Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ
Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан даргалав.
2018.01.09

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.09) 14 цаг 25 минутад 52.9 хувийн ирцтэй эхэллээ. Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан даргалав.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодод шилжүүлсэн юм.

Хоёр Байнгын хорооноос байгуулагдсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж ажиллажээ.

Мөн Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулсан байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулга хийсэн юм. Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан энэ хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн хилс хэргээр цаазлагдсан, шоронд хоригдож ял эдэлж байсан хэлмэгдэгчдийн үр хүүхэд 400-гаад хүн нөхөх олговор авах эрх зүйн боломж шинээр бүрдэх учраас завхрал, гомдол чирэгдэл учруулахгүйгээр энэ ажлыг хэрэгжүүлэхэд анхаарахыг сануулаад цаашид хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, ОХУ-д цаазлагдсан улс төрийн зүтгэлтнүүдийн шарилыг эх оронд нв авч ирж оршуулах, улс төрийн хэлмэгдлийн холбогдолтой архивын баримт материалыг татан авах чиглэлээр юу хийхээр төлөвлөж байгааг ажлын хэсгээс тодруулав.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны дарга Д.Ууганбаатар гишүүний асуултад өгсөн хариултдаа, Тагнуулын ерөнхий газрын бүрэн бус мэдээллээр 36 мянга орчим хүн улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн гэсэн баримт байдгаас 30220 хүнийг цагаатгасан. Үлдсэн 5000 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгаа. Харин цагаатгагдсан боловч нөхөх олговор нэхэмжлээгүй 10 мянга орчим хүн бий гэлээ.

Харин Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдний гэр бүл, үр хүүхдэд учирсан хохирлыг барагдуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байх үүднээс төр, засгаас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ирсэн.

Гэхдээ улс орны эдийн засгийн чадавхиас шалтгаалж сүүлийн жилүүдэд дорвитой арга хэмжээ авч чадаагүй явж ирсэн тал бий.

ОХУ-д хүсэлт тавьж, тэнд хэлмэгдэж цаазлагдсан улс төрийн зүтгэлтнүүдийн архивын хэрэг материалыг татаж авах, мөн цаазлагдсан иргэдийнхээ шарилыг эх оронд нь авч ирж хүн ёоор оршуулах, хэлмэгдүүлэлт болсон газруудыг дахин нягталж тогтоон хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх багана, самбар, хөшөө дурсгал босгох зэрэг ажлыг хуулийн хугацаа сунгагдаж байгаа хоёр жилийн хугацаанд Засгийн газар, холбогдох байгууллагууд, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн энэ хоёр жилийн хугацаанд хуулийн зохицуулалтад хамаарах 400 орчим хүний өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэн 2020 оны сүүлч гэхэд цагаатгах ажлыг үндсэнд нь дуусгавах болгоход гол анхаарлаа хандуулна гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон 18 гишүүн санал нэгтэй дэмжлээ.

Уг хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн энэхүү нөхөх олговор олгох ажлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэх юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.