Монголын ахмадууд энэ ертөнцөд хоосон ирээд өртэй буцдаг
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.
-Ахмадууд болон тэтгэврийн насныханд эдийн засгийн хямрал хүнд тусч байна. Тэтгэвэр авагчдын 90 гаруй хувь нь зээлтэй байгаа гэсэн судалгаа гарсан байна билээ?
-Ахмадуудаас 2017 оны есдүгээр сар хүртэл тэтгэврийн зээл авсан хүн олон байна. Тэдэнд маш олон асуудал тулгардаг. Нэгдүгээрт, хууль эрхзүйн орчин. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль 2005 оны 12 дугаар сард батлагдсан байдаг. Энэ хууль нь өөрөө ахмадуудыг нэлээд ялгаварлан гадуурхсан зүйл заалттай. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмад настныг төрөөс тусгайлан хайрлаж хамгаалах заалттай. Энгийн, эгэл жирийн ахмадуудад төрд өндөр албан тушаал хашиж яваагүйнхээ төлөө тодорхой хэмжээний заагтай хандсан.
Мөн 1000 км-ын цаана амьдарч байгаад өвдвөл унааны зардлын талыг нөхөж олгоно гэсэн. 1000 км- ийн дотогшоо зайд өвдвөл нэмэргүй болж таарах нь. Нөхөж өгнө гэдэг бол эхлээд чи өөрөө төл дараа нь ирж аваарай гэсэн санаа. Өгөх гээд тэнд нь мөнгө байж л байдаг юм бол явахад нь өгч байх хэрэгтэй, энэ хэцүү цаг үед. Ахмад гэдэг бол насны элэгдэл хорогдолд орсон хүн байж таарна. Хиймэл эрхтэн шаардлагатай болдог. Хиймэл эрхтнийг таван жилдээ нэг удаа хийлгэхэд тавин хувийг нь бас нөхөж өгнө гэж байгаа юм. Жишээ нь, хиймэл шүд хийлгэх боллоо гэвэл эхлээд өөрөө мөнгөө олж хийлгэчихээд дараа нь тэр мөнгөнийхөө талыг олж авах гэж бөөн юм болно гэсэн үг. Бүр хүнд өвдсөн хүмүүст тэр мөнгийг буцааж авах бололцоо гарах уу, үгүй юу. Энэ мэтээр бид эрхзүйн орчинд нэлээд асуудалтай байна. Гэтэл Монгол Улс одоогоос 24 жилийн өмнө ахмадын асуудлаар гурван конвенцид элсчихсэн юм.
-Ямар конвенциуд юм бэ?
-Ахмад настны зарчмууд гэж бий. Ахмад настан гэж хэнийг хэлэх юм. Ямар орчинд амьдрах юм, ямар баталгаатай эрх эдлэх юм. Хэрвээ энэ хүн ахмад болбол дараах эрхүүдийг эдлүүлнэ гээд зөвшөөрчихсөн. Таван баталгаатай эрхтэй. Эхнийх нь бие даан амьдрах эрх. Үүнд юу орох вэ гэхээр орон сууцанд амьдрах эрх, өөртөө зохистой хоол унд идэх, тохирсон хувцас өмсөх. Энэ эрх нь хангагдахгүй байна. Ахмад настан өөрийн гэсэн нийгмийн оролцоотой байх ёстой. Хөдөлмөрлөх, зээл авах, нийгмийн бусад бүх явцад оролцох эрхтэй.
Гэтэл ахмад хүнийг “Та тэтгэврийн хүн” гэдэг ганц өгүүлбэрээр түлхэж, цааш явуулдаг. Тэтгэврийн хүн гэхээр хэн болох гээд байгаа юм, хүн биш гэх гээд байгаа юм уу. Эсвэл та дутуу, хэрэггүй хүн гэж хэлэх гээд байна уу. Ингээд ахмадуудын хувьд хөдөлмөрлөх эрх нь тэтгэврийн гэх тодотголоор хасагдмал байдаг. Гуравдугаарт, ахмад настны нэр хүнд. Нэр хүндээ хүндлүүлэх эрх эдэлдэг. Гэтэл ахмад настныг хөгшин төгцөг, зөнөг ч гэж байх шиг.
