Ц.Даваасүрэн: Жигүүр намын удирдлагын талаархи байр сууриа их хурал дээр илэрхийлнэ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, МАХН-ын "Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс" жигүүрийн ерөнхий зохицуулагч Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Танай намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар намынхаа удирдах ажил эрхэлж байсан ахмадуудтай уулзахдаа жиг үүрийнхэн ажил хэрэгч саналаас зугтаж, хойш суудаг гэсэн байна лээ. Энэ талаар та тайлбар өгөх үү?
-Яагаад тэгж хэлсэн юм болдоо. Надад жигүүр гэсэн хаягаар ямар нэг ажил хэрэгч санал ирээгүй. Харин сүүлийн үед хуралд дуудаж оролцуулахгүй байна гэсэн гомдлыг манайхан надад мэдүүлсэн. Бид тодруулна аа. Ер нь намын нөхдөө эсэргүү дайсан шиг ад үзэж. хажиглаад, нүд үзүүрлэж, өө хайгаад байж болохгүй. Бид нэг гэрт байгаа. Гэрээ шатаачихаж болохгүй гэдэг байр суурь дээр жигүүр явж ирсэн. Намайг толгойлж байх үед тийм л зарчмаар ажиллана.
-Ер нь жигүүрийн үйл ажиллагаа суларлаа гэсэн шүүмжлэл гарч байгааг та мэдэж байгаа юу?
-Нөхдийн зүгээс гаргаж буй "идэвх суларлаа" гэсэн шүүмжлэлийг зарим талаар хүлээж авч байгаа. Гэхдээ дан ганц тэмцэлдэх, шүүмжлэхийг арга зам гэж үзвэл хэт явцуу харагдана. Энэ бүгдтэй зэрэгцээд зөвшилцөл, харилцан ойлголцол хамтын ажиллагаа гэж ач холбогдлоороо түүнээс ч илүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэх арга зам байдгийг мартаж болохгүй. Харин үүний хариуд нулимаад байвал хатуухан хэлбэрт шилжих хувилбараа ардаа үлдээж байх хэрэгтэй. Би нэн тэргүүнд зөвшилцөл харилцан ойлголцлыг эрхэмлэдэг. Харин биднийг буланд шахаж, нам дарах гэвэл эцсээ хүртэл үзэх тэвчээр, арга ухаанаар дутаад байхгүй. Миний ард нутгийнхан маань байна, биеэр минь Хөвсгөлийн хүний цус урсаж байгаа. Хатуухан байх талаар санаа зоволтгүй, шаардлагатай үед зогсч л байна.
-Танайхыг дэмждэг залуучууд шинэ хөдөлгөөн, жигүүр байгуулж байгаа гэсэн. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Тэдний дэвшүүлсэн зорилтууд нь бидний эх-нээсээ л тавьж ирсэн, одоо эрхэмлэх зургаан зүйлдээ тодорхойлсон боловсон хүчний зөв бодлого, намаас томилогдсон хүмүүстээ эргээд хариуцлага тооцдог байх, намын анхан шатны нэгжтэйгээ ойр ажиллах, намынхаа гурван үеийн төлөөллийн холбоог бэхжүүлэх гэсэн асуудлууд байна билээ. Харин ялгарах нэг зүйл нь үзэл бодлын зөрүүтэй нөхдөө намаасаа хөөе гэсэн байв уу. Ардчилсан ний гэмд өсч бойжсон намын маань залуус олон ургальч үзлийг дэмжихгүй байвал намын ирээдүйг төсөөлөхөд бэрх болно. Нам цул, эв нэгдэлтэй байж хүчтэй байна.
-Сүүлийн үед хэвлэлийн нийтлэлээс болж намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй таныг таагүй харьцаатай байгаа гэж сонссон. Үнэн үү?
-Бид хоёрт маргалдах үе байдаг л юм. Гэхдээ энэ нь намынхаа эрх ашгаа хамгаалах гэсэн бидний үзэл бодлын зөрүү болохоос биш, хувь хүний харьцааны асуудал биш. У .Хүрэлсүх намын тоосон дунд явсан намынхаа эсрэг явах хүн биш гэдгийг би сайн мэднэ. Түүний хийж байгаа үйлдлийг би тэгж л хардаг. Энэ талаараа намын даргад өрсөлдөхөд хэн ч гайхахгүй. Ажил хийж байхад алдаа гарна. Нам гэдэг чинь улс төр тоглох гэж байгаа баг. Тиймээс хамтдаа алдаагаа ярилцаад, засаад явж болно. Харин идэвхгүй, зогсонги байдал бол түүнээс ч дор.
-Намын дарга гэснээс удахгүй болох танай намын Их хурлаар ямар хүнийг намын даргад жигүүр дэмжих гэж байна вэ?
-Намын XXVI Их хурлаар хэлэлцэх зарим асуудлын талаар тухайлбал, намын нэр, үзэл баримтлалын талаар жигүүр албан ёсны байр сууриа илэр-хийлсэн. Энэ удаагийн намын Их хурлаар томилогдох удирдлага, магадгүй 2012 оны сонгуулийг авч гарах үүрэг хүлээх учраас олон талаас нь сайн тооцож үзэх хэрэгтэй. Бид судалж байна. Намын бүтцийн байгууллагын хувьд биднийг хүндэтгэж энэ талаар хамтарсан байр суурьтай байх талаар удирдлагууд ярилцвал бид нэг байр суурь илэрхийлэх бололцоотой гэж ярилцаж байгаа. Бидний үл ойшоовол хурлын үеэр бие даасан байр сууриа тодорхой илэрхийлэхээс өөр зам үлдэхгүй нь тодорхой. Ер нь намын хуралтай холбогдуулаад жигүүр зарим асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлэх бодолтой байна.
-Танд хэцүү биш бол намын дарга Сү.Батболдын талаар ямар бодолтой байдаг вэ. Сүүлийн үед танай намын хурал дөхөөд энэ талаар хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна?
-Товчхон ярилцъя гэж тохирсон маань эвдэгдэх нь дээ. Юу нь хэцүү гэж. Би өөрийн бодлоо нуулгүй хэлье. Хамгийн их хөрөнгөтэй хүний нэг Ерөнхий сайд, намын дарга болчихлоо гэдэг. Нөгөө өнцгөөс нь харвал, энэ хүнд өөрийн амьдрал, бизнесээ өөд нь татсан шигээ улс орноо хөгжүүлэх увидас бас байж болох. Мөн улс төр талаас нь харвал зөвшилцөл, олон ургальч үзэл, намынхаа эв нэгдлийг хадгалаад» аваад явах дипломат арга ухаанд суралцсан хүн. Манай жигүүр тэр талаас нь үнэлж эхнээс нь л намын дарга, Ерөнхий сайд хийх бололцоотой хүн гэж дэмжиж, мэдэгдэл хүртэл гаргасан. Өнөөдөр ч тэр итгэлээ тээсээр яваа. Харин эргээд жигүүртэй яаж ажил хэрэгч хандах нь тэр хүний асуудал. Жигүүрийн зүгээс эрхэм зорилгоо болгож тодорхойлсон зарим асуудлаас тухайлбал, боловсрол, хүний хөгжлийг түлхүү авч үзэх асуудлыг одоогийн Ерөнхий сайд ажил хэрэг болгоод явж байна. Намын дарга болсны дараа биднийг хүлээн авч уулзаад ярилцсан зарим асуудлууд өнөөг хүртэл шийдлээ хүлээгээд байж байгаа. Ер нь одоогийн болон цаашид өрнөх эдийн засаг, бизнесийн хөгжлийн чиг хандлага, дүр төрхийг хамгийн сайн мэдэх л хүн шүү дээ. Тэр талаас нь харвал цаг үеийн захиалгыг хэрэгжүүлэх хамгийн бололцоотой хун байж болох. Юмыг өөдрөг талаас нь бас харж байя. Цаг хуга-цаа харуулна биз.
-Намын нэрээ өөрчлөх асуудлаар жигүүр судлах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байсан. Юун дээр болгоомжлоод байна вэ?
-МАН гэсэн анхны нэрээ сэргээж болох юм, гэхдээ хууль эрх зүй болон цаг хугацааны тохироо талаас нь сайн тооцож үзээрэй гэсэн байр суурьтай байгаа. Нэрээ сэргээсний дараа намын нэрийг тодорхой хугацаанд өвлөж болохгүй гэдэг ч юм уу ямар нэг хууль, эрх зүйн зөрчил гарч болохгүй. Тухайлбал, УИХ дээр МАН бүлэг байгуулагдана гэж бодъё. Намын нэр өөрчлөгдөхөд одоо мөрдөгдөж буй хуулиудад тэр намаас нэр дэвшсэн гишүүд, тухайн намын бүлгийн асуудлаар ямар нэг зохицуулалт алга байгааг үндэслээд хэн нэг нөхөр цэц гэж гүйгээд байх вий л гэсэн санааг жигүүр илэрхийлсэн байгаа.
М.Цэцэг
Эх сурвалж: Зууны мэдээ сонин