Монголын улс төрч Польшийн одонгоор шагнууллаа
Манай улс БНПУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн босгон дээр тус Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Польшийн төрийн дээд шагнал-Командорын гавъяаны загалмай одонгоор УИХ-ын гишүүн Л.Болдыг шагнасан байна.
Тус одон нь Польш улсын төрөөс гадаад улсын иргэнд олгодог хамгийн том шагнал ажээ. Шангрилла зочид буудалд өнгөрсөн 17-ны орой болсон одон гардуулах ёслолын үеэр БНПУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Михав Вабенда: “Монгол Улсын Батлан хамгаалах яам болон Гадаад харилцааны яамыг таргүулж байсан Болд сайдад хүртээсэн энэхүү дээд шагнал нь Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнеж эхэлсэн тэр он жилүүд болон төрийн өндөр албан тушаал хашиж байх цаг үедээ Монгол, Польшийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ажлынх нь үр дүн” гэж онцлон тэмдэглэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болдоос цөөн асуултад хариулт авлаа.
Польшийн төрийн дээд шагналаар шагнуулсанд баяр хүргэе.
Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн албан хаагчид, манай улсын иргэдийг төлөөлүүлж надад энэ нэр хүндтэй шагналыг хүртээсэнд баяртай байна. Оюутны удирдагч байсан хүний хувьд Олон улсын оюутны эрхийн онцгой өдөр шагналыг гардсандаа таатай байна.
Польш улсын хувьд 100- аад жилийн өмнө тусгаар тогтносны дээр хүйтэн дайны дараа Европ дахь хамгийн анхны ардчилсан улс болсон гэдгээрээ онцлогтой. Эдүгээ ч буурал Европт Польшийн жин нөлөө өндөр байна. Тухайлбал Польш Улсын иргэн Доналд Турк Европын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон нь тус улс ардчиллын 25 жилийн түүхэндээ олж авсан том амжилтынх нь жишээ.
Монгол Улс Ази дахь хамгийн анхны ардчилсан улс болсноос хойш 25 жилийг ардаа үдээд байна. Ардчилсан улс болсон ойгоо манай хоёр улс хамтдаа тэмдэглэж байгаа түүхэн жил энэ шагналыг олгосонд бэлгэшээж байна.
БНПУ-ын элчин сайд шагнал гардуулахдаа Батлан хамгаалахын сайд байхдаа хоёр орны цэргийн харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргасныг тань онцлон дурдаж байсан.
Монгол, Польш улс жинхэнэ дайчин барилдлагаатай улс. Иракийн ард түмний аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд Монгол, Польш цэргүүд мөр зэрэгцэн оролцож үүргээ нэр төртэйгээр биелүүлж байсан. Өөрөөр хэлбэл II дайнаас хойшхи хамгийн хүнд сорилт эрсдэлтэй Иракийн дайнд хамтдаа үүрэг гүйцэтгэсэн.
Манай хоёр орон энэ үйл ажиллагаанд амжилттай оролцсон төдийгүй бүс нутагт энх амгалан тогтооход хоёр орны зэвсэгт хүчин тодорхой хувь нэмэр оруулсан. Монгол цэргүүд Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндоннар олон мянган эвслийн цэргүүд, тэр дундаа олон зуун Польш цэргүүдийн амийг гадны халдлагаас аварч байсан түүхтэй. Тэдний гавъяаг Польшид одоо ч бахархан ярьдаг.
Батлан хамгаалахаас гадна хоёр талын харилцаа аль салбарт түлхүү хөгжиж байна вэ?
Монголын олон зуун ардын эмч нар Польш улсад хүлээн зөвшөөрөгдөж амжилттай сайхан ажиллаж байгаа. Монголын уламжлалт анагаах ухаан Польш улсад маш нэр хүндтэй. Орчин үеийн
анагаах ухааны салбарт ч нягт хамтран ажилладаг. Сүүлийн гурван жилд хоёр талын улс төрийн харилцааны түүхэнд томоохон ахиц гарсан. Монгол улсад Польшоос 59 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэ зээлийн хөрөнгөөр аймгуудын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна.
Европоос Польш, Азиас Монгол анх ардчилсан улс болсныг та дурдлаа. 1989 оны өвөл Сүхбаатарын талбайд болсон цуглаанд 90 мянга орчим хүн оролцсоны 80 хувь нь оюутнууд байсан гэхээр Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний гөлхүч нь яах аргагүи оюутнууд байсан гэж үздэг шүү дээ. Олон улсын оюутны эрхийн өдөр Оюутны холбоог даргалж байсан танд энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан нь тохиолдлын биш болов уу.
Тийм гэж бодож байна. Надад өгсөн шагнал бол Монголын оюутнуудын ардчилсан хувьсгалд оруулсан гавьяаг Польшийн төр үнэлсэн хэрэг. Жагсаал цуглаан хийх, олон нийтийг уриалан дуудахад оюутнууд хэнээс ч илүү том хүч болж байсныг түүх мартахгүй.
Эх орондоо байсан оюутнууд төдийгүй гадаадад суралцдаг оюутнууд ч энэ тэмцэлд гар бие оролцож, сэтгэл зүрхээрээ хамт байсныг хэлье. Аливаа шинэчлэлийн хөдөлгөгч хүч нь залуучууд, тэр дундаа оюутнууд байдаг нь дэлхийн жишиг.
Энэ л жишгээр олон оронд өрнөсөн тэмцлийн магнайд оюутнууд явж, зарим нь амь насаараа хохирсон байдаг. Монголын оюутнууд ч ялгаагүй өөрчлөлт шинэчлэлийн төлөөх хөдөлгөөний гол түүчээ нь байсан шүү дээ.