Нийслэлийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлэв
2017.10.29

Нийслэлийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлэв

Бидний хойч ирээдүй хүүхэд багачууд, Улаанбаатарын бахархал болсон залуучууд, өнөөгийн хотыг өдий зэрэгт хүргэж, дэлхийд дансалсан ахмадууд Та бүхэндээ Нийслэл хотын 378 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Хүнээ дээдэлсэн үзэлд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэдгээ амласан Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлүүлээд жил гаран болжээ. Энэ хугацаанд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү анхааран ажиллаж, чамгүй олон бүтээн байгуулалт өрнүүллээ.

2017 оныг “Нийслэлийн эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, энэ хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, тэдгээрийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар дэмжин, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байна.

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгуулах, зам чөлөөлөх аяныг эхлүүлсэн. Төлөвлөгөөт болон иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу 230 байршилд явган хүний зам, авто замын орц гарц хаасан хаалт, хашаа зэргийг чөлөөллөө.

Нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. Энэ жил автозамын томоохон төслүүдийг эхлүүллээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Яармагийн шинэ гүүр барих, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Сонсголонгийн болон Баянзүрхийн гүүрийг шинэчлэн сайжруулах ажлыг эхлүүлээд байна. Зам гүүрийн томоохон бүтээн байгуулалтаас гадна нийслэлийн төв хэсэг дэх 4 байршлын уулзваруудыг өртгөтгөн шинэчиллээ.

Эрүүл мэнд, нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг онцгойлон дэмжиж ажиллахын зэрэгцээ Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасгийн шинээр нээлээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит улсын 3 дугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийв. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг шат дараалан нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2017-2018 оны хичээлийн шинэ жилд 10 гаруй мянган суудлаар нэмж, цэцэрлэгт хамрагдалтын хувийг 76-д хүргэж, 10 сургууль, 13 цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад хүлээн  авлаа. Түүнчлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, бичил цэцэрлэг байгуулах ажлыг эрчимтэй хийж, хотын гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж чадсан юм.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн удирдлагын баг олон ажил хийж хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох, нийслэлд оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамж гарган, цэцэрлэг, сургуулиудын дотоод агаарын чанарыг сайжруулах зорилгоор шүүлтүүртэй агаар цэвэршүүлэх 350 ширхэг төхөөрөмж суурилууллаа. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 29 барилгыг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холболоо.

Ийнхүү бүхий л салбарт бүтээн байгуулалтын ажлыг “Төр хувийн хэвшлийн” хамтын ажиллагааны хүрээнд хийж байна. Эрх зүйн хувьд бие даасан, эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх, иргэнээ дээдэлсэн Улаанбаатар хотын хөгжлийн төлөө бид “Нийслэлийн иргэн тантай” хамтран ажиллана.

Иргэнээ дээдэлсэн, эрүүл, аюулгүй, аз жаргалтай хотын төлөө нийслэлийн шинэ багийг дэмжиж  ажиллана гэдэгт нийслэлийн оршин суугч Та бүхэнд итгэж байна.

Та бүхний итгэлийг дааж, бид хамтдаа “Аз жаргалтай Улаанбаатар” хотоо бүтээн байгуулж, хөгжүүлье.

Дөрвөн зууны түүхтэй нийслэлийн иргэн Та сайхан баярлаарай.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.АМАРСАЙХАН                                            

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД