ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 89 дүгээр тоот захирамжийг үндэслэн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсад зохион байгуулах ажлын бэлтгэл ханган ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2015.08.12/ намрын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар хуралдлаа.
Тус хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон Ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газар, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албаны хүмүүс багтсан байна.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчмууд дээр тулгуурлан байгуулагдсан. Тус байгууллагын гишүүн орнуудын парламентын оролцоог дэмжих зорилгоор 1990 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ассамблейг байгуулж, анхны албан ёсны чуулганаа 1992 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулжээ. Тус арга хэмжээг жил болгон гишүүн орнуудад ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 57 оролцогч улсын парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм юм. Монгол Улс 2012 оны 11 дүгээр сарын 21-нээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.