Ерөнхийлөгч НҮБ-ын ЕНБД-ын орлогчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2015.07.29

Ерөнхийлөгч НҮБ-ын ЕНБД-ын орлогчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүний улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Жефри Фелтманыг хүлээн авч уулзлаа.

Тэрээр Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын анхны ардчилсан, чөлөөт сонгуулийн 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хурал, бусад арга хэмжээнүүдэд оролцуулахаар НҮБ-аас төлөөлөгчөө ирүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрээр 25 жилийн өмнө Монголд болсон анхны ардчилсан сонгууль нь тус улсын улс төрийн тогтолцоог ардчиллын зарчимд нийцүүлэн сууриар нь өөрчлөх, улмаар цаашид Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргаж хэрэгжүүлэхэд түүхэн чухал үйл явдал болсныг тэмдэглэж байлаа. Монгол Улс улс төрийн тогтолцоогоо шинэчилснээр иргэдийн бүх талын эрх, эрх чөлөө хангагдаж, 20-иодхон жилийн дотор цоо шинээр онлайн эрх чөлөөг эдлэх болсныг мөн дурдаж байв. Өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засгийн хос шилжилтийг амжилттай хийж, иргэдийг хувийн өмчтэй болгосны нэг жишээ нь 25 жилийн өмнө нийгмийн өмчид байхдаа 25 сая толгой байсан мал сүрэг хувийн өмчид очсоноор 70 сая толгойд хүрснийг сонирхуулан хэллээ.

Монгол Улсын ардчилсан сонгуулийн туршлагыг Киргиз, Мьянмар тэргүүтэй гадаадын олон орон сонирхон судалж байгаа юм. Мөн Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ, хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүдтэй хийдэг гурван талт уулзалт зэрэг бүс нутаг, олон улсын хэмжээний арга хэмжээнүүдийг амжилттай саначлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жефри Фелтман Монгол Улсын ардчилсан сонгуулийн туршлага бүс нутагтаа төдийгүй олон улсын хэмжээнд сонирхол татаж, ардчиллын хөгжилд чухал нөлөө үзүүлж байгааг онцлон хэллээ. Монгол Улс нь ардчиллын үлгэр дуурайлал төдийгүй НҮБ-ын идэвхтэй гишүүн улс гэдгийг мөн дурдаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга баяр хүргэснийг дамжууллаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2030 он хүртэлх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтот хөтөлбөрт ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх хөтөлбөр дэвшүүлж буйтай хамт элэгний өвчлөлтэй тэмцэх асуудлыг тусгах санал дэвшүүлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжилж өгөхийг хүслээ.

Киргиз Улсын Ерөнхийлөгч асан Р.И.Отунбаеваг хүлээн авч уулзлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол Улсад явуулсан анхны ардчилсан, чөлөөт сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч асан Роза Исаковна Отунбаеваг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Киргиз Улсын Ерөнхийлөгч асан Р.И.Отунбаева Монгол Улсын ардчилсан сонгуулийн туршлагыг тус улс анхааран судалж үздэгийг онцлон тэмдэглэв. Энэ 2015 оны аравдугаар сарын 4-нд Киргизэд Парламентын сонгууль явуулах гэж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуульд Монголд амжилттай туршигдан үр дүнгээ өгсөн сонгуулийн электрон системээр сонгогчдын саналыг хураахаар болжээ. Тус улсад энэ онд Парламентын, 2016 онд орон нутгийн, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль тус тус болох юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  сонгуулийн электрон систем нь сонгуулийн дүнг будилаангүй, шударга гаргахад хэрэгтэйг гээд сонгуулийг шударга явуулахад сонгочдын нэгдсэн цахим бүртгэл чухал болохыг тэмдэглэв. Мөн сонгуулийн асуудлаар нийгмийн санал асуулга чухал. Гэхдээ улс төрийн намууд санал асуулга явуулбал өөрийн намын талыг барьсан дүн гаргадаг тул хараат бус санал асуулгыг олон улсын жишгээр явуулах нь чухал. Тийм туршлагатай баг Монголд байдаг гэдгийг мөн дурдаж байлаа.

Хоёр тал харилцан төлөөлөгчид солилцож туршлага судалж байх, үүний дотор авлигатай тэмцэх, сонгуулийн туршлага зэрэг сэдвээр туршлага хуваалцах тухай асуудал хөндөн ярилаа.  Хатагтай Р.И.Отунбаева үүн дээр нэмж  хотын удирдлагын сэдвээр  Монголын туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Улаанбаатар хот богино хугацаанд өнгөжин хөгжиж буй нь хотын оновчтой удирдлагатай холбоотой хэмээн тэрээр үзэж буйгаа хэлсэн юм.

Тэнгэр онол, эсгий туургатнуудын соёлын өв гэх мэт нийтлэг асуудлаар хамтарсан бага хурал зэргийг хийж болох талаар уулзалтын үеэр хоёр тал мөн санал солилцлоо.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн ЕНБД Ив Летермийг хүлээн авч уулзав

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд анхны ардчилсан, чөлөөт  сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор ирсэн төлөөлөгчдийн нэг болох Бельгийн Ерөнхий сайд асан, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монголд анхны ардчилсан, чөлөөт  сонгууль явуулсны 25 жилийн ойд оролцохоор хүрэлцэн ирсэнд нь Ардчилал-сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархал илэрхийлээд анхны ардчилсан сонгууль Монголын ардчиллын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэлээ. Уг сонгуулиар Монголын улс төр, нийгмийн тогтолцоог бүрэн шинэчлэх үйл явц эхэлж, улмаар Үндсэн хуулиа ардчиллын зарчимд нийцүүлэн үндсээр нь өөрчилснийг хэллээ. Өнгөрсөн хугацаанд сонгуулийн тогтолцоо улам боловсронгуй болж сүүлийн сонгуулиудыг сонгогчдын цахим бүртгэлд тулгуурлан цахим системээр явуулсан гэв. Энэ нь сонгуулийг шударга явуулж, сонгуулийн дүнг үнэн бодитой гаргахад нөлөөлсөн гэдгийг онцлон хэллээ.

Мөн ирэх 2016 оны 6 дугаар сард УИХ-ын сонгууль, түүний дараа 7 дугаар сард АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт зэрэг чухал үйл явдлууд Монголд болно гэдгийг дурдав.

Ардчилал-сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм Монгол Улс бол түүхэн сонирхолтой улс болохын зэрэгцээ  ардчилал, ардчилсан сонгуулийн туршлага нь олон улсын хэмжээнд мөн сонирхол татаж, Киргиз, Мьянмар зэрэг оронтой туршлагаа хуваалцаж буй нь маш чухал сайн жишээ болохыг тэмдэглэв. Тэрээр мөн сонгогчдын боловсрол чухал болохыг дурдаж байв.

Монгол Улс нь Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийг 2015-2016 онд даргалах юм байна.