Ардчиллын үнэт зүйлээ хамгаалахын тулд таван нам нэгдсэн
-АН байгуулагдсаны 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, түүхт өдрийг дурссан арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. 15 жилийн тэртээх энэ өдрийг эргэн дурсахгүй юу?
2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд тухайн үеийн ардчилсан хүчний ачааг үүрч явсан гол таван нам нийлж, Монголын Ардчилсан намыг байгуулах асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргаж байсан түүхтэй. Тухайн үед нэр, лого, туг зэрэг намыг илэрхийддэг гол зүйл дээр нэлээд маргаантай байсан. Тэр дундаа, намын нэр дээр маргасан. Тэр үед Монголын Ардчилсан намын даргаар миний бие ажиллаж байсан.
Ингээд Монголын Ардчилсан нам гэдэг нэрийг авах нөхцөлтэйгөөр нэгдэнэ гэсэн шийдвэрийг манай намын ерөнхий зөвлөлийн хуралдаанаас гаргасан. Нэгдэж байгаа намуудын удирдлагууд өөр хувилбарууд гаргасан ч миний хувьд намын шийдюрээ хамгаалсан. Ер нь 1990 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Монголын Ардчилсан намын нэр гэдэг утгаараа тухайн үед давуу тал болсон.
Тиймээс энэ нэрээр тогтож, 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд таван нам нэгдэж өнөөдрийн Ардчилсан намын суурийг тавьсан. Тэр үед сонгуульд үндсэндээ ардчилсан хүчин бүхэлдээ ялагдсан байв. Ганцхан Дундговь аймгаас Ж.Наранцацралт гишүүн сонгогдож бусад 75 тойрогт ялагдсан үзүүлэлттэй байсан. Ийм унасан байдалд үнэхээр ардчиллын бүх зүйл байхгүй болох, арчигдах аюул нүүрлэсэн. 1990 оны ололт, амжилтаа хэрхэн хамгаалж үлдэх нь туйлын чухал байсан үе. Тэр уггаараа таван нам нэгдсэн.
-Тухайн үед улс төрийн намуудад өөрийн гэсэн зорилго бас эрх ашиг, сонирхол байсан нь мэдээж. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байсан бол?
-Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэрэг гол зүйл дээр намууд өөрсдийн байр сууриа илэрхийлж, оролцоогоо бий болгож ажилласан. Боломжийн бичиг баримт, дүрэм журмуудыг хийж чадсан гэж боддог.
Учир нь тэр үед хийсэн зүйлүүд өнөөг хүртэл үнэ цэнээ алдахгүй байгааг бодоход олон жилийн настай ажил хийж гэж хардаг. Тухайлбал, өнөөгийн АН-ын туг бол тухайн үеийн МҮАН-ын туг байсан. Дугуй дотор гурван гурвалжин дүрс бий. Тэр нь Социал демократ намын бэлэг тэмдэг байсныг АН-ын бэлэг дэмдэг болгож авсан.
-Таван нам нэгдэх ажилд намууд хэр идэвх санаачлагатай оролцож байсан бол. Ер нь хэний санаа байсан юм бэ?
-Ардчиллын төлөө намуудын удирдлагуудад гол санаачлах эрх нь байсан. Монголын Сэргэн мандлын намын дарга байсан Д.Бямбасүрэн гуай, Монголын Социал демократ намын дарга Р.Гончигдорж, МҮАН-ын дарга Р.Амаржаргал зэрэг хүн гол үүрэгтэй байсан. Монголын Ардчилсан намын удирдлагууд нэгдэх ажилд идэвхтэй оролцсон. Энэ том ажлыг нэг хүн, нэг хэсэг хүн хийчихгүй шүү дээ. Энэ бол хамтын бүтээл байсан гэдгийг онцолмоор байна.
-Сүүлийн үед АН, ИЗНН-тай нэгдэнэ гэх мэдээлэл гарч, эхнээсээ байр сууриа илэрхийлэх боллоо. Ер нь та намууд хоорондоо нэгдэх тухайд ямар бодолтой явдаг вэ?
Нэгдлийн гол зорилго бол гишүүд дэмжигчдийн хүрээнд, иргэдийн дунд ч олон талцал хуваагдлыг аль болох байжахгүй байх. Нэгдсэн чиг зорилго руу хүчээ нэгтгэх зэрэг олон давуу талтай. Эцэстээ нийтлэг эрх ашиг, зорилгодоо хүрэх шүү дээ. Тухайлбал, ардчиллын үнэт зүйлийг хадгалах, түүний үр дүнг улам сайжруулах нь гол зорилго.
Тэрнээс аль нэг эрх ашгийн нэгдлийг тэргүүнд тавих асуудал бол чухал биш. Ямартай ч аливаа эв нэгдэл сайн зүйл авчирдаг. Талцал, хуваагдал дандаа муу үр дагавар рүү түлхдэг. Тиймээс өнөөдөр Чингис хаан Их Монгол улсыг байгуулахын тулд тэр олон овог аймгийг нэгтгэж байгуулсан.
