2008.11.26

Су.Батболд: Төрийн албаны шалгалт сонгууль шиг болсныг хүмүүс шүүмжилдэг

-Төрийн албаны хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлээгүй байгаа. Та харин шинээр төсөл санаачилжээ. Хуульд дутуу дулимаг зүйл байв уу?

-Төрийн албан хаагчдын зэрэглэл өөрчлөгдөхтэй холбоотойгоор олон хүн гомдол, санлаа салбарын яамдад тавих болсон. Төрийн үйлчилгээнд ажилладаг хүнийг захиргааны албан хаагчийн зэрэглэлд шилжүүлэх болсныг эргэж хараач гэж тэд ярьж байгаа. Үйлчилгээний албан хаагчид тухайн салбарынхаа бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг хүлээдэг. Тэднийг захиргааны зэрэглэлд шилжүүлэхээр төрийн албаны шалгалт өгөх болно. Үүгээр далимдуулж үйлчилгээний салбарын албан хаагчдыг ажлаас нь олноор нь хомроглон халж магадгүй гэсэн болгоомжлол их байна билээ. Энэ бүхнийг харгалзаж УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилсан.

-Тэгэхээр төрийн үйлчилгээний байгууллагын албан тушаалтан шалгалт өгөхгүйгээр захиргааны албан хаагч болно гэсэн үг үү?

-1995 онд Төрийн албаны хуультай болсноор албан хаагчдад зэрэглэл тогтоож, тангараг өргөдөг болсон. Тухайн үед төрийн захиргааны албанд ажиллаж, ажлаа хэвийн гүйцэтгэж байсан хүмүүсийг шууд тангараг өргүүлж томилдог хуулийн зохицуулалт байсан юм. Тэр зохицуулалтыг хэрэглэхээр шинэ хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулсан.
Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулах шалгалтад хэдэн хүн тэнцэх эсэх нь тодор-хойгүй, ажил үүрэгтэй нь холбоогүй хэт ерөнхий асуудлаар сорил авч байгааг оновчгүй гэж УИХ-ын гишүүний хувьд би үзэж байгаа. Үүнийг харгалзахгүйгээр шалгалт авч, түүнд нь тэнцээгүй хүн хохирч үлдэх өндөр магадлал харагдаж байна. Ажлаа хийж буй дарга, эрхлэгч, захирлуудын дийлэнх сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүмүүс байгааг харгалзах ёстой. Үйлчилгээний албан хаагчдын ажлын байр, чиг үүрэг хэвээрээ байгаа, тухайн албан тушаалтан ажлаа хэвийн хийж байгаа тохиолдолд төрийн албаны шалгалт авч тэнцсэнийг нь тангараг өргүүлэх, тэнцээгүйг нь ажлаас чөлөөлөх нь зүйд нийцэхгүй.

-Ажилгүй болох нь гэсэн бужигнаан хэдийн бий болчихсон юм билээ.

-Хууль хэрэгжүүлэх зохицуулалт тодорхойгүй байгаа үед үргүй цаг, зардал гаргаж олон хүнийг бужигнуулах нь зохисгүй шүү дээ. Төрийн албан шалгалт танил тал харсан, улс төрийн үзэл бодлоор нь хуваасан бас нэг төрлийн сонгууль болоод байгааг орон нутгийнхан ярьдаг.

-Үйлчилгээнийхэн захиргааны албан хаагч болж зэрэглэл өөрчлөгдсөнөөр цалин буурна гэсэн ойлголт нэлээд байх шиг?

-Цэцэрлэг, соёлын төв, музей номын сан, театр, сум, дундын болон өрхийн эмнэлэг, нийгмийн даатгалын хэлтэс зэрэг олон байгууллагын дарга, захирал, эрхлэгч гээд 3000 гаруй хүний албан тушаалыг хэрхэн хөрвүүлэх тухай асуудал гарч байгаа. Зэрэглэл өөрчлөгдөхтэй холбоотойгоор цалин буурах ч гэсэн төрийн захиргааны албан хаагчдын эдэлдэг хөнгөлөлт авах боломж бүрдэнэ. Албан тушаалын зэрэглэлийг хэвээр байлгах төсөл Засгийн газар боловсруулсан Өргөн барих үед хамтад нь хэлэлцэх боломжтой.

-Төрийн албаны хууль хэрэгжсэнээр захиргааны албан хаагчид нам бус болно. Хэдий зөв, шийдвэртэй алхам мөн ч гэлээ намын буянаар ажилтай болсон хүмүүсийн намаа гэх сэтгэлгээ арилтал нэлээд хугацаа орно доо.

-Аль нэг нам, танил талтай хүн өндөр албан тушаал хашдаг гажиг тогтолцоо бий болчихсон. Намын харьяалалгүй болгосноор төрийн алба зөв гольдролдоо орно гэдэгт найдаж байгаа. Захиргааны албан тушаалтан намын гишүүн байснаар төрийн алба тогтворжиж, мэдлэг боловсролтой хүн оюуны чадвараа үнэлүүлж, үнэнч шударга боловсон хүчин албан тушаал дэвшиж чаддаггүй. Хүний сэтгэлгээг амархан өөрчлөхгүй. Нэг өдрийн өмнө ч гэсэн төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон нь зөв алхам байсан. Төр хүчтэй байхын нэг чухал үндэс нь төрийн албан хаагч, түшмэддээ байдаг. Тэд мэргэшсэн, хүчтэй, боловсролтой, шударга байж төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж чаддаг. Ийм тогтолцоо зайлшгүй байх ёстой учраас хуульд тодорхой заалт оруулсан. Хэдэн жилийн дараа төрийн албан хаагчид нам гэсэн сэтгэлгээнээс салж, үр дүн гарна гэдэгт найдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.