Жилийн уулзалтаар гишүүддээ санхүүгийн хэрэгцээт мэдээлэл өгөхийг зорьж байгаа
2018.01.19

Жилийн уулзалтаар гишүүддээ санхүүгийн хэрэгцээт мэдээлэл өгөхийг зорьж байгаа

2018 оны “Жилийн уулзалт”-ыг зохион байгуулж байгаа Ажлын хэсгийн ахлагч, Нягтлан бодох бүртгэл, судалгаа, стандарт хариуцсан дэд захирал М.Соронзонболдоос дараах тодруулга авлаа. 

Институтээс жил бүр зохион байгуулдаг жилийн уулзалт удахгүй болох гэж байна. Үүний талаар тодруулж өгнө үү? 
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн нийт гишүүдийнхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Бид 2014 оноос эхлэн 5 дахь жилдээ гишүүдийн жилийн уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Тодруулбал, анх 2014 оны жилийн уулзалтаар “Байгууллагын ERP систем, Компанийн засаглалыг сайжруулах болон тогтвортой хүчирхэг эдийн засгийг бий болгоход санхүүгийн мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд, 2015 оны жилийн уулзалтаар “Нягтлан бодох бүртгэл дэх шинэ орон зай, шинэлэг хэтийн төлөв, Үнэт цаасны зах зээлийн тулгамдаж буй асуудлууд, Аудитын ирээдүй” сэдвийн хүрээнд, 2016 оны жилийн уулзалтаар “Нэг байгууллага – Нэгдмэл тайлагнал, Хүрээлэн буй орчны эдийн засгийн бүртгэл” сэдвийн хүрээнд, 2017 оны жилийн уулзалтаар “Хямралыг Хяналтаар Хазаарлах нь” зэрэг тухайн цаг үеийн шинэлэг болоод тулгамдаж байсан асуудлуудыг гишүүддээ мэдээлж, гарц шийдлийг хэлэлцэж ирсэн.
Мэргэжлийн байгууллагын нэг онцлог нь гишүүдийн идэвх оролцоон дээр оршин тогтнодог бөгөөд гишүүдээ хөгжүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг нь нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглэдэг. Гишүүдээ хөгжүүлснээр тэднээр дамжуулан аж ахуй нэгж, байгууллага, улс орны санхүү, эдийн засгийн өсөлт хөгжилтөд нөлөөлж чадна.
Иймд тухайн жилийн анхаарал хандуулбал зохих асуудал болоод мэргэжлийн ур чадварын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж гишүүддээ мэдээлдэг. Түүнчлэн олон улсын мэргэжлийн байгууллагуудын хувьд гишүүдийн жилийн уулзалтыг оны эхээр зохион байгуулдаг нь тогтсон үйл ажиллагаануудын нэг юм. 
 -2018 оны гишүүдийн жилийн уулзалтын зохион байгуулалтыг хэрхэн хангаж байна?  
 “Үнэ Цэнэтэй Оршихуй” сэдэвт энэ удаагийн гишүүдийн жилийн уулзалт маань санхүүгийн боловсрол, гишүүдийн мэргэжлийн ур чадварыг тойрсон асуудлын хүрээнд зохион байгуулагдаж байна. Мөн энэ жилийн уулзалтыг зөвхөн мэргэшсэн нягтлан бодогч, аудитор гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулж байгааг онцолмоор байна.
Хамтран зохион байгуулагчаар Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв, ивээн тэтгэгчээр блокчэйн технологи, криптовалютыг олон нийтэд таниулагч Ард Санхүүгийн Нэгдэл оролцож байгааг хэлмээр байна. Жилийн уулзалт 2018 оны 01 сарын 24-ний өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. 
 -Яагаад “Үнэ Цэнэтэй Оршихуй” гэж нэрлэсэн бэ? 
 Юуны өмнө энэ жилийн уулзалтаар гарц, шийдэл, шийдвэр гаргахаас илүүтэйгээр гишүүддээ шинэлэг, хэрэгтэй мэдээ мэдээлэл өгөхийг зорьсон. Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын үндсэн зорилго нь мэдээлэл хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангахад оршдог.
Мэдээлэл хэрэглэгчид нь төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллага, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч зэрэг байдаг. Эдгээр хэрэглэгчдийн оновчтой шийдвэрийн үндсэн дээр улс орны санхүү, эдийн засгийн байдал сайжирна. Иймд гишүүд мэдээ мэдээллээр цэнэглэгдэж, оюуны хөрөнгө оруулалтаар тасралтгүй тэтгэгдэж байх нь тэдний үнэ цэнийг нэмэгдүүлээд зогсохгүй хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангаж, оновчтой шийдвэр гаргахад нь чухал нөлөөтэй.
Нөгөөтэйгүүр аудитор, нягтлан бодогч, санхүүгийн менежерүүдийн хувьд байгууллагын удирдлагын багийн нэг хэсэг болж, шийдвэр гаргалтад шууд нөлөөлдөг учраас хувьсан өөрчлөгдөж байгаа техник, технологийн дэвшилтэй хамтдаа хөгжих ёстой. Өнөөдөр Монгол Улсыг төдийгүй дэлхий нийтийн сэдэв болоод байгаа санхүүгийн технологийн хөгжил, санхүүгийн хэрэглүүр, төлбөрийн хэрэгсэл, блокчэйн технологи, криптовалютын талаар дурдахгүй өнгөрч болохгүй.

