Хамтын тэтгэвэр эдлэхийн тулд эхнэр, нөхөр 15 жил амьдарсан байх ёстой
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.11.19

Хамтын тэтгэвэр эдлэхийн тулд эхнэр, нөхөр 15 жил амьдарсан байх ёстой

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас хуулийн төслийг талаарх зарим заалтуудаар тодруулга авлаа.

-Хамтын тэтгэврийн хууль нь нийгэмд хүлээлт үүсгэж буй хуулийн төслүүдийн нэг. Юуны өмнө хамтын тэтгэвэр авагч гэж хэн бэ гэдэг дээр тайлбар өгөхгүй юу?

-Хамтын тэтгэврийн хууль нь өнөө үед хамгийн шаардлагатай хуулийн нэг болоод байна. Учир нь социализмын бүтээн байгуулалтад оролцсон иргэд маань ямар ч хуримтлалгүй, хувийн өмчгүй зөвхөн тэтгэврээрээ амьдарч байгаа тохиолдол олон байна. Тэтгэврээрээ амьдарч байтал гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа эхнэр нөхөр санхүүгийн маш хүндрэлд ордог. Тийм учраас энэ хуулийн төслийг санаачилсан юм.

Тус хууль нь ялангуяа манай эмэгтэйчүүдэд их чухлаар тусна. Яагаад гэвэл, эмэгтэйчүүд нөхрийнхөө ажил хийх бололцоог олгохын тулд гэртээ урт хугацаагаар суудаг. Олон хүүхэд төрүүлж өсгөдөг. Тэгэхээр ажилласан жил нь тасрах юм уу эсвэл бага цалинтай ажил эрхлэх нь амьдралд түгээмэл байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн тэтгэвэр маш багаар тогтоогддог. Гэтэл хань ижил нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ гэхэд байраа зарах хэмжээнд хүрч байна. Эсвэл байр түрээслэх ямар ч мөнгөгүй байдалд орж байна. Ингэхээр эмэгтэйчүүд маш их ядууралд өртөж байна.

Гуравдугаарт хэлэхэд, хүн тэтгэвэрт гарсан хойноо сайхан амьдрахын тулд насан туршдаа  20, 30 жил хүнд хөдөлмөр эрхлээд нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлдөг. Яг үүнийхээ үр шимийг хүртэх үед хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа нь тухайн хувь хүнд ч, гэр бүлд нь ч хохиролтой. Улсаас халамж авч байгаа хэрэг биш. Тухайн хүний нэрийн дансны мөнгө. Энэ мөнгөний 100 хувийг биш юм аа гэхэд тодорхой хувийг олгох ёстой гэж үзэж байгаа юм.

Мөн өөр нэг чухал ач холбогдол нь монголын гэр бүлүүдийг тогтвортой байлгахад ихээхэн нөлөө үзүүлнэ. Хуулинд 15 жил зайлшгүй хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай улсууд хамтын тэтгэвэрт хамрагдана гэж заасан нь ирээдүйд гэр бүл тогтвортой байхад нөлөөлэхүйц алхам болох юм.

-Хуулийн төслийн анхны хувилбарт хамтын тэтгэврийг 70 хувиар тогтооно гэж оруулж ирлээ гэж ойлгосон. Хэлэлцүүлгийн шатанд 20 хувиар гэж өөрчилж байх шиг байна?

-20 хувь бол доод хязгаар. Өчигдөр хийсэн анхны хэлэлцүүлгээр эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч хамтын тэтгэврийн хувь хэмжээг Засгийн газар тогтоож байхаар ажлын хэсгийнхэн саналаа оруулж ирсэн. Миний хувьд, "Засгийн газар тогтоох нь зөв. Гэхдээ хуулиндаа доод хязгаарыг нь тусгахгүй бол зарим жил 5 хувиар тогтоох болно" гэсэн саналаа хэлсэн. Тиймээс доод хязгаар 20 хувь байхыг гишүүд дэмжлээ. Өөр нэг шийдсэн чухал асуудал бол хууль таван жилээр эргэж үйлчлэхийг дэмжсэн явдал юм. Хамтын тэтгэврийн хууль бол 2017 оноос хэрэгжинэ. Ихэнх хууль буцаж үйлчилдэггүй шүү дээ.

-Манай улсын нийт тэтгэвэр авагчдын дийлэнх нь бага тэтгэвэртэй иргэд байдаг. Тэгэхээр өндөр тэтгэвэртэй иргэний ар гэр өндөр, бага тэтгэвэртэй иргэний ар гэр бага хамтын тэтгэвэр авна гэсэн үг үү. Эсвэл тэгшитгэсэн байдлаар зохицуулалт оруулах юм уу?

-Тэгшитгэсэн ойлголт байхгүй. Тухайн гэр бүлийн гишүүн мөнх бусыг үзүүллээ гэхэд үлдэж буй хүнд нь хуулинд заасан хувь хэмжээний хамтын тэтгэвэр нь очно л гэсэн үг.

-Хууль таван жилээр ухарч хэрэгжих нь. Хэдэн иргэн энэхүү тэтгэврийг авах, мөн хэдэн төгрөг шаардагдахаар байна вэ?

-Өчигдөр шийдсэн асуудал тул таван жилээр тооцвол хэдэн хүн хамрагдахыг хэлэх боломжгүй байна. Шаардагдах хөрөнгийг 2017 оны төсөв дээр суулгавал асуудлыг шийдэх бололцоотой гэж ажлын хэсгээс тайлбарласан.

-Гэр бүлийн гишүүн таалал төгслөө гэхэд үлдэж буй эхнэр нөхөр хэдий хугацаанд тэтгэврээ авах вэ?

-Нас барсны дараа 5 жил хамтын тэтгэвэр авна.

-Энэ хүн хамтын тэтгэвэр авагч мөн гэдгийг хэрхэн баталгаажуулах вэ?

-Нийгмийн даатгалын хуулиар зохицуулна. НДЕГ-аас шалгуур үзүүлэлт хангасан тохиолдолд тэтгэврийн эрх нээгдэнэ.

-Эмэгтэйчүүд гэртээ суух юм уу эсвэл бага цалинтай ажил эрхэлдэг гэж та өмнө нь хэллээ. Улсад огт ажил хийгээгүй эмэгтэйчүүд хамтын тэтгэвэр авах уу?

-Өөрөө ажил хийсэн хийгээгүй нь хамаагүй. Хамт амьдарч байсан баталгаатай тохиолдолд хамтын тэтгэвэр авахаар зохицуулалт тусгаж байгаа. Ажлын хэсгээс тодорхой шалгуур оруулж ирж байна. Нарийн шалгууруудыг хэлэлцүүлгийн явцад дахин ярилцана.

-Хамтын тэтгэврийг эхнэр нөхрөөс гадна гэр бүлийн бусад гишүүн авах бололцоотой юу?

-Хамтын тэтгэвэр зөвхөн эхнэр нөхөрт хамаатай хууль. Хүүхдүүд хамаатай хууль биш.