Он гарснаар 220 гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлжээ
2015.11.13

Он гарснаар 220 гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлжээ

Эдийн засгийн багц мэдээ

Шинэ төслүүд

1. Монгол Улс БНСУ-тай төмөр зам, дамжин өнгөрөх тээврийн салбарт хамтран ажиллах зорилгоор БНСУ-ын Үндэсний төмөр замуудын сүлжээ "KORAIL"-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

2. Засгийн газрын шийдвэрийн дагуу "Бүтээн байгуулалтын лизингийн санхүүжилт", "Үндэсний экспортын даатгал" гэх компаниудыг энэ он дуусахаас өмнө байгуулахаар ажиллаж байгаагаа Хөгжлийн банкнаас мэдээллээ. Эдгээр байгууллага нь экспорт эрхлэгч болон үндэсний үйлдвэрлэгчдийн санхүүжилт татах ажлыг хөнгөвчлөх зорилготой юм. 

3. Энэ оны эхний 9 сард гадаадын хөрөнгө оруулалттай 220 компани шинээр бүртгэгджээ.

Зөвхөн есдүгээр сард л гэхэд гадаадын хөрөнгө оруулалттай 21 компани бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл сард дунджаар гадаадын хөрөнгө оруулалттай 10-30 компани бүртгэгдэж байна 

4. "Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн банк хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.Төслийн хүрээнд 500 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарчээ. 

5. “Оюу Толгой”-ийн далд уурхайн төслийн санхүүжилтийг энэ сарын сүүлээр босгох хүлээлттэй байна. Санхүүжилт татсаны дараа ирэх оны эхний хагаст хувь нийтлүүлэгчид ТЭЗҮ-ийн тодотголыг баталж, бүтээн байгуулалт нь ирэх оны зургадугаар сараас эхлэх товтой байна. Өнгөрсөн тавдугаар сард “Оюу Толгой”- ийн хувь нийлүүлэгчид тохиролцоонд хүрч, далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан юм.

6. Монгол Улсын Хөдөлмөрийн яам, “Оюу Толгой” компани, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг 2019 он хүртэл мэргэжлийн болон техникийн сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Дорнод, Дархан-Уул, Өмнөговь аймаг дахь Политехникийн коллежуудад түшиглэн тодорхой мэргэжлээр "Чадамжийн төв"-үүдийг байгуулахаар болжээ. 

7. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг концессоор гүйцэтгүүлэхээр Засийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлээд байна. 125 үйлчилгээг хэд хэдэн багцад хуваан цахим хэлбэрт шилжүүлэн www.ezasag.mn портал сайтаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг концессоор хэрэгжүүлэх юм.

8. 11 дүгээр сарын 15-20-нд Монгол Улсын Засгийн газар, Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцоод байна. Засгийн газрыг төлөөлж гэрээ байгуулах эрхийг Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт Засгийн газрын хуралдаанаар олголоо. 

Массачусетсийн их сургууль

Санхүүгийн орчин

1. Арилжааны банкны нийт зээлийн үлдэгдэл III улирлын байдлаар татан буугдаад байгаа банкуудыг оруулж тооцсоноор 11.8 их наяд төгрөгт хүрлээ. Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 98 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч өнгөрсөн оны мөн үеэс 678 тэрбум төгрөгөөр буурлаа. Зээл олголт саарч байгаа энэхүү нөхцөл байдлыг санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурдахдаа нэг талаас банкны салбарын эх үүсвэрийн өсөлт саарсан, нөгөө талаас банкууд эрсдлээс болгоомжлон зээл олголтоо багасгасан нь нөлөөлж байна гэж үзсэн байна. 

2. Олон улсын зах зээлд арилжигдаж байгаа Монгол Улсын Засгийн газрын урт хугацаат ам.долларын бондуудын ханш 10 дугаар сард харьцангуй өсөлттэй байна. 

3. Гадаад валютын хадгаламж есдүгээр сард өмнөх сараас 47 тэрбум төгрөгөөр буурсантай зэрэгцээд ам.долларын ханш төгрөгийн эсрэг 0.25 хувиар буурчээ.

4. Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хуулийн хүрээнд хамрагдаж байгаа 3600 гаруй аж ахуйн нэгжүүд өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 10-наас тайлангаа төлж эхлэнэ.

Уул уурхай

1. Лондонд төвтэй “Anglo American” компани энэ оны эцэс гэхэд Монгол дахь салбараа хаах болсон талаар цахим шуудангаар мэдээллээ. Тус компани зардлаа танах үүднээс зарим бүс нутгийн салбар оффисуудаа хааж байгаа ажээ. “Anglo American” компанийн хувьд 2012 оноос Монгол Улсад салбар оффисоо нээсэн боловч Монголд уул уурхайн чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. 

2. “Turquoise Hill Resources” компани “Оюу Толгой”- компанийн III улирлын орлого 2.5 хувиар өсч, 431.7 сая ам.доллар, цэвэр ашиг нь 21.1 сая ам.доллар болжээ. 2015 оны эхний гурван улиралд “Оюу Толгой” компани 1.28 тэрбум ам.долларын үнэ бүхий 580 гаруй тонн зэсийн баяжмал борлуулж, улмаар 142 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. 

3. Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “CIC Gold Group” Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Gobi Minerals” компанийг 5.6 сая фунт стерлингээр худалдан авахаар тохиролцсон байна. Төлбөрийг 280 сая хувьцаа гаргаж барагдуулахаас талыг нь худалдагч талд шилжүүлэх юм. 

4. Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Entree Gold” компани “Оюу Толгой” компанитай хамтран эзэмшдэг тусгай зөвшөөрлөө “Оюу Толгой”-д шилжүүлэхээр хэлэлцэж байгаа гэж мэдээллээ. “Entree Gold” компани “Оюу Толгой”- ийн Хойд Хюго Үргэлжлэл болон Херуга орд, мөн Шивээ Толгой болон Баруун Шивээ талбайн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.  

5. Уул уурхайн яамнаас өгсөн мэдээгээр энэ оны эхний есөн сарын байдлаар нүүрс 16.6 сая тонн, алт 10 тонн, газрын тос 868.1 мянган тонныг тус тус олборлоод байна.

6. Энэ оны эхний 9 сард 875,9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолж, 212,1 тэрбум төгрөгийн онцгой албан татварыг төсөвт төвлөрүүлжээ.

Хөдөлмөрийн зах зээл

1. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 10 дугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар буурч, 31 мянга 526 болсон гэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс мэдээллээ. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 98.6 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн нэмэгдсэнээс 34.9 мянга нь шинээр бүртгүүлж, 63.6 мянга нь мэдээллээ шинэчилжээ.

2. Монгол Улсын 100 мянга гаруй иргэн гадаад улс оронд хөдөлмөр эрхэлж байна.

Бусад

1. 2015 оны эхний гурван улирлын хугацаанд Монгол Улсыг зорих жуулчдын урсгал өмнөх оноос 0.4 хувиар нэмэгдсэн байна. Монгол Улсын аялал, жуулчлалын салбарын голлох зах зээлд тооцогддог БНХАУ-ын жуулчид олон улсын хэмжээнд ч дийлэнх урсгалыг бүрдүүлж байгаа аж.

2. Хэрэглээний үнийн улсын индекс 10 дугаар сард үргэлжлүүлэн буурч, энэ оны эхнээс 1.9 хувиар өссөн дүнтэй гарчээ.

3. НИТХ-ын ээлжит хурлаар нийслэлийн иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг баталсан байна. Энэ удаад хоѐр дахь ээлжийн 68 байршлыг баталжээ.

4. Урьдчилсан дүнгээр энэ онд улсын хэмжээнд нийт 210 мянган тонн үр тариа, үүнээс 198.8 мянган тонн улаанбуудай хураажээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 27.4 мянган тонн буудайг нийлүүлэн тооцвол, 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэж, хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй гэж мэдээлсэн. Одоогийн дүн мэдээлэлд тулгуурлаад тооцвол гурилын хэрэгцээнд дутагдах буудайн хэмжээ өсч магадгүй байна.