УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойрогтоо ажиллалаа
2016.04.04

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол намрын чуулганы завсарлагаанаар сонгогдсон тойрог Завхан аймагтаа ажиллалаа.

Түүний ажилласан Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан сумд нэлэнхүйдээ цастай, зудархуу байсан ч сонгосон гишүүнийхээ үгийг сонсч, санал бодлоо илэрхийлэхээр иргэд олноор хүрэлцэн ирсэн байв. Отгон суманд л гэхэд өнгөрсөн өвөл шөнөдөө 60 хэм хүрч хүйтэрсэн гэнэ.

Гэтэл эмнэлгийн нэг давхрын халаалт доголдож, хүйтний улиралд ашиглах ямар ч боломжгүй тул яам руу удаа дараа хүсэлтээ гаргасан ч шийдэгдэлгүй өдий хүрчээ. Эрүүл мэндийн салбар эзэнгүй байхад одоо хэлээд ч нэмэргүй биз, тиймээс Д.Оюунхорол гишүүнийг шийдүүлж өгөх хүсэлт тавив. Шилүүстэй сумын иргэн, ахмад Гүрцог гуайн хувьд улс орноо хөгжинө, сайхан болно гэж хүлээсэн ч бүтэхгүй нь гэж гундуухан ярьсан юм. "Өргүй хүн баян, өвчингүй хүн жаргалтай гэдэг. Бүх нийтээрээ ийм өрөнд орсон хүмүүс яаж жаргалтай амьдрах вэ. Хөлөөрөө толгойгоо хийсэн юм шиг болж байна. Төрөө төр шиг авч явж байсан уламжлалаа алдаж байна. Хөдөөгийн бид үр хүүхдээ мэргэжилтэй болгох гээд хэдэн малаа зараад сургаж байна. Төгсөөд ажилгүй, жоохон биөэ тоосон хүмүүс болж байна. Төрийн бодлогоор залуу үеэ урамшуулж, залуу малчдыг дэмжмээр байна” гэж Гүрцог гуай ярилаа.

Тус сумын нэгэн залуу малчны ярьснаар, хонины нэхий 500 төгрөг ч хүрэхээ байсан болохоор малчид өрнөөс гарч чадахгүй байгааг учирлаж байв. Цагаанчулуут сумын ахмад багш Сэлэнгээгийн хувьд гурван удаа итгэл хүлээлгэж сонгосон Д.Оюунхорол гишүүнд сэтгэл нэн хангалуун байдгаа хэлж сүүлийн үед тэтгэврийг огт нэмээгүй, хөдөө  орон нутгийн сонгуулийн мандатыг хасах асуудлыг эсэргүүцэж байгаагаа хэлсэн юм. Харин сургуулийн захирал Нямсүрэнгийн ярьснаар хөдөө орон нутагт НӨАТ-ын тухай хуулийн ойлголт муу, хоёр хувиа буцааж авах гэхээр баримт, цахим бүртгэл байдаггүй гэнэ.

Цагаанхайрханы иргэн Сугарсүрэнгийн өгүүлснээр, сургуулийн хүүхдийн улирлын амралтыг өөр өдрөөр эхлүүлж байгаа нь малчдад хүндрэл учруулж байгаа ажээ. “50 км холоос нэг хүүхдээ аваад, хэд хоноод дараагийнхыг нь авна, тэгээд түрүүчээсээ орж эхэлнэ" хэмээн тэрбээр ярьсан. Түүнчлэн малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хууль санаачилсанд МАН-ын бүлэг, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд иргэд талархаж буйгаа хэлж, уг хуулийг батлуулж өгөхийг хүссэн. Харин Алдархаан суманд болсон уулзалтын үеэр иргэд 1072 ширхэг хувьцааны талаар лавлаж байлаа. “Хүүхдүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд ангилж байгаад нэг сая төгрөгөө авчихсан. Аваагүй үлдсэн хүмүүс ингээд хохироод үлдэх үү” гэсэн асуултыг олон хүн тавьсан юм. Мөн “Монгол орны байгалийн баялаг ард түмний өмч гэж гоё уриа гаргадаг. Гэтэл бидэнд наалдаж байгаа юм алга. Ийм их баялагтай орон гурван сая иргэнээ ядуу тарчиг амьдруулж байна. Тэтгэврийн зөрүүг арилгаж өгөөч. Ажлын байр бий болгож өгөөч” хэмээн олон хүн санал хүсэлтээ төрд уламжилсан юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол төр, засгийн бодлого, шийдвэр, хууль тогтоомж, нийгэм, эдийн засгийн байдлын талаар сонгогчдодоо дэлгэрэнгүй мэдээлэл хийж, тэдний тавьсан асуултад хариулт өгч, төрийн бодлого болгон шийдүүлэхийн төлөө шийдвэртэй ажиллана гэдгээ хэллээ. Сонгогчид нь түүнд урам зориг өгч, итгэл хүлээлгэж байдагт талархаж, итгэлийг эүтгэлээр хариулахыг цаг ямагт хичээж явдгаа уулзсан газар бүртээ хэлж явсан юм.