Том зургаар харвал 2016 оны төсөв бодитой байх үндэс алга
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Яг одоо УИХ дээр хэлэлцэж байгаа хамгийн чухал асуудал ирэх оны төсөв байна. Засгийн газар төсвийг нэлээд сайн танасан, хөрсөн дээр нь буулгасан, нөхцөл байдалдаа тохируулсан гэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү. Үнэхээр сайн төсөв оруулж ирж чадсан уу?
-Том зургаараа харвал бид тэртэй тэргүй сайн төсөв батлах үндэс байхгүй. Яагаад нэг их наядаар тасрав. Энэ чинь төсвийн бараг 15 хувь. Асар их мөнгө шүү дээ. Зуун төгрөг тутамд 15 төгрөгийн алдаатай тооцоо хийнэ гэдэг байж болохгүй. Эдийн засагчид байхгүй улс оронтой адилхан гэсэн үг. Төсвийн орлого хаанаас бүрддэг вэ гэвэл 87 хувь нь уул уурхайн баялгаас ордог. Бид орлогоо олж чадахгүй байна гэсэн санаа.
Орлого хоёрхон зүйлээс бүрддэг. Татварын орлого, орон нутгийн орлого гэж байгаа. Орон нутгийн орлого бол орж байгаа. Татварын орлогын ихэнхийг 80-аас илүү хувийг уул уурхайгаас оруулж ирдэг.Тэгэхээр Монгол Улс яагаад орлогоор тасарч байна вэ гэвэл уул уурхай зогссондоо биш өнгөрсөн гурван жил олигархиудад ээлтэй хууль тогтоомжууд их гарлаа гэсэн үг.
-Тухайлбал ямар хууль, тогтоомж гарсан бэ?
-Би жишээ хэлье. Уул уурхайн томоохон компаниудаасаа бид татвараа авч чадахаа байсан. Усны татвараа авч чадахаа больсон. Дээр нь нэмээд онцгой албан татвар төлдөг архи, тамхи үйлдвэрлэгчид, уул уурхайн компаниуд, шатах тослох материал оруулж ирж байгаа компаниуд маш хөнгөлөлттэй давуу нөхцөлийг олж, олигархиудад ээлтэй болсон. Үүнээс болж орлого тасарч байгаа. Зардал гэвэл дотроо урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал гэж хоёр хуваагдаж байгаа. Одоо үндсэндээ урсгал зардлаа л дааж байна. Бид хөрөнгө оруулалт гэж 100-гаад тэрбум төгрөг дээр л хэрүүл хийж байгаа. Урсгал зардал гэх юм бол нийт төсвийн 70 хувийг цалинд өгч байгаа. Үндсэндээ бид гал алдахгүй л гэж хичээж байгаа улс болчихсон. Том зургаа яривал ийм.
-Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл хэр боломжийн болж вэ?
-Б.Болор сайдын хувьд бол энэ хүн хичээж байна. Шинэ залуу хүн гарч ирээд зоригтой таналт хийж, төсвийг эрүүлжүүлэхийг хичээж байгаа гэдгийг онцолж хэлэх ёстой. Өөрийгөө дэлхийн төв гээд бодчихсон, маш ухаантай, МАН-ын юм уу, АН-ын улстөрчид өнөөдөр үе нь өнгөрчихсөн. Харин шинэ залуу улс гарч ирэхэд бас шинэ уур амьсгал оруулж ирж байна аа л гэсэн үг. А.Эйнштэйний хэлсэн үг байдаг. Тухайн бэрхшээл бий болж байх үеийн сэтгэлгээгээр тэр бэрхшээлийг шийдэх гэж оролдох юм бол үргэлж бид хавханд орно. Сэтгэлгээгээ өөрчилсөн тохиолдолд бэрхшээл аяндаа алга болно. Тэгэхээр дараагийн сэтгэлгээтэй шинэ залуу үе Монголын улс төрд орж ирэхгүй бол өнөөдөр бидэнд хүнд нөхцөл байдал үүсч байна. Төсвийн нөхцөл байдал дээрээ анализ хийж би үүнийг ярьж байна.
-Төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувь бууруулах саналыг Засгийн газраас оруулж ирээд байгаа. Та үүнийг дэмжих үү. Та сая төсвийн зардлын нэлээд их хувийг цалинд зарцуулж байна гэж хэллээ шүү дээ. Энэ нөхцөлд цалинг бууруулах ёстой юу, орон тоогоо цомхотгох ёстой юм уу?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
-Гурван мянга гаруй орон тоог цомхотгоё, улс төрийн өндөр албан тушаалтай дарга даамлуудыг цомхотгоно гэж гоё сонсголонтой ярьж байгаа боловч энэ нь амьдрал дээр дунд болон доод шатны албан тушаалууд дээр хатуу буудаг. Дээд албан тушаалтнууд нугалаа яаж гаргахаа сайн мэддэг. Хоёрдугаарт, ингэж 3000 төрийн албан хаагчийг цомхотгосноор 1.8 тэрбум төгрөг хэмнэж байгаа.
Мөн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулна гэдэг нь 300 сая төгрөг, Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулна гэж зарим нь ярьж байгаа. Энэ нь 1.8 тэрбум төгрөг. Ингээд нийт 2.1 тэрбум төгрөгөөр цалингийн санг бууруулна гэж оруулж ирсэн. Үүнийг би 100 хувь эсэргүүцэж байгаа. Үүн дээр Хөдөлмөрийн сайд байсан хүний хувь Д.Дэмбэрэл гишүүн бидэнтэй гар нийлж ажилласан. Бие даагчдын зөвлөл хамтарч ажиллаж цалинг одоогийн байдлаар Төсвийн байнгын хороон дээр аваад үлдсэн. Цалинг бууруулахгүй гэдэг санал дэмжигдээд явж байгаа. Орон тоог цомхотгохгүй гэж бид тэмцэж байгаа.
