УИХ,Засгийн газрын гишүүд Өмнөговь аймагт ажиллаа
2018.05.13

УИХ,Засгийн газрын гишүүд Өмнөговь аймагт ажиллаа

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ- ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар Өмнөговь аймгийн Гурван тэс суманд энэ сарын есний өдөр ажиллах үеэрээ тус сумын нутгийн иргэдтэй уулзсан юм.

Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар “Бид цаашид хөгжих ёстой. Өнөөдөр бид ойлголцож, нэгдсэн шийдэлд хүрээд, цалин тэтгэвэр, амьдарч байгаа орчин нөхцөл, цаашлаад улс орныхоо эдийн засгийг тэлж, уул уурхай дээрээ түшиглээд бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай байна. Одоо дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ таатай боломжийг бид алдаж болохгүй” гэлээ. Түүнчлэн салбарын сайд Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг дуулгаад, иргэдээс хувьцаагаа бусдад хямд үнээр заралгүй, хадгалж байхыг хүссэн юм.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэдийн зүгээс нүүрс тээвэрлэж байгаа 22 км замыг нэн даруй хатуу хүчилттай болгох, уул уурхайг хөгжүүлэхийн тулд нутгийн иргэдтэй нь ойртож ажиллах, нэг суманд олон лиценз өгсний заримыг цуцлуулах болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаар олон асуудлуудыг хөндлөө.  

УИХ, Засгийн газрын гишүүд иргэдээс ирсэн асуултуудад өөр өөрийн хариуцсан хэсгүүдийг хуваан авч, шуурхай хариулт өгөв. Тухайлбал, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ 22 км шороон замыг өнөөдөр Гурван тэс суманд нүүрс олборлон, экспортлож байгаа компаниудыг нийлээд даруйхан хатуу хучилттай болгохыг даалгав. Мөн цаашид замаа тавьж байж нүүрсээ тээвэрлэдэг байх шаардлагыг уул уурхай компаниудад тавихаа мэдэгдсэн юм.

БОАЖ-ийн сайд уул уурхайг ашиглаад буцаагаад нөхөн сэргээхдээ тухайн нутгийн онцлогт тохирсон ургамал, мод тарьдаг сайн туршлага Гурван тэсээс 100 гаруй км-ийн цаана буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутагт хэрэгжсэн байхтай очиж танилцсанаа хэлээд, нөхөн сэргээлтийн эл туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй талаар онцоллоо.

Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энхболд, Н.Амарзаяа нар хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, нийгмийн халамж зэрэг олон тулгамдсан асуултуудад уулзалтын үеэр хариулт өгч ажиллав.