Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчөөгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.12.03

Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчөөгүй

УИХ-ын 94 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 49 хувийн саналаар дэмжсэн. Үүнтэй холбогдуулан хоригийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

- УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан асуудлыг та юу гэж дүгнэж байна вэ?

Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн Хуулинд зааснаар хууль болон УИХ-аас гарсан бусад шийдвэрт хориг тавих эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. УИХ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах уу үгүй юу гэдэг дээр санал хураасан. Бид хүлээж авъя гэсэн саналыг дэмжсэн. Ерөнхийлөгчийн хувьд хүлээж авч байгаа нь буруу гэж үзэн хориг тавьсан. 

Уг нь бол УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал л даа. Хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралдана. Хүлээж авбал хуралдаан явагддаггүй. Түүхэнд анх удаа ийм үйл явдал болж байна.

Сая санал хуралтын үеэр их хурлын дэд дарга хэлэхдээ "Хоригийг хүлээж авах эсэх асуудал 66 хувиар шийдэгдэх ёстой. Хувьдаа хүрээгүй учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа" гэж тайлбарлаж байна лээ. 

- Ц.Нямдорж гишүүн Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчиж хориг тавилаа, цаашилбал Ерөнхийлөгч огцрох хүртэл асуудал яригдана гэсэн?

- Үндсэн хууль зөрчсөн асуудал биш. Ерөнхийлөгч эрхийнхээ хүрээнд УИХ-аас гарсан тогтоолд хориг тавьсан учраас тогтоолоос хамаараад цэцийн шийдвэрийг дахин хэлэлцэх болж байна. Одоо дахин санал хураалт явуулж цэц их суудлаар хуралдах эсэхийг шийднэ.