөөнгүй ирсэн.Ер нь манай энэ Засгийн газар нэлээн чих халууцуулж байгаа гэхэд болно.

-Засгийн газар  чих халууцуулж байна гэлээ. Үүнийгээ тодотгооч?

Тухайлбал, тендерийн хуулийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолыг УИХ эсвэл Үндсэн хуулийн цэц хүчингүй болгодог. Улмаар Засгийн газрын тогтоол гаргаад тодорхой компанийг зааж шууд тендерийг шалгаруулж байна гэсэн асуудал яригдаж байна. Бид үүнд хяналт тавина.

-Халагдсан ажилчдын яриандаа эргэн оръё. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Бид ирэх долоо хоногт дөрвөн янзын шийдвэрийг гаргахаар зэхэж байна.Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг биелүүлж, хууль хэрэгжүүлж ажилла гэсэн албан бичиг хүргүүлнэ.

Хоёрдугаарт, санаатайгаар Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн албан хаагч байвал тухайн албан тушаалтнаа өөрчил гэсэн санал тавина. Ялангуяа агентлагийн дарга нар дээр.

Мөн сайдууд улс төрийн бодлого хэрэгжүүлж байгаа нэрийдлээр бусдыг үндэслэлгүй ажлаас халж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Өөрөөр хэлбэл, хууль зөрчинө гэдэг тэр албан тушаалтан уг албан тушаалд тогтохгүй л гэсэн үг. МАХН, МАН, АН байхаас үл хамаарна. Тиймээс бид энэ хүмүүсээ соль гэдэг саналыг Ерөнхий сайдад тавина. Ерөнхий сайдад өөрчлөх, томилох бүрэн эрх нь бий.

Хэрэв Ерөнхий сайд үүнийг биелүүлэхгүй бол бидний зүгээс хууль биелүүлэх шаардлагыг тавина. Мэдээж шаардлагыг хүлээж авахгүй бол бид Ерөнхий сайдыг өргөн барьж болно.

-Бидний мэдэж буйгаар цомхотголын асуудлаар хамгийн хэл аманд өртөөд байгаа гурван яам байх шиг байна?

Эрүүл мэндийн яам, БОНХЯ, Хөдөлмөрийн яам. Мөн Гадаад хэргийн яам болон бусад яамдууд дээр ч асуудлууд яригдаж байгаа. Бидний зүгээс Ерөнхий сайд өөрөө сайн дураараа хууль биелүүлэх байх гэдэгт итгэлтэй байна.  Хэлэлцүүлгийг ард түмэн нүдээрээ харсан. Эдгээр яамдын сайд нарыг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчдөг гэдгийг олон нийт харсан. 

Тэгэхээр бид нар Байнгын хорооны гишүүдээ бүгдийг нь байлцуулж олонхийн саналаар тогтоол гаргаад, эсвэл хурлын тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгч болно. Аль ч утгаараа байсан Байнгын хорооноос энэ асуудлаар тодорхой шийдвэр гарна. Төр нь төрийн албан хаагч, төрийнхөө иргэнээ хамгаалдаг юм аа гэдгийг харуулахаар ажиллана.

-Өргөдлийн байнгын хорооноос  өөр ямар ажлуудыг хийж байна?

Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлтэй олон нийтийн өмнө ажил хэрэгч уулзалт зохион байгуулна. Э.Бат-Үүл даргатай холбоотой маш олон өргөдлүүд ирсэн.  Тухайлбал, газар чөлөөлөлт, олголт, зам түгжрэл, сургуулийн асуудлууд их байна. Хэдхэн жишээ татахад, Чингэлтэй, Баянзүрх, орон нутгийн сургуулиудаас өргөдөл ирсэн.

Улмаар тухайн өргөдлүүд дээр ажиллаж байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганбат хариуцлагагүй хандсан. Тэрбээр “Та энэ тойрог дээр битгий ажиллаад байгаач. Манай тойрог дээр ажиллаа. Манай тойргоос гараагүй байж” гэх зүйл ярьсан. Би ийм хариуцлагагүй ярьдаг засаг даргыг анх удаа харж байна. Бид иргэдээс ирсэн өргөдлийн дагуу Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн засаг дарга дээр шалгалт оруулна.

-Иргэдийн гомдол гэхээр яг ямар асуудлаар шалгалт оруулах юм бол?

Орон нутгийн хөгжлийн сан хийгээд бусад санхүүгийн зарцуулалттай холбоотой асуудлаар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр орон нутгийн хөгжилд гэж тодорхой мөнгө барингуут өөрсдөдөө соёлын ордон бариад явах биш иргэдийн хөгжлийг дээшлүүлэх, хороог идэвхжүүлэх хэрэгтэй байна. Гэтэл орон нутгуудад санхүүгийн зөрчил байж болзошгүй гэх асуудлууд яригдаад байгаа. Бид томоохон грүпп гаргаж энэ ажилд анхаарлаа хандуулах болно.

-Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын талаар гомдол санал ирдэг үү?

