“Харвони” эмийг аравдугаар сард оруулж ирнэ
Элэгний С вирусаар өвчлөгсдийн тоо Монгол Улсад 200 мянгад хүрсэн нь дэлхийн дунджаас найм дахин их хэмээн тооцогддог. Энэ өвчний эсрэг “Харвони” эмийг Эрүүл мэнд, Спортын яамнаас танилцуулан ач холбогдол үр дүнг тайлбарласан. Ямартай ч монголчууд төдийгүй дэлхий нийтийн санаа зовоосон элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр Монголд оруулж ирэхээр болоод байна.
Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаагийн мэдээлж буйгаар одоогоор эмч нараа сургаж байгаа аж. Улсын хэмжээнд 100 гаруй эмчийг сургаж байна. “Харвони” эмийг хэрэглэхээс өмнө эхний ээлжинд ямар шинжилгээ өгөх шаардлагагатай, бэлтгэлийг хэрхэн хангах зэргээр сургалт зохиож байгаа талаар мэдээллээ. Мөн элэгний С вирусаар өвчилсөн иргэдийн мэдээллийн сан үүсгэх ажлыг ч хийх юм.
“Иргэдийг хуурч байна”
Эрүүл мэнд, спортын яамнаас одоогоор элэгний С вирустай иргэдийг бүртгэж, шинжилгээнд хамруулах ажил эхлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. “Харвони” эм орж ирэхээс өмнө иргэдийг шинжилгээнд хамруулж эхэллээ, 400 гаруй мянган төгрөг шаардлагатай, цахимаар бүртгэж байна” гэх зэрэг ташаа мэдээлэл гарч байгаад сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Эм орж ирэхээс өмнө Эрүүл мэнд, спортын яамнаас албан ёсоор мэдээлэл түгээж сургалтад хамрагдсан эмч нараар шинжилгээ авна. Гэхдээ энэ ажил эхлээгүй юм байна.
Тиймээс иргэдийн зүгээс элдэв шинжилгээнд хамрагдаж төлбөр мөнгөөрөө хохирохоос сэрэмжлэх хэрэгтэй гэв.
“Эхний ээлжинд 52 мянган хүнд олгоно”
Улсын хэмжээнд элэгний С вирустай 200 гаруй мянган иргэн бий. Гэхдээ эхний ээлжинд архаг өвчтэй, нэн тэргүүнд хэрэглэх шаардлагатай 52 мянган хүнд эмчийн заавраар эмийг олгоно. Одоогоор 52 мянган хүнээ хараахан сонгоогүй. Эмч нараа сургалтад хамруулсны дараа элэгний С вирустай иргэдийн мэдээллийг албан ёсоор бүртгэлжүүлнэ. Энэ үед эхний ээлжинд “Харвони” эмийг олгох шаардлагатай иргэдийг тодорхойлно.
“Харвони” эмийн хувьд дэлхийн зах зээлд 94 мянган ам.доллараар худалдаалагддаг. Харин АНУ-ын “Гилеад Сайенсес” компани Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар болсон. Тодруулбал, нэг курс ”Харвони” эмийг нэг сая 732 мянга 500 төгрөгөөр худалдаалах юм.
Сүүлийн жилүүдэд элэгний С вирусаар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгааг албаныхан дурьдсан. Гол нь элэгний С вирус нь энгийн тохиолдлоор халдварладаг байна. Тиймээс энгийн иргэд ч шинжилгээ өгөөд үзэх хэрэгтэй гэдгийг сануулсан юм.