Монголчуудын хувьд 45 насыг ид нас, 55 насыг идэрмэг нас, 65-ыг ахимаг нас гэж нэрлэж 75 нас хүрэхэд ахмад гэж хүндэлдэг байсан. 121 нас хүрч байж зөнөг болдог. Монголчууд насыг ингэж тоолж үечилж ирсэн. Харамсалтай нь манай тэтгэврийн тогтолцоонд ахмад настан гэдгийг 55-тай эмэгтэй, 60-тай эрэгтэй гэж ойлгодог. Гэтэл ид, идэрмэг насанд нь шууд ахмадын эгнээ рүү түлхчихэж байгаа биз дээ. Бид цөөхүүлхнээ шүү дээ. Хүн хэдий хүртэл ажиллах бяртай байна, төдий хүртлээ ажилладаг байх ёстой. Тэгээд тэр ажлын үнэлгээ нь үнэн байх ёстой байхгүй юу.
Дараагийн зүйл нь ахмад настан алдагдсан боломж, чадвараа нөхөн сэргээх эрхтэй байх ёстой. Жишээ нь, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан, төрд алба хашиж байсан хүмүүст ямар ч тэтгэмж байхгүй. Гэтэл 1996 оноос хойших нь 18 сарын тэтгэмж аваад 2004 оноос хойших нь 36 сарын тэтгэмж авч байна. Тэгэхээр тэр хүнд боломж байсан байна. 1995 оноос өмнөх нь энэ боломжийг эдлээгүй. Энэ бол алдагдсан боломж. чадвар. Үүний дараах нь аюулгүй, эрүүл орчинд ялгаварлан гадуурхагдахгүй, ганцаардахгүйгээр амьдрах эрх. Ахмадууд дээд зэргээр ганцаарддаг. Маш их ялгаварлан гадуурхагддаг. Угаас хуульдаа хүртэл тэднийг ялгаварлачихсан байгаа биз.
Маш их аюул дотор амьдарч байна. Эрүүл мэндээ маш ихээр алдаж байна. Өнөөдөр Монголын ахмадууд ганцхан оноштой, насны доройтол гэдэг. Ийм онош байдаггүй ч ингэж л оношилдог.
-Монгол орныг залуусын орон гэдэг. Ахмадууд маань нийт хүн амын хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Тэтгэвэр авагчид маань хүн амын 10 хувийг эзэлж байна. Монгол залуусын орноос ахимаг, хөгшрөх насны ахмад ихтэй орны тоонд орох гэж байна. 2027 онд хүн амын 17 хувь нь ахмад болно. Гэтэл тэтгэврийн тогтолцоо ямар хэмжээнд байна вэ. Та өнөөдөр залуу байлаа ч 20 жилийн дараа тэтгэвэрт гарах болно. Гэтэл тэтгэвэр нь хүрдэггүй, хүрэлцээ муутай учир бөөнөөр нь аваад зээлчихье гэхээр хүү нь өндөр, энд тэнд очоод ажиллая гэхээр хөөгддөг, гэртээ очихоор танаар яадаг юм гээд үр хүүхэд нь үгийг нь сонсдоггүй, ийм байвал хэцүү биз дээ. Тийм учраас би Монголын залууст хэлдэг "Залуу мод ургахад ахмад модны үндэс тэжээл болно шүү” гэж.
-Нийгмийн оролцоо сайтай, идэвхтэй хэсэг нь ахмадууд байдаг. Сүүлийн жилүүдэд ахмадуудын нийг- мийн оролцоо эрс дээшилж байгаа нь анзаарагдаж байгаа?
-Ахмадуудын амьдралын хэв маяг маш их өөрчлөгдөж байна. 2004 онд би ахмадуудтай хувь заяагаа холбосон гэж хэлье л дээ. Би тэгэхэд дөнгөж 43 нас хүрэхтэй үгүйтэй л эмэгтэй байлаа. Харин өнөөдөр жинхэнэ ахмад болчихлоо л доо. Хуульд заасан нас минь болоод гавьяаныхаа амралтад гарчихлаа. Тэр 2004 оныг эргээд дурсахаар ахмадыг хүний тооноос хасчихсан байсан.