-Цалинг бууруулахгүй гэдэг нь олон нийтэд таалагдах гэсэн алхам биш үү?
-Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр маань “Рainter” гэдэг гадаадын компаниас Оюу толгойн талаар зөвлөгөө авсны хөлс 17.5 тэрбум төгрөгийг өнгөрсөн жил төсөвт суулгана гээд бөөн шуугиан болоод тэрийгээ болилоо гэж хэлсэн. Бодит байдал дээр тэр үед нэг ам.доллар 1750 төгрөг байсан. 10 сая долларыг тэр гадаадын компанид өгнө гэсэн үг. Тэр 17.5 тэрбум төгрөгийг өгөхөө болилоо гэж бид ойлгосон. Гэтэл биднийг хуурч Сангийн яам өнгөрсөн жил таван тэрбум гаруй төгрөгийг дээрх компанид шилжүүлсэн байгаа. Тэгээд энэ оны гүйцэтгэлээр хоёр тэрбум 100 сая төгрөгийг шилжүүлнэ гэдгээ тусгасан байна.
2016 онд 10 тэрбум төгрөг явуулна гээд сая төсөвт тусгаж чадлаа. Гадаадын авгай, нөхөр хоёр эмчид 17.5 тэрбум төгрөг өгч байхад манай нийт төрийн албан хаагчдаас хэмнэж байгаа мөнгө нь ингэж бөөн юм болж байж ердөө 1.8 тэрбум төгрөг шүү дээ. Үүнийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд минь ойлгоосой гэж хүсч байгаа. Яагаад Ганбаатар цалинг бууруулахын эсрэг байдаг юм бэ гэж хүмүүс боддог байж мэднэ. Эдийн засгийн ойлголтоор бол цалин, тэтгэвэр гэдэг хэрэглээний зээл. Таны цалин, тэтгэврийг нэмэгдүүллээ. Эсвэл байгаагаар нь өглөө.
Хүн түүнийг хадгалдаггүй байхгүй юу. Гарангуутаа “Нарантуул” зах дээрээс байна уу, эсвэл “Миний дэлгүүр”-т орж талх худалдаж авна. Тэр нь цаанаа олон нарийн боовны цехэд Дорж, Дулмааг ажиллуулах хөрөнгө оруулалт болно. Таны цалингийн худалдан авах чадвар унаад, цалинг нь бууруулаад байх тусам талх худалдаж авахгүй боорцог хийнэ. Тэр Дорж, Дулмаа ажилгүй болно гэсэн үг. Энэ бол эдийн засгийн цусны эргэлт. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр би зургаан жил ажиллахдаа зургаан удаа тэмцэл хийж хүмүүсийн цалинг доод тал нь 30 хувиар нэмүүлж байсан. Тэтгэврийг дөрвөн удаа нэмүүлж байсан. Би ганцаараа биш хамт олонтойгоо тэмцсэн. Тэр инерциэр өнөөдөр явж байна. Би гурван жилийн өмнө ажлаа өгсөн. Гэхдээ хүмүүсийн цалин орлогыг хамгаалдаг байх ёстой. Энэ бол их том сэдэв.
-Тэгвэл цалинг хасахгүйгээр хэмнэлт хийх, танах ямар боломжууд байгаа вэ?
-Хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт, техник, эдийн засгийн үндэслэлгүй, шаардлагагүй, өнөөдөр яг аминд тулаагүй олон зүйлээ хас. Яг одоо хэмнэ. Тэр нь юу вэ гэвэл улстөрчдийн тулга тойрсон гэж болохоор асуудлууд байна. Зарим суманд гурван тэрбум төгрөгөөр хоёр, гурван километр л зам тавьж байна. Тэгээд л тугны иш хийж байна ч гэх шиг. Аймгийн төвийн захад угтаж үддэг хаалга хийж байна ч гэх шиг. Энэ бүхнээ бодолцооч ээ. Дээр нь орлогоо нэм. Яаж нэмэх вэ гэвэл Оюутолгойгоос орж ирэх ёстой орлогыг бодитоор нь олооч ээ. Яагаад Ганбаатар нөгөө Оюутолгойгоо яриад унав гэвэл бусад уул уурхайн төслүүд Оюутолгойг л дагана.
Оюутолгой дээр 4.2 тэрбум долларын гэрээг Дубайд хийсэн. Зургаан тэрбум долларын зээл авсан. Монгол Улсын газар нутгийг барьцаанд тавьсан. Үүний үр дүн хаа байна аа. Дубайн гэрээг үзэглэчих л юм бол бид жаргалын замдаа орно гэсэн. Та нарт нэг сонин юм хэлье. 2009 оны аравдугаар сарын 6-нд буюу зургаан жил нэг сарын өмнө бид гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж байх үед Монгол Улс өргүй байсан. Гэрээ байгуулж байхад юу гэж ойлгож байсан бэ гэхээр 10 мянган ажлын байр эхний жилдээ бий болно. Өдөр бүр нэг сая доллар орж ирдэг болно.
Дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг Оюутолгойгоос нийлүүлнэ гэсэн. Энэ чинь асар их мөнгө. Гэтэл өнөөдөр бид 21 тэрбум долларын өрөнд орсон, 1.2 сая хөдөлмөрийн насны хүнээс 470 мянган хүн гудамжинд ажилгүй байна. Ядуурал 40 хувьд хүрсэн байна. Энэ бол ноцтой асуудал. Оюутолгойн амлаад байсан юм бий болсонгүй. Тэгэхээр Ганбаатар мэтийн хүмүүс Оюутолгойг гацаасаар байгаад ийм байдалд орлоо гэдэг.
Та нарт би үнэнийг хэлье. Тэд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байгаа. 2014 онд нэг сая тонн зэсийн баяжмалыг гаргалаа шүү дээ. Энэ чинь төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн гэсэн үг. “Рио Тинто”-гийн Ерөнхий захирал нэг сая тонн баяжмал гаргасны баяраа хийх гэж Монголд ирсэн. 2014 онд 17 тонн алт гарсан. Энэ нь нийт нэг тэрбум 972 сая долларын орлого олсон. Манай улсын төсөв 3.5 тэрбум долларын төсвийн орлоготой. Тэгэхэд хоёр тэрбум гэдэг 60-аас их хувийг нь олсон байна шүү дээ. Тэгэхээр төсвийнхөө бараг 60 хувийг олно гэдэг бол бид юу гэсэн үг вэ гэвэл бүх юм нь явж байна. Харин Монголд орж ирдэг юм нь алга.
Дээр нь нэмээд 2015 оны төсвийн мэдээллийг би та нарт хэлье. 2015 онд 1.5 сая тонн зэсийн баяжмал гаргана. Одоогийн байдлаар үүнийгээ давуулан биелүүлэхээр байна. Мөн энэ онд 20 тонн алт олборлоно. Энэ мөнгө бол аль хэзээний хоёр тэрбум доллараас илүү. 2.5 тэрбум доллараас илүү орлого олохоор болчихлоо. Бүх юм явдгаараа явж байна шүү дээ.
Би та нарт бүр ноцтой юм хэлье. Сая Дубайн гэрээ байгуулснаараа Ч.Сайханбилэг Ерөнхий сайд маань тэнд Б.Бямбасайхан, Да.Ганболд гэдэг хоёр хүнд зөвшөөрөл өгч Дубайн гэрээг зуруулснаараа юу болсон бэ гэвэл үндсэндээ зургаан тэрбум долларын барьцаанд Монголын газар нутгийг тавьсан. Дайн байлдаантай орнууд газар нутгаа барьцаанд тавьдаг, баталгаа өгдөг “Мега” гэж олон улсын байгууллагад бид барьцаагаа тавьсан, эх орноо тавьсан. Дээр нь нэмээд баяжмал худалдах гэрээгээ, газар нутгаа, тоног төхөөрөмжөө, уурхайгаа, лицензээ бүгдийг нь барьцаанд тавьсан. Одоо “Рио Тинто” Монголоос гарах боломжтой болсон гэсэн үг. 20 банкны барьцаанд биднийг тавьчихаад гараад явах эрх нь нээгдсэн.
-Гэхдээ Оюутолгойн ханган нийлүүлэгчид хуралдаж арай өөр юм ярьсан ш дээ?
-Өчигдрөөс эхлээд Пи Ар нь явж байна. Зургаан тэрбум доллар орж ирээд энэ дээр худалдан авалтыг монголчууд хийнэ гэж байгаа. Би өөрөө худалдан авах ажиллагааны судалгаа хийсэн. Түүн дээр “Флор” гэдэг инженерийн компани Хятадын гурван компанитай нийлээд нийт худалдан авалтын 78 хувийг нийлүүлж байгаа. Харин нөгөө талд Монголын 200 гаруй компани 500 долларын бээлий, нэг хайрцаг гээд тоо нь их ч далайц байхгүй юм хийж байна. Ихэнх худалдан авагчид нь монгол гэж байгаа боловч Монголд нэг оффис түрээсэлсэн гадаадын компаниуд “Рио Тинто”-д, Оюутолгойд бараа нийлүүлж байгаа. Энд дандаа алдагдалтай ажилладаг учир нь гэвэл манай МАНАН-гийн бүлэглэлүүд “Рио Тинто”-д, Оюутолгойд бараа бүтээгдэхүүн шахаж амьдардаг учраас тэд дуугүй байдаг.
Тэдний бүгдийнх нь мөрийн хөтөлбөр дээр Оюутолгойг Монголд ашигтай болгоно гэж байгаа. Гэтэл яагаад дуугардаггүй вэ гэвэл 50 долларын нэг жорлонгийн суултуурыг тэд 1200 доллараар Оюутолгойд шахаж баяждаг. Хоолных нь гэрээг хэн авсан бэ, бараа бүтээгдэхүүн зөөвөрлөлтийн гэрээг хэн авсан бэ. Энэ бол их ноцтой зүйлүүд байдаг. “Рио Тинто”-гийн, “Туркойз Хилл”-ийн хувьцаа эзэмшигчдэдээ өгдөг мэдээллийн санд би өдөр бүр ордог. Энэ орлогуудын мэдээллийг би бүгдийг тэндээс авдаг. Уг нь энийг Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлд байгаа Ч.Отгочулуу, Да.Ганболд, Б.Бямбасайхан гурав Монголын ард түмэнд мэдээлэл хийх ёстой. Нэг нь жилдээ 140 орчим мянган долларын цалин аваад сууж байгаа тэр хүмүүс олон нийтэд мэдээлэх ёстой байсан.
