Судалгаанд мөнгө зарахгүйгээр Монгол хөгжихгүй
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.05.21

Судалгаанд мөнгө зарахгүйгээр Монгол хөгжихгүй

“Сайдын цаг” уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож салбартаа хийж буй ажлуудыг танилцууллаа.

Тэрбээр өнгөрсөн жилд   хийсэн ажлаасаа тодорхой 100-г онцоллоо. Тухайлбал  2014-2024 онд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого-ыг  батлуулсан нь энэ салбарын шинэчлэлийн томоохон ажлын нэг гэж онцолсон  юм.

2014-2024 онд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хүрээнд сурлагын амжилты олон улсын  чанарын үнэлгээний судалгаанд хамрагдах, ерөнхий боловсролн сургуульд заах арга зүй, сургалтын технологиор мэргэшсэн магист зэрэгтэй  багш нарын эзлэх хувийг 70 хувьд хүргэх,  сургуулиудыг нэг ээлжээр хичээллүүлэх зэрэг зорилт дэвшүүлжээ.

Мөн Монголын 4 сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэсэн. Цаашлаад багш нарыг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөгөөтэй ажлыг тууштай зохион байгуулж байгаа гэлээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-14-р сургуулийн барилга хэзээ баригдах вэ. Яагаад ингэж удаашраад байна?

Сургууль барих асуудал  дээр бид гурван эзний нэг зарц болчихоод  байгаа юм  л даа. Санхүүгийн эрх нь бидэнд байхгүй. Нэгэнт эрх нь байхгүй учраас барилга барих ажлыг хэзээ эхлүүлэх эрх  ирэхгүй байна л даа.

Нөгөө талдаа сургуулийг ашиглалтад оруулахгүй бол  хариуцлагыг боловсролын яам хүлээдэг. Тиймээс  аль болох хөрөнгө оруулалт, концессийн асуудал хариуцаж  байгаа яамдуудаа  шахаж  шавдуулж байгаа. 14-р сургуулийн тухайд барих энэ жил баригдах төлөвлөгөөтэй. Манайх байнгын шахалт үзүүлж байгаа.

-Багшийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, заах арга барилыг өөрчлөх чиглэлээр яамнаас ямар бодлогын ажил хийж байна вэ?

Багш  бүрийг хөгжүүлэх чиглэлээр бодитой ажлууд хийж байгаа. Ялангуяа давтан сургалт, багш нарын сургалтад ашиглаж буй хэрэглэгдэхүүн дээр анхаарч байна. 150 ангийг ухаалаг самбартай болгосон. Ойрын хугацаанд  ухаалаг анги хөтөлбөрийн хүрээнд самбар цахим болно. Ингэснээр багшийн ачаалал багасна. Энэ хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Басбагш болгоныг нөүтбүүктэй болгох ажил зургадугаар сараас эхэлнэ. Цалин бол төсөвтөө захирагдаад явна. Бидний зүгээс багш нарынхаа ажилд яаж  туслах вэ гэдэг дээр анхаарч байгаа.

-Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хороололд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Энэ чиглэлд  Барилга хот байгуулалтын яамтай хамтран ажиллах ямар ажил хийж байна вэ?

Хотын даргын захирамжаар  шинээр  баригдаж байгаа хорооллууд дэргэдээ заавал сургуультай бай гэсэн. Тулгамдаж байгаа асуудал бол барьсан сургуулийг худалдаж авах мөнгө байна уу гэдэг асуудал. Тэгэхээр Барилгын яам, Сангийн яам, Улаанбаатар хот, аймаг дүүргийн захиргаа, манай яам гээд олон байгууллагууд хамтраад сургуулийг яаж бариулах, хаана барих, стандарт үнэлгээ тогтоож, хэзээ ямар үнээр худалдаж авах, мөнгийг нь яаж гаргах гээд асуудлыг хариуцсан  салбарууд шийднэ.

Дахиад л төлбөрийг яаж хийх вэ гэдэг асуудал гарна.  Барилгын компаниуд бол  “Сургууль баръя, гэхдээ   ашгийн бус байгууллагын менежментийг хийхгүй” гэдэг. Эндээс  барьсан сургуулийг улс худалдаж авах процессоо л тодорхой болгох хэрэгтэй.  Хамгийн сүүлд Буянт Ухаа хороололд хоёр  цэцэрлэг баригдсан.  Төрийн өмчит компани барьсан ч  цэцэрлэг нь төрийнх биш байгаад байна.

Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар  оруулж энэ хоёр цэцэрлэгийг төрийн өмчид бүртгэж, ирэх жилийн төсвөөс  мөнгийг нь шилжүүлье гэж байгаа. Өөрөөр хэлбэл улсын компани  барьчихаад байхад   манайх авч ашиглаж чадахгүй байгааг  шийдэхээр болсон. Улсын компани  орон сууцны хорооллыг барьсан бол мөнгийг нь  дараа нь ч хамаагүй төлдөг байх үүднээс шийдлүүд гарч эхэлж байна. Тухайн хоёр цэцэрлэгийн тухайд  есдүгээр сарын 1-нээс улсын цэцэрлэгийн статусаар үйл ажиллагаа явуулна.

-Багш нарт компютер олгох  ажил гацсан гэх мэдээлэл байна. Хятадын талаас   компютер  нийлүүлэх боломжгүй  гэсэн асуудал  тавьсан гэдэг үнэн үү?

Багш  нэг бүрийн нөүтбүүктэй болгох төслийг Сангийн яам, Хуульзүйн яам эхний санхүүжилтынх нь зөвшөөрлийг бичээд Хятадын “Эгзим” банкинд явуулсан. Хятадын тал  шийдвэрээ гаргачихсан, гэрээгээ хийсэн. Энэ гэрээ хаа нэгтээ зогссон тухай надад мэдээлэл ирээгүй байна.