Ахмадууд хамт олонгүй, очоод чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй. Үгийг нь сонсдог газар байдаггүй, тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй. Маш хүнд. Гэхдээ өнөөдөр яах вэ, тэтгэврийн асуудал аажим аажмаар явж байна. Хоёрдугаарт, ахмадуудын үгийг сонсдог болоод байна. Ахмад настнуудын нийгмийн идэвх хүчтэй сэргэж байгаа. Тэр битгий хэл төрийн албан тушаалтнуудын амнаас ахмад гэдэг үг гарах болсон. Хаана хурал хуй болно, тэндхийн суудлын 60-аас дээш хувийг ахмадууд эзэлдэг.
Тэгэхээр ахмад гэдэг бол аргагүй амьдралын туршлагатай, нийгэмдээ юмаа бүтээчихсэн, өөрөө түүхийн хуудас. Ахмад болгон номын сан байхгүй юу. Нэг ахмад тэнгэрт халихад нэг номын сан устана шүү дээ гэдгийг би залууст хэлдэг юм. Ээжээс төрсөн хүн болгон ахмад болно. Нэг ахмад гэдэг бол амьдралын нэг том баринтаг, түүх, ном судар байхгүй юу. Хамгийн үнэтэй туршлагыг хэнээс сонсох уу, ахмадаас л сонсоно.
-Азийн зарим оронд ахмад настныг ажилд авч залуу ажилтнууддаа туршлагаас нь хуваалцдаг жишиг байдаг юм билээ. Манайд ингэж ахмад настныг ажиллуулдаг газар байна уу?
-Тэгж ажиллуулдаг компани байхгүй. Харин Хөдөлмөрийн яам Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг бий болгосон нь сайшаалтай. Үүний буянаар мэргэжил мэргэжлийн ахмадууд залуучуудад зөвлөгөө өгдөг. Шинээр ногоо тарьж эхэлж байгаа залуусын ногоон байгууламжид очиж зөвлөгөө өгөх, компани байгуулах гэж байгаа хүүхдүүдэд эдийн засаг, менежментийн зөвлөгөө өгөх зэргээр ажиллах болсон нь сайн талтай.
Сүүлийн 3-4 жилд хийгдэж байгаа энэ ажил нь ахмадуудад өөрсдийгөө хүнд хэрэгтэй гэдгийг мэдрүүлж байгаа юм. Олон улсын жишгийг харахад ахмад настай ажилтнуудаа илүүтэй авч үлдэхийг хичээдэг улс бол Хятад. Гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудыг улс орныхоо бүх үзэсгэлэнт газруудаар нэг удаа үнэгүй аялуулдаг. Болж байна шүү. 70, 80 нас хүртэл нь улсдаа хөдөлмөрлүүлээд дараа нь та ийм сайхан эх оронд амьдарч байна гээд зугаалуулж байна. Хоёрдугаарт, ахмад настнаас “Та мэргэжлээ өвлүүлэх хүүхэд байна уу. Тэрийг чинь ажилд авъя” гэдэг. Гуравдугаарт, та үйлдвэрт очиж зөвлөгөө өгч болно. Таны өгсөн зөвлөгөөний үр дүнг харж цалинжуулна гэдэг. Манайд ийм юм байхгүй. Монголд ахмад хүн жилд хоёрхон удаа ахмад болдог байхгүй юу. Аравдугаар сарын нэгэнд ахмад гэдгээ нэг мэднэ, Цагаан сараар ахмад болсноо бас мэднэ. Хуульдаа ч ингээд заачихсан байгаа, энэ хоёр өдөр л ахмадаа хүндэтгэнэ гээд. Бусад үед нь ахмадыг хүндэтгэхгүй гэсэн санаа явж байдаг.
-Ахмадын чөлөөт холбооны үйл ажиллагаа нэг хэсэг хүчтэй байж, нийгэмд дуу хоолой нь өндөр хүрдэг байлаа. Одоо нэлээд намжмал болоо юу даа?