Гэтэл өнөөдөр би мэдээлж байна. Тэр мэдээлэл дотор юу байна вэ гэвэл хэдхэн хоногийн өмнө гарсан мэдээлэл дээр нь “Рио Тинто” Монголын баялаг, газар нутгийг барьцаанд тавьж 4.2 тэрбум долларын зээлийг монголчуудыг 20-иод банкинд барьцаанд тавьчихаад аваад энийгээ шууд бүх санхүүжилтээ татаж өөрөө авна. Үүгээрээ өөр төслүүдээ санхүүжүүлнэ. Энэ Монголд орж ирэхгүй. Зургаан тэрбум долларыг бол “Туркойз Хилл” авна. Монголчууд авахгүй. Бид зүгээр барьцаа нь болно. Бид зүгээр зургаан тэрбум долларын сургаар худалдан авах үйл ажиллагаанд нь оролцоно гэж хөөрцөглөсөн Пи Ар-ын нэг бүтээгдэхүүнүүд нь. Сурталчилгааны золиоснууд нь. Энэ миний хэлж байгаа зүйлүүд бол үнэн байдал нь. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, манай нэгэн нэр хүндтэй эрхмийн хэлсэн үг байдаг.
Ганбаатарын ярьж байгаа үнэн бол энэ Ч.Сайханбилэг эд нарыг шийтгээч ээ. Монгол оронд бослого гаргахаас өөр аргагүй болчихсон юм байна шүү дээ. Хэрвээ Ганбаатар худлаа ярьж байгаа бол түүнийг шоронд нь хийгээч ээ гэж. Тэгэхээр миний энэ ярьж байгаа зүйлүүд дээр дүгнэлт гаргаж өгөөч. Миний энэ ярьж байгаа зүйл төсөв ш дээ. Төсвийн асуудал, төсвийн орлого ш дээ.
Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараа 2010 оны нэгдүгээр сард байна уу, хөрөнгө оруулалтын урьдчилсан ТЭЗҮ гэж ногдол ашгийн хуваарилалтын графикийг гаргаж өгсөн. 2040 он хүртэл энэ гэрээ хэрэгжинэ. Тэгэхэд ноогдол ашиг нь 2009 онд гэрээ байгуулагдаад 2010-2012 он гээд гурван жил алдагдалтай явж байгаа. 2014 оноос эхлээд 329 сая долларын ногдол ашгийг монголчуудад өгнө. 2015 оноос эхлээд 749 сая долларын ноогдол ашгийг монголчуудад өгнө. 2016 оноос эхлээд 970 сая долларын ноогдол ашиг, түүнээс цаашаа 1.3 тэрбум доллар, 2017 оноос эхлээд 2018-2019 онд сайжраад явчихна. 2.1-2.3 тэрбум долларын ноогдол ашгийг жилдээ бидэнд өгнө. Гэтэл Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу гэдэг хүмүүсийн ач буянаар 2037 он хүртэл бид ногдол ашиг авахгүй.
Цаана нь хоёрхон жил байгаа. Энэ хоёр жилд ч ноогдол ашиг авахгүй. Үндсэндээ бид хэзээ ч ноогдол ашиг авахгүй гэсэн үг. Энэ бол Монголын төсвийн тухай ярьж байна. Энэ Монголын төсөв. П.Жасрай гуай, Д.Бямбасүрэн гуай нар бол энэ баялгаар улсын төсвөө бүрдүүлээд, баяжуулаад, олон үйлдвэр бариад, ажлын байр бий болгоод, энэ мөнгөнөөсөө хөдөө аж ахуйдаа хөрөнгө оруулалт хийж усжуулалтын бодлого боловсруулж бэлчээрээ сайжруулж, мал аж ахуйгаа хөгжүүлж, дэлхийд мах экспортлогч том гүрэн болъё, хад чулуу шороогоор нь газрын баялгаа зөөдөг биш боловсруулж гаргадаг улс болно гэж мөрөөдсөн. Энэ мөрөөдлийг биелүүлэхийн төлөө л бид явж байгаа.
-Та Ерөнхий сайдад нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Сая ч үүнийгээ хэллээ. Г.Уянга гишүүний санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байгаа. Одоо хэдэн гишүүн гарын үсэг зураад байгаа бол. Юу болж байгаа талаар нь мэдээлэл авч байна уу?
-Авалгүй яах вэ. Яахав миний онцлог байдаг юм. Аливаа асуудлыг ярьж байгаа тохиолдолд хувь хүнийх нь тухай ярих бол зохимжгүй байдаг. Гэтэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайд маань миний боловсрол, дипломын талаар Ерөнхий сайдын индэр дээрээс ярьсан. Би үүнд үнэхээр санаа зовсон. Энэ бол их буруу жишиг. С.Ганбаатарыг муу хэлж байгаадаа биш. С.Баярцогттой мэтгэлцэхэд хувь хүн рүү минь л дайраад байсан. Чи их тэнэгдүү хүн шүү дээ, боловсрол муутай хүн шүү дээ л гэж дайраад байсан. Асуудал ерөөсөө ярьж өгөхгүй зовоосон. Маргарет Тетчерийн нэг үг байдаг. Хувь хүн рүү минь дайрч байгаад би баярлалаа. Би асуудалдаа ялчихсан юм байна. Миний асуудалд тэд хэлэх үггүй учраас хувь хүн рүү минь дайрч байгаа юм байна гэсэн үг байдаг. Түүнтэй адил юм.
-Тэр дипломын асуудал үнэн юм уу?