Сангийн яам санхүүжилтын  30 хувийг нэх эрхийг өгсөн гэдэг мэдээллийг  хамгийн сүүлд бидэнд өгсөн. Энэ санхүүжилтдээ таарсан компютер нийлүүлэх ажил хийгдэх ёстой.  Сангийн сайд ирэх ням гаригт Хятадад айлчилна. Энэ хүрээнд зээл  тусламжийн олон асуудлыг  ярилцах байх. Хятад тал энэ ажлыг зогсоосон  асуудал байхгүй. Ийм мэдээлэл хаанаас гарсныг хэлж мэдэхгүй байна. Тэр ажил бол явах л учиртай.

-Шилдэг их дээд сургуульд суралцах оюутнуудын санхүүжилт  шийдэгдсэн үү?

Эхний 35 оюутны санхүүжилтыг бүрэн шийдсэн. Дараагийн ээлжийн 35 оюутны санхүүжилтыг шийдэхээр ажиллаж  байна.

-Сурагчдын дүрэмт хувцсыг 100 хувь дотоодоосоо хангаж байна. Дүрэмт хувцас оёх эрхийг ганц компанид бус оёдлын үйлдвэрүүдэд хувааж өгч болох боломжтой юу?

Сурагчийн дүрэмт хувцас оёх ажлыг эхлүүлэхэд тодорхой шаардлагуудыг тавьсан. Тодруулбал, маш тодорхой хүрээнд чанартай хувцас оёулах ажлыг зохион байгуулсан. Энэ ажил үргэлжилж байгаа. Цаашид энэ зах зээл чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдөхдөө импортоор орж ирдэггүй үйлдвэрлэдэг байх гэсэн стандартаа Аж, үйлдвэрийн яамнаас бариад явбал чөлөөлөгдөнө. Түүнээс бус эхлүүлсэн компаниуд үеийн үед нийлүүлдэг гэсэн ойлголт байхгүй.

-Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас хүүхдийн биед тохиромжтой даавууг нано технологиор гаргахаар судалгаа хийж байгаа. Заавал мөнгө үрж судалгаа хийх шаардлага байна уу гэдэг шүүмжлэл гараад байна. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

Нано даавууг үйлдвэрлэж байна. Тус даавуу нордоггүй сайн талтай. Нордоггүй даавууг гэрийн бүрээсэнд хамгийн эхэнд ашиглана. Ер нь судалгаа, шинжилгээний ажилд мөнгө зарахгүй бол Монгол улс хөгжихгүй. Монголчуудын өнөөдрийн зовлон оюуны ядуурлаас үүдэлтэй.

Оюуны ядруулаас гарахын тулд бүх мөнгөө судалгааны ажилд зарах хэрэгтэй. Бидний мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөө соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж чадна. Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг илүү, хурдтай, хүчтэй явуулах шаардлагууд бий. Харамсалтай нь хүн бүр тэгэж бодохгүй байна. Харин бид чадлаараа Засгийн газрын дэмжлэгийг авахаар ажиллана.

-Соёлын өвийг хамгаалах асуудлаар БСШУ-ны яамнаас ямар ажил зохион байгуулж байна вэ?

Манай яамнаас музейн тооллогыг хоёр жилийн хугацаанд орон даяар хийж сая дууслаа. Соёлын өвийн тухай хууль батлагдсанаар монголчууд соёлын өвөө хамгаалах, хадгалах тал дээр тогтвортой байдал бий болно. Энэ хуулийг хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Занданшуулсан шарилыг бид соёлын өвд бүртгэж авсан. Одоо тухайн гэгээнтнийг шүтдэг нутаг усныханд нь буцааж өгөх үүднээс тухайн суманд нь буцааж байршуулна.

Ингэхдээ хийд барьж зална. Багш, шавь хоёрын занданшуулсан шарил байгаа. Тус хоёр шарилыг нутгийн ард түмэн болон шавь нар нь соёлын өв гэж үзэж байгаа. Манайхан ч соёлын өвд бүртгэж авч хадгалах, хамгаалах ажлыг нь хийж байна. Ер нь цаашид соёлын өвийг хамгаалах систем рүү орох шаардлага байна. Тэр үүднээс Чойжин ламын музей, Богд хааны музей хамгаалахаар Засгийн газар шийдвэр гаргасан.

Одоо хэлэлцээд явна. Төрийн хамгаалтад орсноор соёлын өвүүд алдагдах аюулаас холдож байгаа юм. Цаашид соёлын өвөө хулгайд алдахгүй байх алдагдсан бүтээлүүдээ эргээд олж авах ажлыг зохион байгуулна. Занабазарын музей болон бусад гайхамшигтай соёлын үнэт өвүүдийнхээ талаар 3D каталогиуд хийгээд дэлхийд танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Цэцэрлэгийн хоолны мөнгө нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байгаа. Энэ ажил Засгийн газар дээр хэлэлцэгдэж байгаа юу?

Улсаас өгч буй цэцэрлэгийн хоолны мөнгө хасагдахгүй. Хоолны чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой саналуудыг Засгийн газарт танилцуулна. Хоолны мөнгийг нэмнэ гэвэл эцэг, эхчүүдийн оролцоо хэрэгтэй.

-Өнгөрсөн жил Францаас Монголын үлэг гүрвэлийн яс илэрсэн. Түүнийг Монголд авчрах уу?

Үлэг гүрвэлийн олдворыг Францаас авчрах ажлыг зохион байгуулж байгаа.