“Засгийн газрын 100 хоног”-т эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
“ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ”-Т ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
Бодлого төлөвлөлтийн хүрээнд
ЗГ-ын 1 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрээр “ДЦС-3”-ын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлж, цахилгаан дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, “ДЦС-4-н 1-4 дүгээр турбингенераторуудыг шинэчлэх” төслүүдийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан.
10 аймгийн / Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв / төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийг БНСУ-ын “Экспорт импорт” банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Төслийн ТЭЗҮ боловсруулах баг Монголд ажиллаж байна. Хоёр талын хамтарсан уулзалтууд амжилттай хийгдсэн ба төслийн эхний ээлжийг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Шинээр ашиглалтад хүлээн авсан эх үүсвэрийн төслүүд
2017.11.26. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт “Ньюком” ХХК болон Япон улсын “Софт Банк Энержи” корпорацийн хөрөнгө оруулалттай “Клин Энержи Ази” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 50 МВт-ын чадалтай салхин цахилгаан станц
2017.12.06. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эвридэй ферм” ХХК-ийн захиалгаар баригдсан 10 МВт-ын хүчин чадалтай “Моннаран” нарны цахилгаан станц
2017.12.25. “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн Дулааны цахилгаан станцад 4х12 МВт-ын хүчин чадал бүхий турбингенератор, ЦДАШ, дэд станцын барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулав.
Салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх хүрээнд
Засгийн газрын 2017.06.28-ны өдрийн ээлжит хуралдаанд 2017-2018 оны нүүрсний аюулгүй нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 12.2 тэрбум төгрөгийг ДЦС-уудад төсвийн зээл олгуулах, 2018 оны үйлдвэр, компаниудын 26.4 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсөвт тусгах, Багануурын ДС-ын техникийн ус хангамжийн ажилд шаардагдах 5.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгах зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлсэн.
Зарим аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Булганы дулааны станцын дутуу ажлыг гүйцээх, ажиллагаанд залгахад шаардлагатай 800 сая төгрөг, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн зуух №1-ийн шаталтын технологийг өөрчлөх ажилд 247.5 сая төгрөг, Дорноговь аймгийн дулааны станцад шинээр зуух суурилуулахад 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд
УБ хотын гэр хорооллын 180 мянга орчим айл өрх шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт, аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын тарифт тоолууртай нийт 170 орчим мянган айл өрх шөнийн тарифын 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж байна.
Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн агаарын бохирдолтой бүсэд байрлах Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 23 хорооны нийт 21.362 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломж бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай 4198 айл өрхийн цахилгаан хангамжийг шинээр шийдвэрлэх ажил хийгдэж байна. Цаашид нэмж нийслэлийн гэр хорооллын 19000 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломж бүрдүүлэх ажлыг 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Нийслэлийн агаарын чанарын I, II бүсэд байрлах 5 байршилд ажиллаж байсан бага, дунд чадлын 45 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг бүрэн хийж дуусгасан.
Амгалан дулааны станцын хотын сүлжээтэй холбогдох дулааны шугамыг өргөтгөх, халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын зураг төслийг УБДС ТӨХК-ийн хөрөнгөөр хийж, зураг төслийн дагуу дулааны шугамын өргөтгөл шинэчлэлийн ажлын 9 багц тендер 22.9 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр ЭХЯ-аас 2017.11.10-нд зарлагдаж, гүйцэтгэгч шалгарсан ба угсралтын ажил хийгдэж эхэлсэн. Эдгээр 9 багц ажил бүрэн хийгдсэнээр нийслэл хотод ажиллаж байгаа 105 халаалтын зуухыг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг жилд 11181 тн-оор, агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 512 тн-оор бууруулах ба 200-гаад барилгыг төвлөрсөн дулаанаар хангах боломж бүрдэнэ.
2018 онд нэмж I хорооллын арын зам дагуу байрлаж байгаа 50 гаруй үйлдвэр, үйлчилгээний газруудыг халаадаг 25 зуухыг төвлөрсөн дулаанд холбохоос Бичил VII хорооллын барилгажилтын дулаан хангамжийг шийдвэрлэхээр төлөвлөж байна.
2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд
ЭДЦС-ын үнсэн санг хоослох, даланг өндөрлөх, Дархан хот, Шарын гол сумын дулааны төв шугамыг өргөтгөн, шинэчлэх ажлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байна.
Эрчим хүчний салбарын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дулааны станц болон дулааны цахилгаан станцуудын нүүрс нөөцлөлтийн төлөвлөгөөг батлуулан Төвийн эрчим хүчний системийн дулааны цахилгаан станцуудын гаднах талбайд нүүрсний 20 хоногийн нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайнуудаас нүүрс ачих вагон хангалтыг хуваарийн дагуу тогтмол байлгах зохицуулалтыг “УБТЗ” ХНН-тэй хамтран зохион байгуулсан.
Багануур, Шивээ-Овоо, Шарын голын нүүрсний уурхайнуудын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг Эрчим хүчний салбарын нэгдсэн төлөвлөгөөнд нэгтгэн тусгуулж, биелэлтийг 95-99% хангуулан өвлийн их ачааллын үеийн үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавин ажиллаж байна.
Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх хүрээнд
Монголын Улсын Засгийн газрын 2017 оны 274 дүгээр тогтоолоор “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Эрчим хүчний яамнаас 2018 оныг “Эрчим хүч хэмнэлтийн жил” болгон зарлаж хийх ажлын төлөвлөгөөгөө гарган ажлаа эхлүүлээд байна.