Н.Батцэрэг сайд БНХАУ-д айлчилж байна
2016.02.26

Н.Батцэрэг сайд БНХАУ-д айлчилж байна

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалахын сайд Чен Зениний урилгаар тус улсад хийж буй айлчлал өчигдөр эхэллээ.

Тус улсын  Байгаль орчныг хамгаалахын сайд Чэнь Зининтэй хийсэн хэлэлцээрээр Н.Батцэрэг сайд хоёр яамны бодлогын зөвлөлдөх анхны уулзалтыг энэ ондоо багтаан Бээжин хотноо зохион байгуулах санал тавьжээ. Хоёр талын мэргэжилтнүүдийн уулзалтаас өмнө хамтран ажиллах чиглэл болон төсөл арга хэмжээний танилцуулгаа хийх хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр тохиролцсон байна. Мөн Япон, БНХАУ, БНСУ-ын Байгаль орчны сайд нарын гурван талт хамтын ажиллагааны уулзалтад ажиглагчаар оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Япон, БНХАУ, БНСУ-ын Байгаль орчны сайд нарын гурван талт хамтын ажиллагаа нь Зүүн хойд Азийн байгаль орчны салбарын бүс нутгийн өндөр төвшний хамтын ажиллагааны механизмд гол үүрэг гүйцэтгэж агаарын чанарыг сайжруулах, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ, байгаль орчны боловсрол, ногоон эдийн засаг, корпорацийн нийгмийн хариуцлага зэрэгт анхаарлаа хандуулдаг ажээ. Үнэлгээ  3.9 сая юанийн төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол, Хятад улсын байгаль орчны сайд нарын албан ёсны хэлэлцээрээр эдийн засгийн болон байгаль экологийн томоохон асуудал дээр харилцан санал солилцсон уулзалт амжилттай өндөрлөлөө.