Учир нь дээрх технологийн өөрчлөлт, хувьсал нь нягтлан бодох бүртгэл, түүнийг хэрэгжүүлж байгаа мэргэжлийн багаас илүү их ур чадвар, хурд, сэтгэлгээг шаардахын зэрэгцээ улс орны төр засгаас ч бодлого, шийдвэрийг нэхсээр байна.

Тухайлбал, дэлхийн зах зээл дээр нэг жилийн дотор тааварлашгүй үнийн савлагаа үүсгээд байгаа криптовалютын нэг төрөл болох биткойны хувьд санхүүгийн хэрэглүүр үү, төлбөрийн хэрэгсэл үү гэдгийг хэлэхэд амаргүй. Хэрэв санхүүгийн хэрэглүүр байлаа гэж үзэхэд нягтлан бодох бүртгэлд хэрхэн тайлагнах нь сонирхолтой, гэтэл зарим улс оронд төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөөд эхэлчихсэн энэ технологийг дагаж гарах бүртгэлийн анхан шатны баримт гээд нягтлан бодох бүртгэлийн хувьд ч шийдвэрлэх олон асуудал гарсаар байна.
Мэдээж хэрэг төр засгийн шийдвэр энэ тохиолдолд чухал байх нь гарцаагүй. Энэ мэтчилэн техник, технологийн хувьсал, өөрчлөлтүүд нь нягтлан бодох бүртгэл, аудитын салбарт нөлөөлөхийн хирээр эдгээр салбарт ажиллаж буй нягтлан бодогч, аудиторуудаас мэргэжлийн ур чадварыг илүүтэйгээр шаардаж байгаа нь энэ мэргэжлийг илүү үнэ цэнэтэй, тусгайлсан чадвар шаарддаг болохыг тодотгосоор байна.
Иймээс улс орны эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг, мэргэжлийн болоод өндөр ур чадвар шаарддаг мэргэжилтнүүд нь өөрсдөө баялаг учраас “Үнэ Цэнэтэй Оршихуй” гэж нэрлэсэн. 
Илтгэгчид болон тэдний хүргэх мэдээллүүдээс сонирхуулаач? 
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 оны эхний 3 улиралд 5.8 хувийн өсөлттэй гарч 2015, 2016 онуудтай харьцуулахад эдийн засгийн байдал сэргэж байгаа ч цаашдаа Монгол улсын эдийн засгийн төлөв байдал ямархуу байх талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газраас мэдээлэл хийнэ.
Монголбанк, Сангийн яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам, Санхүүгийн Зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг 2016 оноос эхлэн үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд ММНБИ 2017 оноос эхлэн уг хөтөлбөрт нэгдэн хамтран ажиллаж байна.
Энэ хөтөлбөрийн хэрэгжилт болон цаашдын чиглэлийн талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвөөс илтгэл хэлэлцүүлнэ. Сүүлийн үед ихээр яригдах болсон Блокчэйн технологи болон Криптовалют, Финтек– Санхүүгийн цаашдын хөгжил сэдвээр Ард Санхүүгийн Нэгдэл болон эдийн засагчид ярилцах бөгөөд санхүүгийн аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжлийн багийн ур чадвар, тавигдах шаардлага, мэргэжлийн олон улсын стандартуудын макро түвшинд үзүүлэх нөлөөллийн талаар ММНБИ-ийн судлаачдын илтгэлүүд танилцуулагдах болно.
Иймээс гишүүд та бүхнийг 2018 оны жилийн уулзалтдаа идэвхтэй оролцож, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхийг урьж байна.