Үүнтэй адил өнөөдөр тархай бутархай байгаа улс төрийн олон нам нэгдэл, хөдөлгөөн, фракц, бүлгийг нэгтгэж ирээдүйн том нэгдсэн Монгол Улс болоод явах нь туйлын чухал зорилго гэж хардаг.
Гадаад, дотоод байр суурь нь өөрийн гэсэн онцлог нөхцөлтэй улс орны хувьд бодлого тодорхойлдог хоёр гол улс төрийн хүчин байх нь эрүүл, саруул нөхцлийг бүрдүүлнэ гэж бодож байна. АНУ гэхэд л хоёр гол намтай.
Үүнтэй адил хоёр том нам нь шударга өрсөлддөг, хэн нэгнээс өс хонзон авдаг биш. Цэвэр улс төрийн арга ухаан, онол үзэл баримтлал, улс орноо хөгжүүлж байгаа арга барилаараа өрсөлддөг байвал улс орон эрүүл хөгжинө. Энэ утгаараа олон намд хуваагдсан байгаа хуваагдлыг аль нэг талдаа зонхилж байгаа тал нь нэгтгээд явах нь үр дүнтэй юм.
-Энэ түүхэн өдрийг тохиолдуулан тухайн үеийн МҮАН-ын дарга байсан Р.Амаржаргал өнөөгийн АН-ын дотоод нөхцөл байдлыг илэрхийлсэн ширүүхэн өнгө аястай ил захидал илгээсэн. Та уншсан уу. Энэ талаарх таны бодол?
-Би уншсан. Хэн ч гэсэн ямар нэг тодорхой бухимдал, саналаа илэрхийлж болно. Үүнийг болохгүй талаас нь дүгнэх шаардлагагүй. Би Р. Амаржаргал гишүүнийг хүнийх нь хувьд сайн мэдэх хүмүүсийн нэг. Энэ яг өөрийнх нь дуу хоолой юу, биш үү гэдгийг шууд хараад хэлж чадна.
-Тэгвэл тэр захидал үнэхээр өөрийнх нь дуу хоолой мөн байсан уу?
Өөрийнх нь дуугардаг стиль бол мөн. Гэхдээ яг тэгж дуугаръя гэж бодоогүй гэж бодож байна. Өөрийнх нь санасан, бодсоноор аливаа үйл явц явахгүй байгаад дотоод сэтгэлээ бухимдалтай илэрхийлсэн болов уу. Түүнээс намын дарга, Ерөнхий сайд байсан хүний хувьд намаа тараасай, алга болоосой гэж бодохгүй шүү дээ. Харин сайн сайхан үр дүнд хүрээсэй гэж хүсэж, түүнийгээ жаахан бухимдалтайгаар илэрхийлсэн нь ингэж харагдсан байх.
-АН-ын дарга саяхан Бодлогын зөвлөл байгуулах шийдвэр гаргалаа. Энэ зөвлөлийн намд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол гэвэл?
Бодлогын зөвлөлтэй байх асуудал анхнаасаа манай дүрэмд байсан ч хараахан байгуулж амжаагүй байсан юм. Бодлогын зөвлөл олон талын ач холбогдолтой. Өнөөдөр аль ч намд онол арга зүйн асуудал нь орхигдож байгаа нь ажиглагддаг.
Хэт эдийн засаг, эрх мэдлийн эрх ашиг руу хуйларсан явцуу эрх ашгийг илэрхийлдэг хэсэг бүлгийн нэгдэл болоод хувирсан гэж харагдаж байна. Р.Амаржаргал гишүүний хэлсэн зарим үг үнэн. Зөвхөн өөрийнхөө нам дээр хэлсэн болохоос Монголын улс төрийн намуудын нийтлэг төрх нь ийм байгаа.
З.Энхболд дарга Бодлогын зөвлөлийг идэвхжүүлж, байнгын ажиллагаатай болгоно гэж байгаатай санал нэг байгаа. Дашрамд хэлэхэд өнгөрсөн хугацаанд улс оронд олон үйл явдал болж өнгөрлөө. Эрх барьж байгаа хүчин дандаа буруутан болдог. Сөрөг хүчин дандаа зөв байдаг гэсэн арга ухаан одоо хоцрогдсон.
Хэн нь яг бодитой ажил хийж чадсан юм гэдэгг үнэлэлт, дүгнэлт өгч чаддаг тийм нийгмийн үнэлэмж байх ёстой. Хэдий улс орны эдийн засаг хүнд байсан ч АН өнгөрсөн гурван жилийн хугацаанд юу хийв. Өмнөх 10, 20 жил өнөөгийн сөрөг хүчин МАН юу хийсэн юм бэ.
Үүнийг байгаагаар нь харьцуулж, үнэлж чаддаг байх хэрэгтэй. Гэтэл зөвхөн асуудлыг өнөөдрөөр харж АН юу дуугарав гэж тухайн үеийн байдлыг жижиг зүйлээр харахгүй байгаасай. Улс орны нийгэм, эдийн засагт гарч байгаа өөрчлөлтийг бодитоор үнэлж, дүгнэдэг байвал улс орон хөгжинө.