-Үнэн л дээ. Би 1988 онд аравдугаар анги төгссөн. Германы инженерийн бэлтгэлд би сурч байсан. Тухайн үедээ гайгүй л сурлагатай гэж бодоод явж байсан. Дараа нь Политехникийн дээд сургуульд сурч байсан. Ингээд эргээд харахад 1989-1990 он гэдэг ардчилсан хувьсгалын жил байлаа. Би Новосибирскийн цахилгаан техникийн сургуульд бас сурч байсан. Энэ сургуулиа бас төгсч чадаагүй. Энэ үед боловсролын яамнаас өгдөг тэтгэлэг бүх юм байхгүй болж, зогссон. Миний үеийнхэн ихэнх нь энэ замыг туулсан. Би үүгээрээ бахархдаг. Үүнээсээ ерөөсөө санаа зовдоггүй. Тухайн үедээ залуу байхдаа санаа зоволгүй яах вэ.
Яг гуравдугаар курст төгсөхийн даваан дээр л нэг ийм юм болчихоод байдаг. Би чинь олон сургууль дамжлаа. Тэр үед бол хамаатан саднаас минь наймаа хийдэг хүн байхгүй байсан. Сайд дарга хүн байсангүй. Бор зүрхээрээ л явдаг байсан. Би яг л түмний нэг. Бид бүгдээрээ энэ дайрлагад дайруулсан. Тэгээд л Лондонд очиж эрдэм ном сурна гээд явсан. Хэлний курст сурна гээд явсан. Дараа нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хэлээд байгаа “Hammersmith & West London College” гэдэгт сурсан. Тэр коллежийг бас төгсч чадаагүй. Мөнгийг нь төлж чадаагүй. Хичээлийн хажуугаар аяга таваг угаана. Хар бор ажил хийнэ. Их ядарна. Тэгээд л мөнгөө төлж чадахгүй болно.
Тэр үед намайг дэмждэг сайн хүн тааралдахгүй юм байх даа гэж шаналж боддог үе байсан. Тэгээд яахав дараа нь би хоёр сургууль төгссөн. Политехникийн дээд сургуулийнхаа дипломыг авсан. Хөдөлмөрийн эдийн засагчаар төгссөн. Энэ талаар АТГ, СЕХ-нд бүгдийг нь шалгуулаад тодорхойлолтыг нь аваад сонгуульд орсон шүү дээ. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд ч тэгж орсон. Үүнийхээ буянаар би банкны салбарт ажилласан. Их дээд сургуульд багшилж байгаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
Гэхдээ би залуу хүүхэд сандраад явж байхдаа төгсч чадаагүй сургууль байдаг. Намтар, CV дээрээ би тэрийгээ яг бичдэг. Дөрвөн жилийн сургуулийг төгсөөгүй бол хоёр жилээр нь л бичнэ ш тээ. Яг үнэнээрээ л бичиж байгаа нь тэр. Би 1990-ээд оноос хойш, зах зээлийн шилжилтийн үед гадаадад ажиллаж, амьдарч, боловсрол эзэмших гэж мэрийж, аяга тавга угааж сандарч явсан энэ олон монголчуудын УИХ-д гарч ирсэн анхны төлөөлөл нь. Надад Ч.Сайханбилэг шиг АНУ-ын юм уу, өөр капиталист орны захиалгаар сурах боломж олдоогүй. Харин ч өнөөдөр эргээд харахад гаднын Засгийн газрын захиалгаар сураагүй, би хэн нэгэнд өргүй. Нөгөө талаараа би Ч.Сайханбилэгийг чиний Комсомолын дээд сургууль бол өнөөдөр байхгүй, комсомол төгссөн хүмүүсийн дипломыг аль хэзээний хүчингүй болгочихсон.
Чех, Герман зэрэг олон оронд хүчингүй болгосон. Дахин сургалтад хамруулж байгаа юм гэнэ лээ гэж хэзээ ч ярихгүй шүү дээ. Байж болохгүй зүйл. Тэгвэл би тэр хүний алдааг давтана гэсэн үг. Одоо бол болоод өнгөрсөн учраас би араас нь тайлбарлаж байна. Тэр үед ингэж ярьвал ярих л байсан байх л даа. Тэгэхээр асуудлаа л ярих ёстой. Өнөөдөр энэ олон төр засгийн өндөр албан тушаалтнуудын асуудлыг нь ярьж ад болдгийн хувьд хувь хүнийг нь биш асуудлыг нь ярих ёстой.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдын асуудлыг би хувь хүн талаас нь авч үзэхгүй байна. Бид ард түмнээсээ даалгавар авч ирсэн улс. Би дарханчуудынхаа өмнө хариуцлага үүрч, тэдэндээ загнуулах бол загнуулдаг. Сайлуулах бол сайлуулдаг. Ерөнхий сайдыг ард түмэн сонгодоггүй. Ерөнхий сайд гэдэг бол ард түмний элч болсон бидний хөлсний менежер. Хөлсний менежер намайг сонгосон миний эздийг, хүн болгоныг нь өрөнд орууллаа. Зургаан тэрбум доллар бол 12 их наяд төгрөг гэсэн үг. Үүнийг гурван сая иргэндээ хуваахад бүх хүнийг дөрвөн сая төгрөгийн өрөнд Дубайн гэрээгээр л оруулчихаж байгаа юм.
-Ерөнхий сайд таныг дипломаа аваад ирвэл уучлалт гуйна аа гэсэн. Үнэхээр тэр диплом байсан бол аваад очихсон гэж бодож байв уу?
