"Алтан гадас" сангаас 25 оюутанд тэтгэлэг олголоо
“Монгол Солонгосын эдийн засгийн форум”-ын урилгаар Солонгос-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа билээ.
Өнгөрсөн есөн жилийн туршид монгол оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож буй Алтангадас сангийн Ерөнхийлөгч Чон Жан Сон айлчлалынхаа хүрээнд 25 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон бөгөөд тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолд Солонгос-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ТУЗ-ын гишүүн, “Алтангадас” сангийн Ерөнхийлөгч Чон Жан Сон, Монгол-Солонгосын хамтарсан эдийн засгийн форумын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн А.Бакей, тэтгэлэгт хандив өргөсөн компаниудын захирлууд оролцож, оюутнуудад батламж гардуулан өгсөн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү “Монголын оюутнуудад сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгож буй Алтангадас сан, түүний удирдлагуудад баярлаж, талархаж буйгаа илэрхийлье. Энэ удаагийн тэтгэлэгт аймаг бүрээс, амьдралын боломж, сурлагын чанар зэрэг тодорхой шалгуурын дагуу оюутнуудыг сонгон, хамруулсан. Монгол-Солонгосын эдийн засгийн форум, Солонгос-Монголын эдийн засгийн форум цаашид хамтран зөвхөн улс төрийн хүрээнд биш боловсрол, эрүүл мэнд, нийгэм, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тэтгэлэг авсан оюутнууд та бүхэн чадвартай мэргэжилтнүүд болж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаарай гэж хүсье” гэлээ.
Мөн Алтангадас сангийн Ерөнхийлөгч Чон Жан Сон “Алтангадас сангийн гол зорилго бол Монгол Солонгосын хамтын ажиллагаанд, боловсролын салбарт хувь нэмрээ оруулахад оршиж байна. Оюутнуудын суралцахад боломж олгож буй энэ тэтгэлэг нь хоёр орны найрамдлын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулаасай гэдэг үүднээс тэтгэлгийг олгодог. Тэтгэлэг авснаар бүхий л анхаарал, боломжоо сурахад чиглүүлж, маш сайн суралцаарай гэж захимаар байна” гэв. МУИС-ын Бизнесийн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Б.Банзрагч “Би Төв аймгаас ирж суралцдаг. Нэгдүгээр дамжаандаа Хаан банкны тэтгэлэгт хамрагдаж байсан. Миний хоёр дүү оюутан. Сурлагын дүн, амьдралын боломж, амжилтуудыг маань харгалзан үзэж, тэтгэлэг олгож, дэмжсэн байх гэж бодож байна. Маш их баяртай байна, хичээж суралцана”