-Хүмүүс 2004-2008 оны жагсаалыг их хүсэх юм л даа. Аливаа нэг юм чинь шат ахидаг юм. Хүн ээжээс гараад гурав, тав, арав, арван долоон нас гэж ахидаг шиг Монголын ахмадын чөлөөт холбоо 12 нас хүрсэн. Бид 1 -5 насандаа жагссан, тэмцсэн, нийгэмд нөлөөлсөн. Үр дүнг нь амссан. Одоо түүнээс хойш холбооны үйл ажиллагаа орон даяар өргөжиж, хуульзүйн хэмжээнд хүрээд тэр битгий хэл бид Олон улсын ахмадын байгууллагад гишүүнээр элссэн. Энэ байгууллагад манай холбооноос өөр Монголоос ямар ч байгууллага элсээгүй байгаа. 12-хон насандаа бид дэлхийд гарч чадсан. Бид сайн ажиллаж 21 аймаг, 270 гаруй суманд салбараа ажиллуулж байна. Бид юуг хүсч байна вэ, яагаад чөлөөт холбоо гэв. Намчирхахаа больё оо, бие биенээ үзэн ядаж ангийн ялгаагаараа нэгэндээ хатуурхахаа больё, нэгэнт та ахмад, Монгол Улсын ахмад иргэн болсон бол нэгдмэл байя гэсэн зорилгын дор нэгдсэн.
-Ахмадууд тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа хорвоог орхих нь их байдаг тухай банкны мэргэжилтэн ярьж байсан. Үүнд төр засгийн зүгээс ямар зохицуулалт хийдэг юм бэ?
-Тэтгэврийн зээлтэй байж байгаад тэнгэрт хальж байгаа ахмадуудын төлөө бид сэтгэл их эмзэглэдэг. Найман сарын хугацаатай тэтгэврийн зээлтэй хүн нас барчихлаа гэдэг чинь тэр хүн өртэйгөө энэ хорвоогоос буцлаа гэсэн үг. Ертөнц дээр хүн хоосон ирээд хоосон буцдаг. Гэтэл Монголын ахмадууд хоосон ирээд өртэй буцдаг. Ахмадуудын тэтгэврийг бүгдийг нь тэглэдэггүй юм аа гэхэд ядаж зээлтэйгээ нас барж байгаа хүмүүсийн тэтгэврийг тэглээд өгөөч гэж хүсдэг. 31 жил улсад ажил хийсэн настан тэтгэврийн зээл аваад удалгүй тэнгэрт халилаа гэж бодъё. Гэтэл тэр хүний 31 жил өгсөн шимтгэлээс тавхан жилийн шимтгэлийг нь тэтгэвэр болгон өгдөг юм. Үлдсэн 26 жилийн шимтгэл нь улсад үлддэг. Үүнийгээ нэг бодооч.
31 жил хөдөлмөрлөсөн тэр хүний бүтээн байгуулалт юу билээ. Яагаад тэрийг нь үнэлэхгүй байна вэ. Үнэл л дээ. Хэрвээ эмэгтэй хүн байлаа гэхэд багаар бодоход гурван хүүхэд тээж төрүүлж өсгөөд эх орны иргэн болгож өгсөн байж таараа. Хүнийг ямар мөнгөөр үнэлдэг юм бэ. Үүнийг тооцооч. Монгол Улсад төрж монгол хүн болж төрөөд монгол гэж дуудуулаад насан эцэслэснийхээ төлөө өртэй буцдаг нь ямар учиртай юм бэ.
Монгол хүн болж төрснийх нь төлөө тэр ахмадыг өргүй буцаачихаж болно оо доо. Тийм биз дээ. Үүнийг төр засаг маань зохицуулаад ажил хэрэг болгоод өгчихөөч гэж мөн ч их хүслээ. Мөн ч их өргөдөл хүргүүллээ. Монгол Улсын Засгийн газарт нэг асуудпаар 10 мянган өргөдөл орж байсан түүх байхгүй шүү. Ахмадууд 9700 гаруй өргөдөл оруулсан ш дээ. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулаад өртэй буцаж байгаа ахмадуудын зээлийг тэглээд өгөөч гэж зөндөө хүслээ. Чадсангүй ш дээ. Монголын ахмадууд 2001 оноос хойш 15 жил өртэй явж байна.