2017.05.31

Ц.Цогзолмаа: Зөвхөн сайдыг нь огцруулаад өнгөрөх биш боловсролын системийг нь шинэчлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.31/ БСШУС-ын сайдыг огцруулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа байр сууриа илэрхийллээ.

Ц.ЦОГЗОЛМАА: ХҮНИЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ БҮХ ШАТАНД АВЧ ЯВДАГ САЛБАР БОЛ БОЛОВСРОЛЫН САЛБАР

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал оруулж ирж байна. Энэ асуудлыг сая Ч.Улаан гишүүний хэлдгээр төрийн бүх шатанд хариуцлагыг өндөржүүлэх дохио гэж ойлгож байна. Ялангуяа боловсролын систем, боловсролын концепц бол Монгол Улсын хөгжлийн хувьд маш чухал ач холбогдолтой. Хүнээ хөгжүүлсэн улс хөгжлийн өндөр түвшинд хүрдэг. Хүний хөгжлийн асуудлыг бүх шатанд авч явдаг салбар бол боловсролын салбар. Энэ салбарт шинжлэх ухаанаас эхлүүлээд их дээд боловсрол, бага дунд боловсрол, сургуулиас өмнөх боловсрол гээд боловсролын бүхий л тогтолцоо маань энэ салбарын үйл ажиллагаатай шууд холбоотой. Шууд хувь хүний хариуцлага гэхээсээ илүүтэй боловсролын систем бий болсон олон гажуудлыг арилгах тал дээр УИХ анхааралдаа авч, дэмжлэг үзүүлж, Засгийн газартай хамтарч ажиллах ёстой гэж бодож байгаа. Өнөөдөр их, дээд сургуулиудын боловсролын чанар ямар байгаа билээ, бага дунд сургуулиудын захирлаар ажиллаж байгаах үмүүстэй холбоотой хэвлэлээр болон мэдээллээр ирсэн хариуцлагын асуудал их олон байгаа. Тиймээс зөвхөн сайдтай нь хариуцлага тооцсоноор энэ асуудлыг орхигдуулахгүйгээр цааш нь засч залруулах олон асуудал байгаа. Тиймээс энэ тал дээр Засгийн газар үргэлжлүүлээд, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн оролцоотой харицлагын асуудлыг үргэлжлүүлэх нь зүйтэй. Цаашдаа боловсролын салбарт тэргүүлэх зэрэглэлийн бодлого тавьж Монгол Улсын хөгжлийн концепцод өөрчлөлтийг зайлшгүй оруулах шаардлагатай байна. Их дээд сургуулийн тооноос илүү чанарт анхаарах, их дээд сургуулийн суралцагчдыг ажлын байртай нь шууд уяж өгөх бодлогыг монголын төр, боловсролын яам анхааралдаа авах цаг болсон.