Газрын тосны хөрөнгө оруулалттай гадаадын компаниудтай холбоотой гомдол ирсэн. Тухайлбал, Дорнодын “Петрочайна тансаг” гэдэг компанитай холбоотой асуудлууд бий. Гэрээндээ монгол хүний хийж чадах ажлыг монгол хүн хийнэ, монгол хүний хийж чадахааргүй ажлыг хөрөнгө оруулагчид өөрийнхөө орны иргэдээр хийлгэнэ гэж заасан байдаг. Гэтэл монгол хүний хийж чадах ажлыг хийлгэхгүй, тэгсэн хэрнээ хөрөнгө оруулалт нь огцом өсчихсөн.

Ийм байдалтай байхаар Монголчуудад юу ч наалдахгүй байгаа юм. Өнөөдөр барилга болоод тээврийн салбарынхны ажилгүйдэл их байна. Гэтэл тэдний хийх ёстой ажлыг гадныхан хийгээд байдаг.  Тэгвэл энэ бүхнийг цэгцлэх зорилгоор газрын тосны газруудад шаардлага тавина. Энэхүү ажилд Газрын тосны газар, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам болон бусад яам агентлагаас бүрдсэн ажлын хэсэг гарна.

-Тавантолгойтой холбоотой асуудлаар тогтоол гаргаад байгаа. Ард түмэнд хишиг хувь хүртээх асуудлыг хуульчилсан гэж байсан?

1072 хувьцааг ард түмэнд төвлөрүүлж ард түмэнд хувь хүртээх ёстой гэж байгаа. Үүнд ажлын хэсэг гарчихсан явж байна. Миний хувьд ажлын хэсэгт ороод явж байгаа. Мөн МАХН-ын мөрийн хөтөлбөрт Тавантолгойг нийт ард түмэндээ өгөх ёстой гэж ярьдаг.  Манай нам дээр хуулийн баг байдаг.

Хуулийн багийнхан маань хуулийн төсөл санаачилчихсан байгаа. Бид ард түмэнд хишиг хувь хүртээх тухай, Тавантолгойг Монголын ард түмэнд 100 хувь хэрхэн өгч болох вэ гэдгийг хуульчилсан.  Өөрөөр хэлбэл, үүнийг гэрээ, сайдын тушаалаар биш тогтвортой хуулиар шийдэх ёстой гээд хуулийн төслөө бэлэн болгож байна. Удахгүй өргөн барихаар ажиллаж байгаа.

-Таны хувьд хуулийн хэд, хэдэн төслүүд дээр ажиллаж байгаа. Энэхүү тогтоолын төслүүдээсээ онцлооч?

Ялангуай хэлмэгдэгсдийн асуудлыг хөндөж байгаа. 1937 оны хэлмэгдэлтэнд эцэг, эхийг нь буудаж хөнөөгөөд үр хүүхэд нь үлдсэн. Үр хүүхэд нь сургууль, ажилд ч орж чадаагүй. Дорвитой хуримтлал ч бүрдүүлж чадаагүй ядарсан хүмүүс байдаг. Эдгээр хүмүүст  78-92 насны хоорондох 400 гаруй ахмад багтаж байгаа.

Би УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьж байгаа. Тогтоолоор тэдгээр иргэдэд тэтгэврийн мөнгөн дээр сар болгон ядаж 100 мянган төгрөг нэмэгдэл болгон олгооч гэдгийг тусгасан.Уг нь тэдгээр хүмүүсийг цогцоор нь шийдье гээд хуулийн төсөл Цагаатгалын комиссоос өргөн баригдсан боловч үүний өртөгт 2 их наяд төгрөг шаардлагатай.  Миний яриад байгаа 400 иргэдийн хувьд харьцангуй бага өртгөөр бий болох юм.

-Ахмадуудынхаа асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол бид нар мөнгө байхгүй гээд суугаад байвал өнөөдөр юу болох вэ?

Өнөөдөр  100-200 сая төгрөгний үнэтэй хөөрөг гадуур зарагдаж байна. Тэр хөөрөг өнөөх л хэлмэгдсэн ноёд, хаад, лам нарын хөөрөг шүү дээ. Хүний эд хөрөнгө устаад алга болно гэж байхгүй. Харамсалтай нь тэрийг нь үр хойчид нь өгдөггүй. Тэгэхээр 78-92 насны энэ хөгшчүүдийг байгаа дээр нь баярлуулах ёстой гэж үзээд байгаа юм.

-Тун удахгүй сонгууль боллоо. Таны хувьд ард иргэд улс төрчдөд ямар шалгуур тавьбал зүгээр вэ?

Миний хувьд улстөрчийг гурав ангилдаг. Юм хийсэн улс төрч, юм хийж байгаа улс төрч, юм хийх улс төрч. Ийм гурван улс төрчийг ард түмэн харж байгаад сонгодог байх ч гэж боддог.  Мэдээж 20 жил улс төрд байгаа хүн юм хийчихсэн улс төрд байх ёстой. Хийгээгүй бол тэдгээр хүмүүсийг улс төрөөс гаргах сонголтоо ард түмэн хийх ёстой. Юм хийж байгаа улс төрч гэдэг УИХ-ын гишүүн болсон залуу мань мэтийн улс төрч байх ёстой.