-Тэр хүн өөрөө буруу ярьсан. Тэр “Hammersmith & West London College”-ийн диплом угаасаа надад байхгүй. Тэр миний төгсөөгүй сургууль. Төгсөөгүй сургуулийн дипломыг байгаа юм шигээр намайг ярьсан болгож ярина гэдэг бол тэр хүн дутуу мэдээлэлтэй гэсэн үг. Би намтар дээрээ тэнд хоёр жил сурсан гэж бичсэн байдаг. Хэзээ ч тэр дипломыг байгаа гэж хэлээгүй. Энэ дээр би юу гэж хэлэх гээд байна гэвэл миний хувь хүн рүү хийж байгаа дайралтад Ч.Сайханбилэгтээ би баярлаж байгаа.
Яагаад гэвэл сонгууль дөхөөд үүнийг ярьсан бол хүмүүст бас эргэлзээ бий болно ш дээ. Одоо бол би үнэн мөнийг нь тайлбарлалаа. Оюутолгой гэдэг энэ хэцүү зүйлээс болж тэр хүн сумаа түрүүлж тавилаа шүү дээ, хөөрхий. Одоо тэр хүний бэлдэж байгаа дараагийн Пи Ар, гүтгэлгийн нэг төлөвлөгөө нь ямар нэгэн мүүнийн шашинд намайг хамаатуулж, гол зүтгэлтэн нь гэдэг байдлаар явуулахаар төлөвлөж байгаа. Гэтэл тэр мүүн гэдгийг нь би мэдэх ч үгүй юм. Дэлхийн монголчуудын гэр бүлийн холбоо билүү дээ. Нэг тийм холбоо байдаг юм билээ. Тэр холбооны арга хэмжээ Төрийн ордонд болж байсан. С.Баярцогт оролцож байсан. Ч.Сайханбилэг байсныг мэдэхгүй байна.
М.Энхсайхан гуай байсан. Ерөнхийлөгч оролцож байсан байж магадгүй. Би тэрэнд нь оролцоод л явж байсан. Зөндөө л арга хэмжээнд оролцдог ш дээ. Дараа нь намайг яах бол гэж бодоод байх юм бол амьдрал утгагүй болно ш дээ. Тэгэхээр тэд маань дараагийн нүүдлээ эртхэн шиг хийчихээсэй. Эртхэн шиг гүтгэлгээ тараачихвал бас надад амар юм даа л гэж бодож байна.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудал улс оронд хэр ашигтай вэ. Огцрууллаа гэхэд дахиад бужигнаан үүснэ. Улс төрийн тогтворгүй байдал бий болно. Төсвөө батлах хэрэгтэй байна. Үүнийг хэр тооцож байгаа вэ?
-Үүнийг санаачилсан хүмүүсээс нь нарийвчилж асуу. Би яах вэ дэмжиж байгаа гэдгээ л илэрхийлсэн. Яагаад гэвэл Дубайн гэрээг зурсан. Дубайн гэрээг засварлахын төлөөх оролдлого хийсэн тохиолдолд энэ хүн ажлаа хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Ирэх жил сонгууль болно. Таны тойрогтоо хийхээр төлөвлөсөн ажлууд хэр биелж байгаа вэ. Бие даагч гишүүн төлөвлөсөн ажил, тойрогтоо зарцуулах хөрөнгө оруулалтаа төсөвт тусгуулахад, бусад бүлэгтэй гишүүдтэй харьцуулахад бэрхшээл байдаг уу. Таны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байна?
-Ер нь бол төлөвлөгөө бараг 80-аас дээш хувьтай байгаа. 11 хуулийн төсөл санаачилсан. Дөрөв нь батлагдсан. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг санаачлаад батлана гэсэн. Түүнийгээ санаачилсан. С.Эрдэнэ гишүүн бас санаачилсан. Ингээд бид хоёрын хууль нэгтгэгдээд батлагдсан. Энэ хууль маань биелсэн. Одоо энэ хуулийн хэрэгжилт дээр анхаарч ажиллана. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гэж байгаа. Энэ хууль одоо олон эзэнтэй болж. Ерөнхийлөгч, мөн эмэгтэй гишүүд гээд. Би анх 2013 оны нэгдүгээр сарын 17-нд шинэхэн гишүүн байхдаа санаачилж байсан. Тэгээд энэ хууль маань батлагдсан.
Дархан-Уул аймагтаа төмөрлөгийн үйлдвэр, нэмүү өртөг шингэсэн ажлын байр бий болгоно гэдгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Энэ дээр бол манай Дарханд үйлдвэржилтийн бодлогууд явагдаж байгаа. Иргэдийн орон сууцыг чанартай хямд барина гэсэн. Дархан-Уул аймагт дэд бүтэц дээр 37 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ гурван жилд хийсэн. Дархан үндсэндээ шавааралдсан байсан бол тэлэх бодлого барьсан. Энэ бол үнэхээр дарханчуудтайгаа хамтарч хийж чадсан зүйл маань. Олон барилга баригдаж байгаа. Дархан улам тэлж том хот болох боломж нээгдсэн. Дэд бүтцийг нь эхэлж барих ёстой. Үүгээрээ өнгөрсөн гурван жилийн нийт дүнгээр Дархан-Уул аймгийн хөрөнгө оруулалт нэгдүгээрт байгаа. Би бие даагч шүү дээ.
