Мэдлэгтэй больё гэвэл ном унших ёстой юм шүү
БСШУ-ы сайд Л.Гантөмөр
2015.08.05

Мэдлэгтэй больё гэвэл ном унших ёстой юм шүү

БСШУ-ы сайд Л.Гантөмөр "Асар их мэдээллийн урсгалд бид амьдарч байна. Телевизээр мэдээ  үзэж, интернэтээр мэдээлэл авна.

Жижиг мэдээ, нийтлэл гэдэг тухайн хүн харсан зүйлээ зүгээр л дамжуулж байдаг хэлбэр. Ном яагаад унших ёстой гэхээр энэ бол бүтэн мэдлэг байдаг. Нэг ном хийхийн тулд дор хаяж гурван жил ажиллах болно. Эхлээд судална, дараа нь өөрийнхөө зөв гэдгийг нотолно. Түүнийгээ бусадтай хэлэлцэнэ. Ном гэдэг бүтэн мэдлэг учраас мэдлэгтэй болъё гэвэл ном унших ёстой юм байна. Мэдээлэл ихтэй байна гэдэг мэдлэгтэй байна гэсэн үг биш. Номонд байгаа мэдээлэл боловсруулагдсан байдаг. Тиймээс заавал номтой нөхөрлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөр газраас мэдлэг олж авахад хэцүү. Номтой нөхөрлөсөн ард түмэн өөр байдаг. Би дэлхий дээр номтой нөхөрлөдөг хоер л ард түмэн байна гэж хардаг. Нэг нь Япон, нөгөө нь Англи.

Энэ ард түмэн бол бусдаас өөр. Уншдаг дадал нь хэвээрээ. Чанар, чадвараа нэмэгдүүлснээр энэ хүмүүс мэдлэг суурьтай нийгэм рүү шилжиж байна. Нөгөө талаар ном гэдэг өөрөө үйл явдал байдаг. Энэ үйл явдал хаа нэг газар давтагдаж байгаа юм шиг мэдрэмжийг хүнд өгнө. Хүний тархины гайхамшиг өөрийгөө удирдахад байдаг. Өөрийгөө удирдах аргыг номоос олж авна. Жишээлбэл, Японд цунами болоод газар хөдлөөд байхад бүх номхон, метроныхоо буудалд цаас дэвсээд, газраар хэвтчихэж байгаа юм. Хоёр хоносон ч хүлээгээд сууж байна. Яагаад гэвэл, тэд ийм үйл явдал болдог гэдгийг олон ном зохиолоос уншсан. Сандарвал үхдэг гэдгийг мэддэг. Чимээгүй сууж байвал аяндаа бидэнд ус авчирч өгнө. Хүмүүс замаа засна.

Тээвэр ажиллаад эхэлтэл хүлээх хэрэгтэй гэдгээ мэддэг гэх мэтчилэн хүн өөрийгөө удирдах, аз жаргалтай байлгах олон арга номонд бий. Нэг уншаад өнгөрөхөд мартчихна л даа. Тийм учраас манай дунд сургуульд үзэж байгаа “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цаг”- аар асуудал дэвшүүлж, шийдвэр гаргаж, түүнийгээ хэлэлцдэг.  Асуудал дэвшүүлэх чадвартай хүн шийдэл гаргах чадвартай болдог. Ном уншаад бид уншсан зүйлээ ярьдаг.Олон дахин ярилцаж, хэлэлцэж, сонсож, давтагдсан зүйл мартагдахгүй. Тиймээс манай хүүхдүүд зүгээр нэг ном унших биш  уншсан зүйлээ ярьдаг, хэлэлцдэг, тэмдэглэдэг. Асуудал дэвшүүлдэг, асуудлаа шийдэх гэж оролддог. Мэдлэгийг өөрийн болгох үйл явц “Ном” хөтөлбөрийг дагаж хөгжинө л дөө. Монголоо номонд дурлаж, дэлхийд тэргүүлдэг улс болгох нь бидний мөрөөдөл.