Toyota компани 625 000 Prius машинаа зах зээлээс татаж эхлэв
2015.07.18

Toyota компани 625 000 Prius машинаа зах зээлээс татаж эхлэв

Toyota Motor компани 625 000 ширхэг Prius маркийн авто машинаа зах зээлээс татахаар болжээ. Энэ нь авто машин явж байхад зарим тохиолдолд хөдөлгүүрийг шууд зогсоодог программ хангамжийн гажуудлыг арилгах зорилготой.

Эргүүлэн татах машинуудын тоонд 2010.05 – 2014.11 сарын хооронд үйлдвэрлэсэн Prius V, Prius Alfa, Prius plus загварууд оржээ. Тэдгээрээс 340 мянга Японд, 160 мянга Европод, 120 мянга Хойд Америкт зарагджээ.

Toyota Motor-ийн удирдлага программ хангамжийн гажуудлаас болсон ослын талаар мэдээлэл аваагүй гэжээ.

Өнгөрсөн оны 3 дугаар сард АНУ-ын шүүх Toyota Motor-ийг 2009-2010 онд үйлдвэрлэсэн машинуудын хаазны гишгүүрийн алдаатай ажиллагааны талаарх мэдээллийг санаатай нуусан хэмээн үзэж 1,2 тэрбум долларын торгууль төлөхийг шаардсан.

Үүнээс өмнө америкчууд энэ талаар хэд хэдэн хэрэг үүсгээд байсан юм. 2009-2010 онд Toyota болон Lexus (Lexus нь Toyota группэд харъяалагддаг) маркийн машины эзэмшигчид машины шалавч хаазны гишгүүрийг гацаадаг талаар гомдол ирүүлж байв. Ялангуяа Калифорни мужид эргүүлийн цагдаагийн гэр бүл осолд орсон явдал дуулиан тарив. Шинжээчдийн үзсэнээр шалавч резин хаазны гишгүүрийг гацааснаас болж Lexus маркийн машин гэнэтийн хурд авч осол гарсан байна.