Хүн хөөцөлдлөгөөтэй л байх ёстой. Төсвийн үеэр өдийд би яам, тамгын газрын мэргэжилтнүүдтэй уулзаад явдаг. Зун амрахгүй ш дээ. Ингэж гишүүн болгон яамдтайгаа ажиллах ёстой. Мэргэжилтэн, хэлтсийн дарга нартай нь уулзаад л учирлаад явах ёстой. Хүүхэд бүр цэцэрлэг, эрүүл аюулгүй орчин гэж байна. Манай Дарханд цэцэрлэгийн хүртээмж бараг 87-90 хувь болсон. Цэцэрлэг дээр би хүчээ төвлөрүүлсэн. Эрүүл мэндийн баталгаатай үйлчилгээ гэж байна. 4.2 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийсэн. Таван түргэний тэрэг авсан. Энэ тал дээр их гайгүй ажилласан. Энэ жил хүүхдийн эмнэлэг барихаар төсөвт суулгасан байгаа. Мөн хоёр цэцэрлэгийн барилгын ажлыг төсөвт суулгасан. Нийт 9 цэцэрлэг ашиглалтад оруулсан, энэ хугацаанд. Төсвийн ил тод байдал гэдэг дээр нэлээд хичээнгүй чармайж ажиллаж байна. Ингээд Дарханы ажил гэвэл үндсэндээ 95 хувь гэж би дүгнэнэ.
Оюутолгойн гэрээний талаар баялгаа үнэлэх ёстой, бие даасан шинжээчдийн баг гаргаж үнэн бодит мэдээллээр хангана гэсэн ажил биелсэн. Үнэн бодит мэдээллээр би байнга хангаж байгаа биз дээ. Баялгаа үнэлье гэдэг дээр ард түмэн үнэлээд эхэлчихсэн биз дээ. Энэ ажил дээр бусад ажилтай харьцуулахад 70 хувьтай гэж болно. Би чин сэтгэлээсээ иргэдэд мэдээлэл өгөхийн төлөө ажилласан. Миний сонгуулийн мөрийн хөтөлбөрийг харах юм бол Оюутолгойн гэрээний талаар нэг ч өгүүлбэр байдаггүй. МАХН, МАН, АН-д дандаа Оюутолгой ярьсан мөрийн хөтөлбөр байдаг.
Тэд гэтэл таг. Яагаад ингэж би яриад байдаг юм бэ гэвэл хүн үнэнээсээ хүний төлөө зүтгэх ёстой. Ингээд уул уурхайн баялгийг шударгаар ард түмэнтэйгээ хуваая гэдэг дээр хатуу байгаа. Гэхдээ би гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг биш. Энэ хөрөнгө оруулалт Монголд орж ирээд монголчуудад ашигтай байх ёстой гэдгийг л ярьдаг. Одоо зургаан тэрбум долларын худалдан авалтын ажиллагааг монголчуудад яаж өгөх вэ гэсэн хошгируулалт ид явж байна. Энэ зургаан тэрбум долларыг 2016 оны нэг, хоёрдугаар улиралдаа багтааж бүх мөнгөө “Рио Тинто”, “Туркойз хилл" хоёр буцааж татна аа гэдгээ мэдээлсэн байгаа. Энэ мэдээлэл дээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайд надад хариу өгөхгүй байгаа. Би баримттай зүйл ярьж байна штээ.
-Хүүхдийн мөнгийг байхгүй болгох асуудлыг АН-ынхан өөрсдөө тавьж байх шиг байна. Үүнийг дэмжих үү?
-Хүүхдийн мөнгийг болиод үүнээс бий болсон хэмнэлт хуримтлалаар аав, ээжүүдэд нь ажлын байр бий болгох юм уу гэдэг баталгаа байгаа бол би бодож үзнэ. Энэ баталгаа байхгүй бол хүүхдүүдийн мөнгийг хулгай хийж тэд жийп авч унах гэж байна гэж би үзээд 100 хувь эсэргүүцнэ. Үйлдвэржилт, ажлын байрны бодлого байгаа бол тооцоо судалгаа үндэслэлийг нь харах ёстой. Би ийм байр суурьтай байна.
-Ирэх сонгуульд Дархандаа дэвших үү?
-Би Дархандаа дэвшинэ.
-МАН Ц.Даваасүрэн гишүүний гишүүнчлэлийг нь сэргээчихлээ. Бие даагчдын зөвлөл энэ талаар ярилцсан уу. Ц.Даваасүрэн гишүүн та хоёртой зөвлөлдсөн үү?
-Бие даагч гишүүдийн зөвлөлийн ахлагчаар би ажиллаж байгаа. Хоёр нөхрийгөө эргээд харахад хөвсгөлчүүддээ, дорнодчууддаа үнэхээр баярлалаа. Та нар бол сайн хүн сонгож. Бид гурав гар нийлж хүний төлөө ажилласан. Бид цөөдөөгүй. Яагаад гэвэл бидний ард иргэд маань байна. Харин одоо дараагийн сонгууль дөхөж байна. МАН-аас гишүүнчлэлийг нь сэргээгээд намдаа орооч ээ гэсэн байр суурь барьж байгаа юм билээ. Бид гурав энэ талаар ярилцсан. Бидний ойлголцсон зүйл бий.
Би бол МАН, АН-д бол орохгүй. Энэ намуудыг шинэчлэхэд нь тус болж яаж зөв улс төр хийж болох вэ гэдэг хичээл зааж байна гэсэн үг шүү дээ. Харин манай Ц.Даваасүрэн гишүүний хувьд бид гурав энэ тухай ярилцаад хөвсгөлчүүд юу гэж шийдэх нь вэ тэр л бидний эцсийн дээд шийдвэр гэж үзнэ гэдэгт тохирсон. Хөвсгөлчүүд маань, сонгогчид маань МАН-даа буцаж ор гэдэг асуудал тавьбал хэцүү байх. Гэхдээ шийдэх л байх. Бие даагчаараа бай гэвэл тэр л байх. Бид гурав нийлээд дахиад өөр шинэ улс төрийн хүчин байгуулна гэж байгаа бол бас энэ ард иргэд сонгогчдын саналын үндсэн дээр шийдэх асуудал. Бид тэдний үйлчлэгч.
