2010.05.06

Су.Батболд нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийн онцлог юу вэ

-Гишүүд суудлаасаа бус индэр дээрээс үг хэлнэ-

УИХ-ын гишүүн Су.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ч.Сайханбилэг, Н.Батбаяр нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг санаачилсан бөгөөд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.


Хуулийн төслүүдийг санаачлагч  гишүүдийг төлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд Спикерт хандан хуулийн төслийн талаарх танилцуулгыг хийв.

Эрхэм гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийн нэг болох УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 7 зүйлтэй бөгөөд  нэгдүгээр зүйлд, “нэгдсэн хуралдаанд үг хэлэх гишүүд индэр дээрээс үг хэлдэг байх”, “Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг болон ажлын хэсгийн хуралдаан дууссаны дараа хуралдаан даргалагч нь хэвлэл, мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгөх, хэлэлцэж буй асуудлаар цөөнх болсон гишүүдийг төлөөлж нэг гишүүн байр сууриа хэвлэл, мэдээллийн ажилтнуудад мэдээлдэг  болох” зэрэг журмыг шинээр нэмэхээр зохицуулалт хийснээрээ онцлог болсон аж.      

Үүний өмнөөргөн баригдсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын санаачилсан хуулийн төслүүдэд хараахан тусгагдаж амжаагүй зарим зүйл, заалтыг оруулж өгснөөрөө дээрх нэр бүхий Су.Батболд нарын  дөрвөн гишүүний санаачилсан хуулиуд ялгагдаж байгаа юм байна.

Түүнчлэн ...ажлын хэсэг, дэд, түр хороод, Байнгын хороодын хуралдааныг зохион байгуулах талаар тусгахдаа цаг хугацааны болоод  тодорхой тоон нарийвчлалыг гаргаж, хуулийн төслийн 3 дугаар зүйлд зохицуулахаар оруулсан байна. Тухайлбал, “...асуудлыг хэлэлцэх үед нэгдсэн хуралдаанд нам, эвслийн бүлгээс 5 хүртэл гишүүн, нам, эвслийн бүлэг байгуулаагүй намаас 1 гишүүн, бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд асуулт асууж...” гэх зэргээр хуулийн төсөлд тодорхой оруулж өгчээ. Мөн “Байнгын хорооны санал, дүгнэлтийг илтгэх, асуулт асуух, үг хэлэх гишүүдийн нэрсийг олон нийтэд урьдчилан мэдээлдэг байхаар өөрчлөлт оруулах” хэмээн онцолсон байна.

Су.Батболд нарын  гишүүдийн өргөн барьсан энэхүү хуулийн төслүүдийг Спикер хүлээн аваад, УИХ-ын хуралдааны үйл ажиллагааг сайжруулахад энэ төсөл үр дүн өгөхүйц чамбай болсон гэдэгт  найдаж буйгаа илэрхийллээ.

Хуулийн төслүүдийг өмнөх өргөн бариад буй УИХ-ын тухай хуулийн багц төсөлтэй хамт хэлэлцэх нь зүйтэй  хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.