Хөшигийн хөндийн ОУ-ын нисэх онгоцны буудал баригдах болсон түүх
-Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал баригдах болсон түүх-
Одоогоос 10 жилийн өмнө УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон Улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Койзүмитай уулзаж, “Ази, Европыг холбосон агаарын хамгийн дөт зам Улаанбаатарын дээгүүр гардаг. Дөт зам дагуу Олон улсын нисэх онгоцны буудал барихад туслаач” хэмээн санал тавьсан байна. Төд удалгүй 2006 оны наадмаар Койзүми Ерөнхий сайд Монгол Улсад айлчлахдаа, “Таны тавьсан саналыг судалж үзлээ. Зөв зүйтэй санал байна" хэмээн дэмжиснээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшгийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал баригдах анхны гэрээ хэлэлцээр байгуулагдаж байсан түүхтэй ажээ.
Шинэ нисэх буудал "New Ulaanbaatar International Airport" буюу "NUBIA" Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал нэртэйгээр баригдаж байна. Улаанбаатар хотоос 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа бөгөөд 2017 онд нээгдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Буудал байгуулалтын эхний санхүүжилт болох 540 сая ам.долларыг Японоос 40 жилийн хөнгөлттэй зээлээр олгожээ. Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтанд орсноор Ази, Европыг холбосон агаарын хамгийн дөт зам бий болох бөгөөд тус бүс нутагт 100 мянган хүнтэй хот бий болно. Мөн МУ-ын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, аялал жуулчлал бодитоор хөгжих гарц нээгдэх юм байна.