-Таныг шинэ намын байгуулах гэж байгаа гэж нэг хэсэг хардсан?
-Би бол шинэ тулгар бий болж байгаа намуудад үнэхээр хүндэтгэлтэй хандаж тэдэндээ өөрийн зүгээс чадах зөвлөгөө үгээ байнга хэлдэг. Ямар ч байсан 11 жил хүний төлөө зүтгэлээ. Бас ч гэж ойлгож, туршлагажсан зүйл байдаг. Тэрийгээ хуваалцдаг. Шинэ зөв залуучууд төр засгийн шийдвэр гаргах төвшинд олон орж ирэх л юм бол Монголд хэрэгтэй. Би үүнд хувь нэмэр оруулах үүрэгтэй. Над шиг хүмүүсийн хайрыг хүлээж хүмүүсийн хамгаалалтад байдаг хүнэ шинэ залуу улстөрчдөө хамгаалж тэдэндээ суурь болж дэмжлэг болж явахгүй л юм бол улс оронд аюултай.
Олон намуудад зөвлөгөө өгч хамтарч ажилладаг. Манлайбаатар Дамдинсүрэн гуайн нэг үг бий. Төрийн ажлыг амьд хүмүүс хөтөлж явуулдаг ч гэсэн түүний төлөө амь насаа өргөсөн хүмүүсийн яс чөмгөн дээр төрийн ажилд тогтдог юм шүү гэдэг шиг дараагийн хойч үе, залуу үедээ дэм болох нь бидний үүрэг. Аль нам нь хамаагүй. Ийм л байр сууртай байгаа. Оюутолгойн хувьд бол барын сүүлийг бариузай, барьсан хойноо тавиузай гэдэг шиг заавал үр дүн гаргана даа. Монголынхоо төлөө үүн дээр үр дүн гаргаж, олон ажлын байр, олон цэцэрлэг, сургуулийг Оюутолгойгоос гаргаж авахын төлөө зүтгэнэ дээ.
-Зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Түрүүнээс хойш би хар бараан хэцүү зүйл ярьсан байх. Монгол одоо босно оо. Зуд зулагтай гэдэг. Зудны дараа мал өсдөг гэдэг. Өнөөдөр улс төр, эдийн засгийн зуд болж байна. Монгол төрийг хувалз шиг сорж байгаа хэдэн гэр бүлүүд өнөөдөр Монголын төрийг сульдааж байна. Монгол төр өнөөдөр сандарч байна. Монголын ард түмэн ч сандарч байна. Энүүгээрээ биднээс хувалз шиг сордог том гэр бүлүүд, үндэстэн дамнасан корпорациудын гар хөл болж Монголын ард түмний төсвөөс цус сорогч шиг амьдардаг энэ улсуудад эдийн засгийн хямрал үхлийн цохилт өгч байгаа. 2016 оноос эхлээд жинхэнэ шударга бизнесмэнүүд хүчтэй гарч ирэх боломж нь нээгдэнэ.
Эдийн засгийн гадаад нөхцөл байдал ч гэсэн Монголд таатайгаар эргэж байгаа. Монголд шударга байдал бий болно. Миний боддог зүйл бол нэгдүгээрт, баялгийн үндэсний үзэл буюу эзэн нь юмаа мэдэхүй гэдэг зүйлийг л байнга ярьдаг. Энэ бол Норвеги шиг хөгжье гэсэн үг. Баялгийн үндэсний үзлийг хүчтэй болгох юм бол Засгийн газар цэвэрхэн болно. Засгийн газар яагаад бохирддог вэ гэвэл уул уурхайн лицензтэй сайд нар нь холбогддог учраас. Уул уурхай шударга явбал Засгийн газар цэвэршинэ. Засгийн газар цэвэршиж эхлэх юм бол нийгэм шударга болно. Монголд 470 мянган залуу ажилгүй явж байна гэдэг бол нийгэм хамгийн шударга биш баян хоосны ялгаа их гарсан байна гэсэн үг. Дөрөвт, нийгэм шударга болбол тусгаар тогтнол баталгаажина.
Энэ дөрөв миний хүсч байгаа зүйл. Үүний эхлэл нь энэ бүх идэж ууж байгаа бохир Засгийн газрын эх үндэс болсон уул уурхайгаа шударга болго л гэж байгаа. Ингэхийн тулд уул уурхайн эхний манлайлагч төсөл болох Оюутолгойгоо ил тод, шударга болго л гэж байгаа. Дандаа хаалттай хаалганы ард битгий яриач ээ л гэж байгаа. Миний яриад байгаа зүйлүүд дээр буруу эсвэл зөв гэдэгт Ч.Сайханбилэг мэдээлэл хийх ёстой. Миний дипломын тухай ярих биш. Тэрийг АТГ, СЕХ ярина биз. Ерөнхий сайдын ажил тэр биш. Ийм л учиртай. Ганбаатарыг муу хэлээд хэн ч биш болгочихвол тэр хүний аз жаргалтай мөч эхлэх гээд байгаа бол энэ андуурал. Яагаад гэвэл бодит үнэнийг л бид ярилцах ёстой.