Огт юм хийхгүй байснаа дөрвөн жилийн дараа би сонгогдоё гэдэг нь ичмээр. Юм хийх ирээдүйтэй гэдэг нь залуучууд хийгээд УИХ-д ороогүй эрдэм, мэдлэг, чадвартай тийм хүмүүс. Тэгэхээр 2016 онд иргэд сонголтоо хийхдээ ийм гурван төрлөөс л сонгоосой гэж хүсч байна. Юу хийснээ үзүүлэх юмтай хүнийг л сонгох ёстой.

-Таны хувьд Чингэлтэй дүүрэгт их зүйл хийж ажиглагддаг. Та Чингэлтэй дүүргээс дэвших үү?

Нам өөрөө хэнийг томилохоо шийднэ. Манай МАХН-аас ерөнхийдөө УИХ-ын долоон гишүүн байгаа. Засгийн газрын өмнө нь сайд байсан, одоо байгаа хүмүүс нийлээд бидэнд чиглэл өгсөн. Хүн тус бүр гурван тойрогт ажлаад “усалгаа” хий гэсэн. Би эндээс гарна гэдэг утгаар ярьж байгаа юм биш.

Гэхдээ би жагсаалтын гишүүн гэдэг утгаар ерөнхийдөө Чингэлтэй, Сонгинохайрхан, Өвөрхангай, Эрдэнэт гээд дөрвөн тойрог дээр тулж ажиллаж байгаа.  Нам өөрөө шийдвэрээ гаргана. Тэгэхээр би тэндээс дэвшинэ гэдэг эрт. Нэгэнт УИХ-д суусан гэдэг утгаар сонгуульд өрсөлдөхийн төлөө явна. Гэхдээ нам битгий өрсөлд гэвэл өрсөлдөхгүй байж болно. Тэнд заавал улайраад байх зүйлгүй.

-Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой юу?

Сонгуулийн хууль шударга байх ёстой. Хууль шударга байж хүн шударгаар сонголтоо хийнэ. Өмнө нь 2012 оны хуулийг би батлалцаагүй. Тэгэхээр энэ хууль шударга бус байлаа гэхэд буруу нь надтай хамаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн МАНАН-гийн хүмүүс хэн ч сонгохгүй гэдэг үүднээс нуувч бэлдсэн.  Тэр нуувчиндаа гаргахын тулд энэ хуулийг гаргасан юм. Одоо бол нэгд байгаа хүн 100 хувь гарна. 28-д байгаа хүн 100 хувь гарахгүй. Сонгох, сонгогдох эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Сонгох эрхээ бид эдэлчихдэг. Харин сонгогдох эрх шударга биш байгаа.

Уг нь хүн дээр нь сонголт хийдэг байх ёстой. Хүн дээр намын рейтинг тодорхойлдог бол жинхэнэ шударга болно. Миний санаагаар Монгол Улсыг нэг тойрог гэж хэлээд нам болгон 76 хүнийг дэвшүүлчихээсэй. Нөгөө 76 хүнээс хүмүүс сонгодог байгаасай. Ингээд хамгийн олон санал авсан 76 хүн гарвал энэ бол жинхэнэ сонголт. Үгүй бол Эрдэнэтээс 10 мянган хүнээр сонгогдоод гарч байгаа хүн, СХД-ээс 50 мянгаар сонгогдоод гарч байгаа хүн хоёрын аль нь жинхэнэ сонголт юм.

Эсвэл Баянзүрхийн 50 хүнээс сонгогдоод гарч байгаа хүн Хэнтийн 12 мянган хүнээс сонгогдож байгаа хүний аль нь шударга байна. Тэгэхээр тойрог ч шударга бус юм шиг. Жагсаалт ч шударга бус байгаад байгаа юм. Тиймээс хүнд нь санал өгдөг байя. 76 хүмүүсээ тавьчихая. 76-гаас арван нам дэвшлээ гэхэд 7600 хүний нэр дэвшлээ. Эдгээрээс 1 сая хүн дугуйлах нь жинхэнэ шударга. Нам тус бүр дээр байгаа намын, хүний квот гарчихна. 

Ерөнхийлөгчийг болдог юм чинь УИХ-ын гишүүдийг ч нийт ард түмний зарчмаар гаргаж болно. МАН-ынхан мажоритар гээд байдаг. Энэ бол үнэхээр буруу. Жинхэнэ мөнгө, хахуулийн сонгууль болно. МАН бол мөнгөтэй нам. Яагаад гэвэл олон жил хур хураачихсан төрөөс төрсөн тэрбумтнууд олон. Тиймээс нөхдүүд мөнгөндөө найдаж жижигрүүлсэн мажоритар яриад байгаа.АН-ынхан холимог гээд байгаа. Энэ ч бас шударга бус байна. Хамгийн шударга нь хүнээ дугуйлаад хүний дугуйлсан тэр тоон үзүүлэлтээрээ намаа дугуйлвал шударга байна. Манай нам ч Монгол Улс нэг тойрогтой байя гэсэн байр суурьтай байгаа.